МАН-ын Хяналтын хорооны дарга намын удирдлагуудаа "эзгүйчилж" гаргасан шийдвэр нь МАН дотор дахин маргаан дэгдээв. Ерөнхий сайд, МАН-ын дарга, намын генсек нар орон нутагт ажиллаж байх хугацаанд намын Хяналтын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-очир нарт намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүний эрхэд намын хяналтын байгууллага халдлаа хэмээн үзсэн. Хяналтын хорооны зүгээс энэхүү шийдвэрээсээ буцахгүй, Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлнэ гэж тас гүрийсэн. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх Хяналтын хорооны шийдвэрийг мэдэхгүй хэмээн “гүрийж” Удирдах зөвлөлөө хуралдуулж, Хяналтын хорооны шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Намаасаа "хөөгдөх" дөхсөн хоёр гишүүний хувьд энэхүү шийдвэрийг тойрог булаах гэсэн оролдлого хэмээн шүүмжилсэн юм. Энэ удаагийн VS буландаа МАН-ын хоёр өөр шийдвэрийг хүргэж байна.
Д.Батбаатар
МАН-ын Хяналтын хорооны дарга
-МАН-ын Хяналтын хороо тавдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг асуудалтай нь холбогдуулан түүнд таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байсан. Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзэн мөн намаас таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй гэдэг шийдвэрийг гаргасан.Ингэхдээ таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн ойлголт юм. Тус шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд үүрэг болгосон.
У.Хүрэлсүх:
МАН-ын дарга:
-Харин энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг тавдугаар сарын 17-нд хуралдаж, Хяналтын хорооны шийдвэрийг эсэргүүцэж, гишүүд ч шүүмжлэлтэй хандсан юм. Харин МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар гаргасан шийдвэртээ “үнэнч” байна хэмээн гүрийсэн учраас ийнхүү бүлгийн хурлын дараа МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдсан. Удирдах зөвлөлийн хуралдаан оролцсон гишүүдийн олонх хяналтын хорооны шийдвэрийг хүлээж авах боломжгүй, Хяналтын хороо шийдвэрээ эргэн харах шаардлагатай хэмээн үзсэн юм. Ийнхүү Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намын даргадаа намаасаа гарах өргөдлөө өгсөн юм. Гэвч намын дарга У.Хүрэлсүх “Энэ өргөдлийг чинь би хүлээж авахгүй, гэхдээ хадгалж байя. Ш.Раднаасэдээ намаас гарна гэсэн зүйл байхгүй, байж бай” гэсэн хариу өгчээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ