"Холливудын найруулагч "Чингисийн хүүхдүүд 2″ киног найруулна"

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

"Холливудын найруулагч "Чингисийн хүүхдүүд 2″ киног найруулна"

"Холливудын найруулагч "Чингисийн хүүхдүүд 2″ киног найруулна"

АНУ-ын продюсерийн холбооны гишүүн, Монгол улсын соёлын элч Д.Ангарагтай ярилцлаа. Тэрбээр саяхан “АНУ дахь Монголын соёлын элч”-ээр томилогдсон билээ. “Бодлын хулгайч", "Ану хатан" зэрэг кинонд зураглаачаар ажиллаж байсан тэрбээр сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын кинонуудад продюсерээр ажиллаж, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж буй нэгэн.


-Монгол малчин болох хүсэлтэй хүүгийн тухай өгүүлэх Холливудын кино нээлтээ хийх гэж байгааг хэвлэлийнхэн онцолж байна. Таны хувьд энэ киноны зургийн найруулагчаар ажилласан гэсэн үү?

-“Burn your maps” киноны зургийн найруулагчаар ажилласан, АНУ-ын кино найруулагчдын холбооны гишүүн Жон Бэльй надад анх энэ киноны талаар хэлж, холбогдсон юм. Уг санааг би Монголын Гадаад харилцааны яаманд уламжилж, яамны зүгээс дэмжлэг үзүүлсэн. Мөн миний зүгээс энэ киноны бүх харилцаа холбоог тогтооход нь хамтран ажиллаа. Харин кино үйлдвэрлэлд оролцоогүй ээ.

-Энэ киноны гол дүрд алдартай “The Room” киноны жүжигчин хүү Жэйкоб Трамбле тогложээ. Гол дүрийн жүжигчин Монголын талаар ямар сэтгэгдэлтэй буцсан бол?

-Гол дүрд тоглосон хүү Монгол орны талаар бага ч гэсэн ойлголттой болоод буцсан гэж сонссон.

-Киноны зураг авалтын ихэнх хэсгийг гадаадад авсан гэж дуулсан. Монголд аль аймагт хэр хугацаанд зураг авсан бэ?

-Холливудын алдарт найруулагч Жордан Робертсийн бүтээл "Burn your maps" киноны зураг авалтыг АНУ-ын Калифорни мужид хийсэн. Мөн нийт зураг авалтын 20 орчим хувийг Монголд хийсэн. Кино багийнхан Монголд цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр очиж, 10 хоног орчим зураг авалтаа хийгээд буцсан.

-Уг кинонд Холливудын оддоос гадна монгол уран бүтээлч тоглосон уу?

-"Burn your maps" кинонд монголын үзэгчдийн сайн мэдэх "The Conjuring", "Bates Motel" киногоор танил болсон Вера Фармига болон “The Equalizer”, “Aeonflux” зэрэг киногоороо алдартай Мартон Чокаш нарын алдартай уран бүтээлчид тоглосон. Мөн Холливудад карьер нь өсөж яваа жүжигчид нэлээд тоглосон байгаа. Уг киноны төсвийн хувьд ч гэсэн боломжийн төсвөөр боссон. Монголоос 10 орчим хүмүүс туслах дүрд тоглосон. Энэ киноны хувьд үйл явдлын багахан хэсгийг л Монголд хийсэн байгаа. Кино нээлтээ хийсний дараа Монгол Улсыг хэр хэмжээнд сурталчилсан гэдэг нь харагдах байх. Киноны нээлтийг угтуулж Монголд бас арга хэмжээ зохион байгуулахаар продюсерууд нь надтай холбогдоод байна. Монголд хийх нээлт одоогоор ярианы түвшинд байгаа. Маргааш /2019.05.22/ надтай “Warner Bros” компанийн мэргэжилтэн уулзаж, санал солилцоно.

-“Чингисийн хүүхдүүд” кино нийт 11 фестивальд оролцож, дөрвөн том шагнал авсан гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой бүтээсэн. Анх 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн нэг жил найман сарын хугацаанд нийт нэг тэрбум 900 сая төгрөгийн төсвийг зарцуулан амжилттай бүтээсэн. Мөн дэлхийд АНУ, Канад, БНХАУ, Солонгос, Итали, Испани, Франц, Герман, Орос, Иран зэрэг олон улсын болон Монголын үзэгчдийн хүртээл болсон байгаа. Өнгөрсөн 2017 оны гуравдугаар сарын 23-ны ѳдѳр АНУ-ын Кино ассоциациас /Motion Picture Association of America/ АНУ-ын нутаг дэвсгэр дээр гаргах лиценз буюу бүх насны ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино. "Чингисийн Хүүхдүүд” уран сайхны кино нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах томоохон бүтээл болсон. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 27-нд Женев дэхь НҮБ-ын тѳв байранд Монгол Улсыг тѳлѳѳлѳн гишүүн орнуудын мэлмийг баясгаж сонорыг мялаах анхны Монголын уран сайхны кино болж байсан юм.

 -Тун завгүй ажиллаж байгааг тань дуулсан. Таны одоо ажиллаж буй кино төслийг сонирхож болох уу.?

-Одоо Японы хөрөнгө оруулагчидтай хамтран “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хоёрдугаар ангийг хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Киноны зураг авалт энэ оны наймдугаар сарын сүүлчээр хийгдэхээр төлөвлөсөн. Одоо Японы талын хөрөнгө оруулагч, продюсер, АНУ-ын продюсерууд Каннын кино наадамд очиж ажиллаж байна. Дараа жил Каннын кино наадмаар нээлтээ хийхээр төлөвлөсөн. Харин киноны албан ёсны дэлхийн нээлт 2020 оны наймдугаар сард Токио хотын Олимпийн үеэр Япон улсад болно. Одоогоор киноны зохиол дээр Монгол, Японы уран бүтээлчид хамтран ажиллаж байна. “Чингисийн хүүхдүүд” киноны хоёрдугаар ангийн найруулагчаар “Сүүлчийн самурай”,  “Карибын тэнгисийн дээрэмчин”, киног найруулсан алдарт найруулагч Роб Маршал ажиллахаар яригдаж байгаа. Харин гол дүрийн хувьд “Сүүлчийн самурай”, “Трансформерс” зэрэг кинонд тоглож байсан Японы алдартай жүжигчин Ken Watanbe-г тоглуулахаар ярьж байгаа. Харин Монголын талаас жүжигчдээ хараахан сонгон шалгаруулаагүй байгаа. Энэ кино ч гэсэн дэлхий дахинаа гарсны дараагаар Монгол Улсыг гадаадад сурталчилж чадсан том бүтээлүүдийн нэг болно.

-Таныг "Америк дахь Монголын соёлын элч"-ээр ажиллах болсон гэж сонссон. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайдын 2018 оны А/70 тоот тушаалаар Монгол Улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсыг соёл урлагаар дамжуулан гадаадад сурталчлах, контент, тѳсѳл хѳтѳлбѳрүүдийг хэрэгжүүлэхэд гүүр болно хэмээн найдаж Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа соёлын элчээр томилогдсон. Уг батламжаа 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяраас хүлээг авсан юм.

БИ Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол кино, дүрслэх урлаг, театр, хѳгжмийн бүтээлүүдийг олон улсад түгээн сурталчлах, баримтат болон уран сайхны кино тѳсѳл хэрэгжүүлэх, Монголын кино ѳдѳрлѳг, язгуур урлагийн болон мэргэжлийн урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үйл ажиллагаа, олон улсын уран бүтээлчидтэй хамтран сургалт семинар зохион байгуулах зэрэг ажлуудыг холбогдох яамд болон Монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд, соёл урлагийн чиглэлийн их сургуулиудтай хамтран шат дараалалтай хэрэгжүүлэхээр тѳлѳвлѳж байна.

-Гэр бүл нь хамт АНУ-д байгаа юу. Бүл нэмсэн үү?

-Гэр бүлээрээ одоо АНУ-ын Лос Анжелис хотноо суурин амьдарч байна Манайх бүл нэмээд дөрвөн хүүхэдтэй болсон. Одоо манайх гэдэг айл гурван хүү нэг охинтой.

Аавын тань талаар ярихгүй байхын аргагүй. Морин хуурын чуулгыг үндэслэгч, ардын жүжигчин Ц.Батчулууны агсны нэрэмжит төсөл хэрэгжүүлэх үү?  

-Миний хувьд одоо яг нэг том төсөл дээр ажиллаж байна. Монгол Улсын Морин хуурын чуулгыг 2020 оны тавдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээр нь Хойд Америкт албан ёсны аялан тоглолт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод ажиллаж байна. Энэ аялан тоглолтыг Монгол Улсын филармонийн АНУ дахь төлөөлөгч Б.Эрдэнэ-Оюун санаачилж, хамтран зохион байгуулагчаар Монголын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын филармони, н.Галбадрах захиралтай” United Mongolia” компани, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Хуурчинхан” сургалтын төв болон миний бие хамтран зохион байгуулна. Хойд Америкийн найман том мужийн төрийн концертын танхимд тоглоно. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Уг тоглолт нь Монгол Улсыг соёл урлагаар дамжуулан гадаадад сурталчлах томоохон аялан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Мөн "Тurkish Airlines" компани дэмжиж ажиллахаар ярилцаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж