М.Шарапова дөрөвдүгээр тойргоос хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.01-нд нийтлэгдсэн

М.Шарапова дөрөвдүгээр тойргоос хасагдлаа

-ОХУ-ын Мария Шарапова, Макарова нар хожигдсоноор шөвгийн наймд хойд хөршийн нэг ч теннисчин шалгарсангүй-

Талбайн теннисний дөрвөн “Их дуулга”-ын нэг болох Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос” Парис хотноо найм дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шөвгийн наймын теннисчид эхнээсээ тодорч эхэллээ. Энэ жил аваргаа хамгаалахаар тоглосон ОХУ-ын теннисчин Мария Шарапова “Ролан Гаррос”-ыг дөрөвдүгээр тойргоос өндөрлүүллээ. Тэрээр даваа гаригт шөвгийн наймд тоглох эрхийн төлөө Чехийн Лусие Сафароватай өрсөлдсөн ч 6:7 (3:7), 4:6-аар хожигдож, тэмцээнээ дуусгалаа. Тус тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн Мария Шарапова эхний гурван тойрогт өрсөлдөгчөө хоёр үеийн турш буулган авч байсан бөгөөд дөрөвдүгээр тойрогт Сафароватай учраа таарсан ч дийлсэнгүй.

“Ромд түрүүлсэн минь Парист аваргаа хамгаалах боломж байгааг харуулж байна.” гэж тэмцээний өмнө хэлж байсан Шарапова энэ жилийг дөрөвдүгээр тойргоос өндөрлүүллээ. Тэрээр “Ролан Гаррос”-т 2012, 2014 онуудад түрүүлж байсан юм.

Тус тэмцээнд 13-т эрэмбэлэгдсэн Чехийн Л.Сафарова.

Мария Шараповаг хожсон Чехийн Сафарова(13) шөвгийн наймд Испанийн Г.Мугуризатай оноолт таарчээ. Мөн Сербийн Ана Иванович(7), Украины Елина Свитолина(19) нар өрсөлдөгчөө хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Одоогоор топ 10 теннисчнээс ганцхан Сербийн Ана Иванович л шөвгийн наймд үлдээд байна. “Ролан Гаррос”-ын 2008 оны аварга Ана Иванович дөрөвдүгээр тойрогт ОХУ-ын Е.Макароваг хожсоноор хойд хөршийн нэг ч теннисчин шөвгийн наймд шалгарсангүй.

Өнөө шөнө эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын дээд хэсгийн шөвгийн 16-н тоглолтууд болж, шилдэг найман теннисчин бүрэн тодрох юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж