Махаа хангалттай нөөцлөөгүйгээс хомсдол үүсчээ
Монголчуудын амьжиргааны түвшинг илтгэх бүх үндсэн үзүүлэлт уруудаж, мах, шатахуун, цахилгаан, ус түлээ гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эсрэгээрээ өсөв. Өрхийн хэрэглээний зардал дахь хүнсний бүлгийн хамгийн их дүнг мах, махан бүтээгдэхүүн эзэлдэг. Гэтэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17, ямааны мах 28, үхрийн мах 14, адууны мах 11 хувиар тус тус өсөөд буйг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. Салбарын сайд үнийн өсөлтийн талаарх мэдээг чадах хэмжээндээ тултал нь дарж хэлсэн нь энэ шүү дээ.
Хөндлөнгийн хүн хэлэхээс нааш зүдэрч яваагаа мэдэрдэггүй хэнэггүй монголчууд махны үнэ нэмэгдэхэд харин ч нэг дургүй. Энэ жил махны үнэ нэмэгдсэн шалтгаан нь хятадууд мах нийлүүлэлтийг замаас нь тасалж, бөөн бөөнөөр нь худалдан авч дарсантай холбоотой гэж Засгийн газар “баталлаа”. Хятадууд хот руу мах оруулах гэсэн ченжүүдээс замд нь тосч аваад байгаа тул нийслэлчүүдэд хүртэхгүй байна гэж бөөний ченжүүдээс авсан махаа жижиглэн зардаг наймаачид өчив.
Манай гарагийн 200 гаруй орны долоон тэрбум хүн жилдээ 260 орчим сая тонн мах хэрэглэдэг. Үүний 28 хувийг иддэг хятадууд махны хэрэглээгээрээ нэгдүгээрт жагсаж байна. Ард нь зогсож байгаа АНУ, Герман, Бразил, Орос, Мексик, Франц, Энэтхэг, Япон, Итали зэрэг махны хэрэглээ ихтэй орнууд нийлээд 66 хувийг нь зооглодог. Харин өөрсдийгөө чононоос дутуугүй махчин гэж ярьдаг монголчуудын махны хэрэгцээ малын тоотойгоо харьцуулахад тийм ч их биш. Гэтэл махны үнийг тогтоон барьж чадахгүй, нөөцийн махыг хүртээмжтэй хүргэж чадахгүй, 1990 оны картын барааны үе шиг оочирлож байгаад иргэд бухимдалтай байна.
Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОюунЭрдэнэ “Махны экспортод квот тогтоох талаар судалж магадгүй байгаа. Монгол Улс БНХАУ-д мах экспортлох гэж олон жил хөөцөлдсөн. Энэ бол амжилт байсан. Гэхдээ малчдад урагшаа мах гаргах нь илүү ашигтай болчихоод байна. Тэгэхээр Улаанбаатарт орж ирэх махны урсгалд тодорхой хэмжээний доголдол үүсч байгаа учраас улирлын чанартай зохицуулалт хийх талаар ярьж магадгүй” гэв.
Засгийн газар махны үнийн өсөлтийг зохион байгуулалттай эсэхийг тодруулах гэж тагнуул, тусгай хүчнийхнийг дайчлан бэдэрч байх хойгуур нефть импортлогчид харин шатахууны үнийг нэмж сюрприз барив.
Өчигдрөөс АИ-92 автобензин 1940 төгрөг болж, литр тутамдаа 80-100 төгрөгөөр нэмэгдлээ. Үүнээс өмнө буюу тавдугаар сарын 1-нд 1860 төгрөг болж, 75 төгрөгөөр өсгөөд байсныг сануулъя.
- Өчигдрөөс АИ-92 автобензин 1940 төгрөг болж, литр тутамдаа 80-100 төгрөгөөр нэмэгдлээ.
- Өөрсдийгөө чононоос дутуугүй махчин гэж ярьдаг монголчуудын махны хэрэглээ малын тоотойгоо харьцуулахад тийм ч их биш.
- Энэ сарын байр, цахилгааны төлбөрийн нэхэмжлэл нэмэгдсэн үнийн дагуу ирнэ гэдгийг уншигч танд урьдчилан сануулъя.
Шатахууны үнэ иргэдийн хэтэвчинд шууд нөлөөлдөг. Манай улсын нийт импортын 18-19 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ нь гадагшаа төлж байгаа нийт валютын эзлэх хувь тэр хэмжээнд байна гэсэн үг. Тиймээс инфляцад шатахуун дангаараа 10 орчим хувийн нөлөөлөл үзүүлдэг юм.
Үнийн өсөлт үүгээр зогсохгүй. Энэ сарын байр, цахилгааны төлбөрийн нэхэмжлэл нэмэгдсэн үнийн дагуу ирнэ гэдгийг уншигч танд урьдчилан сануулъя. Учир нь усны болон цахилгааны үнийг нэмсэн шийдвэрийн хэрэгжилт тавдугаар сарын 1-нээс эхэлж байгаа юм.
Ийнхүү шатахуун импортлогчдын хуйвалдаан, монополь байдал, махны үнийн зохиомол хөөрөгдөл, хомсдол, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өнөөгийн нийгмийн хамгийн халуун сэдэв болоод байхад үүнд хяналт тавьдаг Засгийн газар, түүний тохируулагч агентлаг болох Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөөх газрын албатууд юу хийж байна вэ? Яагаад хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй сул цалин аваад, гул барьж амьдарна вэ. Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын цахим сайтаар нь ороод хартал хамгийн сүүлд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийн ээлжит хуралдаан болсон талаарх мэдээ оржээ. Гэхдээ 21 хоногийн өмнө. түүн дотор иргэдийн хэтэвчийг гөвж буй мах, шатахууны үнийн өсөлтийн талаар огт дурдаагүй байна. Бодвол шударга үнийн өсөлт бололтой.
Манай улс өнгөрсөн жил 12 мянган тонн мах нөөцөлж байсан. Харин энэ жил түүнээс гурав дахин бага буюу дөрвөн мянган тонныг л нөөцөлж чадсан аж. Энэ нь хаврын улиралд тогтоон барьдаг махны үнийн өсөлтийг энэ жил алдахад хүргэсэн гол нөхцөл. Энэ талаар ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Ч.Ариунтуяагаас тодруулахад “Нөөцийн мах бэлтгэхээр нийт долоон аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлсэн. Хэрэв эдгээр аж ахуйн нэгжид бүгдэд нь квот олгосон бол 10 мянган тонн мах нөөцлөх байлаа. Гэтэл зарим нь арилжааны банкны шаардлага хангаагүй тул гурван аж ахуйн нэгж 4000 тонн мах нөөцөлсөн” гэв.
Харин дөрөвдүгээр сарын 15наас хойш 1860 тонн нөөцийн мах худалдаалчихсан байгаа аж. Энэ нь нийт нөөцийнхөө 40 орчим хувийг зарчихаад байна гэсэн үг. Цаана нь үлдсэн 2200 тонн махаар намрын идэш тэжээлийн цаг хүртэл хүргэнэ гэдэг бас л асуудал хэвээр үлдэж байгаа.
Жилдээ 12 мянган тонн мах нөөцөлж улирлын чанартай хомсдолыг хангаж, үнийн хөөрөгдлийг тогтоон барьдаг ажлыг энэ удаа цалгардуулсны горыг нийслэлчүүд төлж байгаа нь албаны хүний тайлбараас тодорхой харагдаж байна.
Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн судалгааны дүнг Дэлхийн банк, үндэсний статистикийн хороо жил гаруйн өмнө гаргаж байсан. Гэвч хүн амын гүнд нэвчсэн ядуусын армийг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өндөр өсөлтүүд улам бэхжүүлэн өргөтгөж байна.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ