АНУ, Иран: Дайныг хүсэхгүй байгаа ч дайнд бэлэн

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

АНУ, Иран: Дайныг хүсэхгүй байгаа ч дайнд бэлэн

АНУ, Иран: Дайныг хүсэхгүй байгаа ч дайнд бэлэн

Сүүлийн хэдэн өдрүүдэд удаан хугацаанд бие биедээ дайсагнаж ирсэн ч хэсэг хугацаанд намжмал байдал байсан АНУ-Ираны зөрчил ширүүсч, дайн хийх үгүйдээ тулаад байна. Хэдийгээр хэн хэн нь дайныг хүсэхгүй байгаа гэж мэдэгдэж байгаа ч дайнд бэлэн гэдгээ харуулахыг хүсч байгаа бололтой. Магадгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн хамгийн ойрын хоёр шадар хүн нь Ираны эсрэг хатуу үзэл бодолтой хүмүүс байгаа нь байдлыг хурцдуулж байна гэж үзэж буй хүмүүс ч байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар нь хэзээд Ираны дэглэмийн эсрэг сөрөн зогсдог гэдгээрээ алдартай хүмүүс юм.

ЧУХАМ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?

АНУ болон Ираны байдал тавдугаар сарын 5-ны өдрөөс буюу АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Ираны талаас удаа дараа заналхийлсэн алхам хийсний хариу болгож Персийн буланд өөрсдийн бөмбөгдөгч онгоцыг байрлуулж байна гэж зарласнаас эхлэн хурцдаж эхэлсэн юм. Жон Болтон өөрийн энэхүү үйлдлээ “Хэдий дайн хүсэхгүй байгаа ч Ираны талын ямар ч хүчтэй эсэргүүцлийн эсрэг АНУ болон түүний холбоотнууд сөрөн зогсох хангалттай хүчин чадал бий, гэнэтийн нөхцөл байдалд бэлэн гэдгийг харуулах зорилготой” хэмээн тайлбарласан.

Майк Помпео, Жон Болтон

Тухайн үед тагнуулын байгууллагынхан тодорхой мэдээлэл өгөхгүй байсан сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал илүү тодорхой болж ирсэн. Иран улс Сири, Иракд байгаа АНУ-ын цэргүүдийг гол байгаа болгож тэр ч байтугай Йемены ойролцоох тэнгисийн цэргийхний дээгүүр дрон нисгэсэн гэсэн мэдээлэл гарсан. Мөн Ираны талаас АНУ-ын тэнгисийн хөлгүүд рүү далавчит пуужин хөөргөсөн зэрэг мэдээллүүд нь АНУ-ыг сонор сэрэмжээ дээшлүүлэхийг шаардсан.

Гэхдээ тагнуулынхны мэдээллүүд хоорондоо зөрөлдөж байгаа. Зарим нь дээрхээс эсрэгээрээ буюу Жон Болтон түгшүүрийг улам нэмэгдүүлсэн гэж үзэж байна. Маргаангүй нэг зүйл бол АНУ-ын хариу үйлдэл хоёр улсын зөрчилдөөнийг улам хурцатгасан юм. Жон Болтоны мэдэгдлээс гурван хоногийн дараа буюу тавдугаар сарын 8-ны өдөр Ираны Ерөнхийлөгч Хасан Рохани 60 хоногийн дотор Иранд санхүүгийн туслалцаа үзүүлэхгүй бол 2015 оны цөмийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхээ зогсооно хэмээн Европын холбооныхонд мэдэгдсэн байна. Хасан Рохани өөрийн мэдэгдлээ “Бидний сонгож буй арга зам бол дайны арга зам биш дипломат арга зам юм” хэмээн тайлбарлав.

Хасан Рохани мэдэгдлээс хэд хоногийн дараа Ормузын хоолойд байрлаж байсан Саудын Араб болон Арабын нэгдсэн Эмират улсын газрын тос тээвэрлэгч дөрвөн онгоц халдлагад өртсөн. Эдгээр улсууд нь аль аль нь АНУ-ын холбоотон улсууд билээ. АНУ-ын талаас энэхүү халдлагыг Иран болон тэдний холбоотнууд үйлдсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч яг тодорхой нотлох баримт дурдаж чадаагүй. Иран улс мэдээж уг мэдэгдлийг эрс няцаасан боловч ердөө нэг хоногийн дараа Йемен дэх Ираныг дэмжигч Хаути босогчид Саудын Арабын газрын тос дамжуулах хоолойг сүйтгэжээ.

Тэгээд удалгүй Ираны зэвсэгт хүчний удирдагчдынг нэг улсынхаа цэргүүдийг дайнд бэлтгэхийг тушаасан. АНУ ч Багдад дахь Элчин сайдын яамны ажилтнууд болон Ираны Курдуудын төв болох Эрбиль дэх консулын ажилтнуудаа татаж эхэлсэн. Дональд Трампын засаг захиргаа Ойрхи Дорнодод пуужин эсэргүүцэгч төхөөрөмжүүд байрлуулж, цэргийн хүчээ зузаатгаж байна.

Аль аль нь энэ асуудалд маш нухацтай, хүлээцтэй хандахгүй бол нөхцөл байдал маш эгзэгтэй үе дээр ирээд байна. Хоёр улсын  хяналтаас гадуурх тэднийг дэмжигч янз бүрийн бүлэглэлүүд байдлыг улам аюултай болгож байгаа нь харагдаж байгаа юм. Ямартай ч хоёр улсын зөрчилдөөн улам ширүүсч санаа зовоосон асуудлууд нэмэгдэж байгаа ба зөрчилдөгч талууд энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах нь тодорхойгүй байна.

ХОЁР УЛСЫН ЗӨРЧИЛ ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭСЭН БЭ?

Иран улс нь 1979 оны исламын хувьсгалаар хаант засгаа түлхэн зайлуулж, исламын шашны хэт үзэл бүхий улс болон хувирсан. Хувьсгалын дараагаас АНУ-тай харилцаагаа эрс муутгасан Иран улс 1979-1988 оны хооронд Ирак улстай дайтсан бөгөөд хэн хэн нь ялалт байгуулж чадалгүй дайн зогссон түүхтэй. Тухайн үед АНУ нь Иракийг дэмжин зэвсэг санхүүгээр тусалж байсан гэдэг. Энэ өдрөөс эхлэн АНУ, Иран хоёрын  харилцаа хурцаар хөндөгдөж эхэлсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанит ажлын үеэсээ эхлэн АНУ-д ашиггүй бүхий л гэрээ, хэлэлцээрээс гарна хэмээн хэлж байсан билээ. Түүний ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан олон гэрээ хэлэлцээрийн нэг нь 2015 онд байгуулагдсан “Ираны цөмийн хэлэлцээр” байсан юм. Энэ гэрээ хэлэлцээрийн гол зорилго нь цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх Ираны боломжийг хязгаарлахад байсан бол Ираны зүгээс өндөр түвшинд баяжуулсан уранаа хорогдуулж, дахин уран баяжуулахгүй байх замаар цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэх баталгааг их гүрнүүдэд өгөхөд оршиж байв.

2015 онд энэхүү хэлэлцээр байгуулагдах үед олон улсын цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчид, хэлэлцээрт оролцогч улс орнууд тэр дундаа тухайн үеийн АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама цөмийн зэвсэг хураах чиглэлд гарсан түүхэн, чухал ач холбогдолтой гэрээ хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Уг гэрээнд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй таван орон болох ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Их Британи болон ХБНГУ зэрэг улсууд оролцсон юм.

Гэвч 2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дээрх гэрээг Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах бус харин ч эсрэгээрээ терроризмыг санхүүжүүлэхэд нь Тегеранд тусласан, АНУ-д ямар ч ашиггүй маш муу гэрээ гэж үзэж байгаагаа илэрхийлээд гэрээнээс гарахаа албан ёсоор зарласан. Ингээд Ираны эсрэг цуцлагдаад байсан хоригууд шат дараатайгаар дахин сэргэж эхэлсэн билээ.

АНУ БОЛОН ИРАНЫ ТҮҮХЭН ДЭХ “ХАР ӨДРҮҮД”

АНУ болон Иран улсуудын бие биеийнхээ эсрэг чиглэсэн бүх шийдвэр, дайралтууд “арван нэгдүгээр сарын 5”-ны өдөр тохиодог байсан нь сонирхолтой. Учир нь 1979 оны арваннэгдүгээр сарын 5–ны өдөр Иранд АНУ-ын Элчин сайдын яам байгуулагдсан бөгөөд уурлаж бухимдсан Иранчууд АНУ-ын Элчин сайдын яамны өмнө төрийн далбааг нь шатаасан байна. Иранчууд энэ өдрийг “Хар өдөр” хэмээн нэрлэдэг гэнэ.

1980 оны арваннэгдүгээр сарын 5.Ираны дунд сургуулийн хүүхдүүд АНУ-ын төрийн далбааг урав.

1981 оны арваннэгдүгээр сарын 5.Ираны хэт шашны үзэлтэй гэгддэг “Махир” охидын сургуулийн сурагчид АНУ-ын төрийн далбаа дээр гишгэлэв.

1982 оны арваннэгдүгээр сарын 5.Ираны залуусын котолин гудамжинд АНУ-аас сэрэмжлүүлсэн “Ар талаа сайн хар, ард чинь Америк зогсч байна”гэсэн утгатай үгсийг бичжээ.

1989 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны хэсэг залуус АНУ-ын Элчин сайдын яамыг хаахыг хүсч гурван хоногийн турш өлсгөлөн зарлав.

1999 оны арваннэгдүгээр сарын 5. Ираны худалдааны төвүүдээр АНУ-ын төрийн далбааг газарт дэвсжээ.

2009 оны арваннэгдүгээр сарын 5. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама Иран-АНУ хоёр улс нэг шугамд явах учиртай гэж мэдэгдэл гаргаснаас болж, түүний зургийг цовдолжээ.

2018 оны 11 дүгээр сарын 5. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн үед цуцлаад байсан Ираны эсрэг бүх хоригийг дахин сэргээж хэрэгжүүлж эхлэв. Үүнийг эсэргүүцсэн Ираны иргэд хуучин АНУ-ын Элчин сайдын яамны өмнө 100 ам.долларын дэвсгэртийн зургийг томоор хэвлэн дэвсэж дээр нь Дональд Трампыг дүрсэлсэн мануухайг байрлуулсан байна. Удалгүй Дональд Трампын мануухайг шатааж эхлэв. Түүний хажууханд АНУ-ын мөнгөн тэмдэгтийг мөн шатааж, 100 ам.долларын дэвсгэртийн зураг бүхий хулдаасан хэвлэл дээр гишгэлж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж