Түгжрэлд зогсож цагаа алдахгүй, хурдан шуурхай, гурван чиглэлд богино эргэлтээр явдаг экспресс автобус энэ Даваа гаригаас иргэдэд үйлчилж эхэллээ. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Х.Булгаагийн мэдээлснээр экспресс автобус нь энгийн автобустай харьцуулахад таны цагийг 10-15 минут хэмнэх аж. Ингэхдээ экспресс автобус нь зөвхөн тогтоосон автобусны буудалд зогсох бөгөөд энгийн автобустай харьцуулахад нэг эргэлтдээ дунджаар 40-45 минут зарцуулах аж. Үүний дагуу бид Хөгжим бүжгийн автобусны буудал дээр үдийн 14.00 цагийн үед очлоо.
Өдрийн наранд автобусны буудал дээр сүүдэр бараадан суусан иргэд олон байлаа. Тэдний нэг болох М.Батбаяр “Автобусны чиглэлийг өөрчилснөөр түгжрэл буурахгүй болов уу. Экпресс автобусанд сууснаар цаг хэмнэх нь юу бол. Замын ачааллаа бодохоор түгжрэлтэй үед ялгаагүй байх” хэмээн ярилаа. Харин зарим иргэд экспресс автобусны талаар мэдээлэл аваагүй гэдгээ ч нуусангүй. Бид 15 минут хүлээсний эцэст Таван шар-Хөгжим бүжиг чиглэлийн экспресс автобус ирлээ. Тус автобус үдийн цаг гэхэд зорчигч олонтой харагдлаа. Экспресс автобус нь гурван чиглэлд явах аж.
ЭКСПРЕСС 1 ЧИГЛЭЛ: “ТАВАН ШАР-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМ”
Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд Таван шар, Хархорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.
ЭКСПРЕСС 2 ЧИГЛЭЛ: “5 ШАР-БӨМБӨГӨР-ХӨГЖИМ БҮЖИГ”
Тус чиглэл нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд Таван шар, 32-р байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд зогсч үйлчилнэ.
Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их зорчилт эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.
ЭКСПРЕСС 3 ЧИГЛЭЛ: “ЗУНЖИН-7 БУУДАЛ-АРД КИНО ТЕАТР-ТЭЦ3”
Босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх чиглэл нь 7 буудал, 17-р сургууль, 32-ын тойрог, Хүнсний 4 дүгээр дэлгүүр, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогсоолд зогсч үйлчилнэ.
Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах боломжтой. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулагддаг хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасах аж.
Экспресс автобусны үйлчилгээний талаар НТҮГ-ын дарга Х.Булгаатай цөөн хором ярилцлаа.
-Даваа гаригаас эхэлж экспресс автобус үйлчилгээнд нэвтэрлээ. Цөөн автобусны буудалд зогссоноор иргэдийн цагийг хэмнэнэ гэв үү?
-Экспресс автобус гэхээр иргэд хурдан автобус бий боллоо гэж бодох байх. Уг автобус нь хамгийн их зорчигч урсгалтай Энхтайваны өргөн чөлөө Самбуугийн гудамж, Тэнгис, Багшийн дээд болон долоон буудлаас ТЭЦ-3 гэсэн зорчигч урсгалтай чиглэлүүд хурдан шуурхай явуулах үүднээс нээсэн. Хурдан явна гэхээр автобусны хаазыг өндөр гишгээд явахдаа гол нь биш. Ердийн автобус үйлчилгээ бүх буудал дээр зогсдог бол экспресс чиглэл бол тогтоосон буудалд, дамжин суух цэгүүдэд зогсдог онцлогтой.
Иргэд таван шараас зүүн дөрвөн зам хүртэлх чиглэлээс цаашаа офицер руу яагаад явуулж болоогүй гэдгийг асууж магадгүй. Улаанбаатар хотод 2015 онд смарт карт нэвтэрч, 2017 онд бид 100 хувь ухаалаг системд шилжсэн. Ингэснээрээ хүмүүс аль буудалд хүмүүс хамгийн их бууж байгаа талаарх дата төвлөрч эхэлсэн. Тэгэхээр бид энэ датанд үндэслэн дийлэнх хэсэг нь таван шараас зүүн дөрвөн зам чиглэлд явдаг болохыг харж болно.
Өөрөөр хэлбэл бүх автобусны буудалд зогсохгүйгээр гол гэсэн буудалд зогсч, дамжин суулт хийх онцлогтой. Тавдугаар сарын 18-ны өдөр Таван шар-Зүүн дөрвөн зам чиглэлд 821 хүн зорчсон байна. Харин Таван шараас-Бөмбөгөр худалдааны төв чиглэлд 1000 гаруй хүн зорчсон бол Зунжин худалдааны төв- ТЭЦ-3 чиглэлд 1165 хүн зорчсон байсан. Нийтдээ нэг өдөрт 3500 гаруй хүн үйлчүүлсэн нь сайн үзүүлэлт. Нийслэл хотод нийтийн тээврийн 90 чиглэл байдаг. Цаашид бид судалгаа хийж, чиглэлийг нэмэгдүүлэхээр ажиллана.
-Экспресс автобус нь нэг чиглэлд эргэлт хийхдээ хэчнээн минутыг зарцуулж байна вэ?
-Таван шараас Зүүн дөрвөн зам чиглэлд бид эхний автобусыг 06.55 цагт явуулсан. Ирэх сарын нэгнээс төрийн албан хаагчдын ажлын цаг 08.00 эхэлж байгаа учир энэ бүгдийг тооцоолоод нэлээн эрт эхлүүлж байгаа. Дунджаар 40-45 минутанд нэг талдаа явжээ. Энгийн автобус буудал дээр 2-3 минутыг зарцуулдаг. Ингээд бодоход таван буудал алгаслаа гэж бодоход 10-15 минут хэмнэх байх. Нөгөө талдаа бид хурдан явах хэрэгтэй гээд шахах бус хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь чухал.
-Нийт хэчнээн автобус үйлчилгээнд явж байна вэ?
-Нийт есөн автобус үйлчилгээнд явж байна.
-Цаашид автобусны тоог нэмэх бололцоо бий юу? Нэг талдаа хэчнээн минут автобус хүлээх юм бол?
-Ер нь 15 минутын дотор автобус ирэх ёстой гэж тооцоолж байна. Гэхдээ замын ачааллаас болоод зарим үед 20 минут хүлээх үе бий. Бид нар үйлчилгээгээ дөнгөж эхэлж байна. Тиймээс сайн судлаад, зогсоолоо нэмэх, автобусны тоогоо нэмэх талаар цаашдаа ажиллана. Цаашдаа хотын төвөөс гадагшаа гарсан чиглэлд экспресс автобусыг нэмэгдүүлнэ. Ингэснээр иргэд маань хурдан шуурхай хүрэх газартаа хүрнэ. Нийтийн тээвэр хурдан байх зарчмыг нэвтрүүлж чадвал иргэд маань түгжрэлд цаг алдахгүй.
Экспресс автобусны үйлчилгээний талаар иргэдийн байр суурийг сонслоо.
Э.АРИУН
Холбоотой мэдээ