МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн шоу "хийнэ"

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн шоу "хийнэ"

МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн шоу "хийнэ"

Сүүлийн 10 гаруй жил парламентад суусан улстөрчдийн болон улс төрийн намуудын хамгийн их хүсэмжилсэн зүйл бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Мөн хууль гадарладаг гишүүн бүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулан, санаачилж байлаа. Харин энэ удаад олонх буюу 65-н суудалтай МАН өнгөрсөн хугацаанд боловсруулагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг “сорчлох” байдлаар өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Ингэхдээ УИХ-ын Дэгийн тухай хуульд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэг шинэ бүлэг нэмж оруулж байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Я.Содбаатар нарын гишүүд маш даруухнаар өргөн барьж, ногоон гэрлээр батлуулахаар УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр /2019.05.21/ хэлэлцүүлэв. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учраас маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ний өдөр баталсан байдаг. Энэ хуульд 2015, 2016, 2017 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

ҮНДСЭН ХУУЛИЙГ ИЙМ ДЭГЭЭР ХЭЛЭЛЦЭНЭ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэгдэж буй онцлох заалт, өөрчлөлтүүдийг хүргэж байна. 

-Байнгын хорооны хуралдааны ирцийг сайжруулах зорилгоор заалт оруулсан бөгөөд 19 гишүүнээс 10 нь оролцож байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр тусгажээ.

  • Байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр ирцтэй гэж үзнэ.
  • Байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэх зарчмын зөрүүтэй санал, санал хураалт бүхэн нийт гишүүдийн дөрөвний гурвын саналаар дэмжигдсэнд тооцогдоно.

-Чуулганы хуралдааныг долоо хоногийн хоёр өдөр биш, шаардлагатай тохиолдолд долоо хоногийн аль ч өдөр хуралдуулж болох заалт оруулжээ. Мөн нам, эвслийн хуралдаанаас бусад өдөр чуулганыг хуралдуулж болох заалт оруулжээ.

  • 24.3.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэхэд энэ хуулийн 4.1, 4.3 дахь хэсэг хамаарахгүй.

УИХ-ын Дэгийн тухай хуульд Үндсэн хууль хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн тус бүр 10 минут үг хэлж, асуулт, тодруулга авахаар шинээр өөрчлөлт оруулж буй.

-Энгийн үед байнгын хороо, чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн 4 минут, нэмэлт хоёр минутаар асуулт, тодруулга авдаг бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэх үед нийтдээ 10 минут байхаар тусгажээ.

  • 241.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүний асуулт асуух хугацаа 8 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, гишүүний асуултад хариулах хугацаа 8 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 2 минутаас илүүгүй, гишүүн үг хэлэх хугацаа 10 минутаас илүүгүй, Байнгын хороо, нам, эвслийн бүлэг санал, дүгнэлтээ танилцуулах хугацаа 20 минутаас илүүгүй байна.

-Үндсэн хууль хэлэлцэх үед өөр асуудал хэлэлцэх боломжгүй байсан бол энэ удаад УИХ-аас батлах хугацааг нь тусгайлан заасан хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэж болох аж.

  • 241.7.Хуулиар Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно.

-Гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураана гэсэн заалттай. Энэ удаагийн өөрчлөлтөөр зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болохоор тусгажээ.  Ингэхдээ хоёр удаа нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй санал дэмжлэг авсан бол саналыг дэмжигдсэн санал гэж үзнэ.

-Хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэхдээ дараах дүгнэлт гаргахыг хориглоно.

  •  төсөлд тусгагдаагүй зүйлд өөрчлөлт оруулах;
  • төсөлд тусгагдаагүй хэсэгт өөрчлөлт оруулах;
  • төсөлд тусгагдаагүй заалтад өөрчлөлт оруулах;
  • төсөлд зүйл, хэсэг, заалт нэмэх;
  • төсөлд эшилсэн зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт оруулах.

-Төслийн нэг зүйл, хэсэг, заалтын талаар хоёр буюу түүнээс дээш саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа зэрэгцээ саналыг танилцуулж санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож санал хураалт явуулахгүй.

-УИХ-ын гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай бол заавал УИХ-ын даргад  урьдчилан мэдэгдэж, чөлөө авна.

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА

Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл журмыг мөн нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд ард нийтийн санал асуулгыг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар ард нийтийн санал асуулгад оруулах эхийг батлах санал өгсөн бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцох юм. Ингэхдээ ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсний дараа санал асуулгад оруулах эхийг батлах юм.

Ард нийтийн санал асуулгыг Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулах бөгөөд Үндсэн хуулийн эхийг сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцож, тэдгээрийн олонх зөвшөөрсөн бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанд тооцох юм. Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуулийг хүчин төгөлдөр болсонд тооцсоноос хойш ажлын хоёр өдрийн дотор УИХ-ын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна.

ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААЛТ: УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

  • 22.9 “Гишүүн зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой горимын санал гаргах хүсэлт тавьж болох бөгөөд хуралдаан даргалагч горимын саналыг сонсож түүгээр санал хураалгана” гэсэн заалт
  • 4.8.Гишүүн хүндэтгэх шалтгаанаар хуралдаанд ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж чөлөө авна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж