Цэргийн алба хаагчид бүтээн байгуулалтад оролцож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Цэргийн алба хаагчид бүтээн байгуулалтад оролцож эхэллээ

Цэргийн алба хаагчид бүтээн байгуулалтад оролцож эхэллээ

2094 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЗУРГААН РОТОД 174 ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ АЖИЛЛАНА

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар төмөр замын бүтээн байгуулалтад цэргийн алба хаагчдыг оролцуулах ажил эхлэхэд бэлэн боллоо. Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд барилгын цэргийг оролцуулах шийдвэр гаргаж, тодорхой зохицуулалт хийжээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Мэдээлэл хийх болсон бас нэг шалтгаан нь иргэдийн дунд үүссэн буруу ойлголтыг цэгцлэх зорилготой байв.

Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.6 км төмөр замын ажлыг энэ сарын 24-нөөс эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт өртөг нь 750 тэрбум төгрөг байх аж. ТЭЗҮ-ээр  нийт ажиллах хүчний хэмжээг далан гүүр барихад 3647, бусад ажилд 1144 хүн ажиллахаар тогтоогоод байгаа юм. Мөн ажилд барилгын болон инженерийн мэргэжилтэй алба хаагч, хугацаат цэргүүдийг оролцуулахаар зохион байгуулалтыг хийсэн гэж ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар онцолсон юм. Түүний тайлбарлаж буйгаар дээрх чиглэлийн төмөр замын зөвхөн далан, гүүрний ажлыг ЗХЖШ хариуцах ба 36 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, зургаан метрийн урттай ус зайлуулах 461 хоолой цутгаж бэлдэх юм.

Ингэхдээ ЗХЖШ-ын дэргэд төмөр замын мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай баг мэргэжил аргазүйн туслалцаа, зөвлөгөө өгөхөөр болсон байна. Бусад ажлыг мэргэжлийн байгууллагууд хийхээр болсныг дурдав. Тухайлбал, дэр мод, рельс, бэхэлгээ суурилуулах ажлыг УБТЗ ХНН, эрчим хүчний ажлыг Эрчим хүчний хөгжлийн төв, холбоо интернэтийг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар гүйцэтгэж, ус хангамж, өртөө зөрлөгийн барилгын ажлыг тендер зарлан хийлгэх юм.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд нийт зургаан рот буюу 2094 цэргийн алба хаагчийг ажилд авах бөгөөд үүний 174 нь хугацаат цэргийн алба хаагч байна.

ЦЭРГИЙНХЭН 416.6 КМ ДАЛАН БАЙГУУЛЖ, 461 УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ ЦУТГАНА

Өөрөөр хэлбэл, нийт алба хаагчдын 90 гаруй хувь нь ахлагч, офицер, гэрээт цэргээс бүрдэх юм. Одоогоор 698 албан хаагчтай хоёр рот тавантолгойд байрлаж, ажлаа хүлээн авахад бэлэн болсон. Тэдний 58 нь зургаан сарын турш цэргийн эрдэмд суралцсан хугацаат цэргийн алба хаагч. Мөн нэмж дөрвөн ротыг бэлтгэн бүтээн байгуулалтын талбарт илгээхээр төлөвлөж байна” хэмээв.

Түүний тайлбарласнаар цэргийн алба хаагчид төмөр замын далангийн ажлыг гүйцэтгэхдээ газар шорооны ажил буюу техникээр далангийн шороон овоолго хийх бол хугацаат цэргийн алба хаагчид хэв хашмал бэлтгэх, ус зайлуулах суваг цутгах аж. Хугацаат цэргийн алба хаагчдыг энэ ажилд сайн дурын үндсэн дээр сонгон илгээж байгаа гэж генерал А.Ганбат хэлсэн юм. Энэ нь НҮБ-ын албадан хөдөлмөр эрхлүүлэхгүй байх конвенцыг зөрчихгүй гэсэнтэй холбоотой гэлээ. Мөн үүн дээр ХЭҮК хөндлөнгийн хяналт тавихаар ярилцаж байгааг ч дурдав. Тэрбээр энэ ажлыг дотооддоо хийж буй “Энхийг сахиулах үйл ажиллагаа гэж ойлгож болно” хэмээн тодорхойлсон. Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцоод зогсохгүй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргийн албан хаагчдын адил цалингаас гадуур орлого олох боломж цэргийн алба хаагчдад олдож байна гэж тодотгосон юм. Ерөнхийлөгчийн санаачилга ийн ажил хэрэг болж, цэргийн албан хаагчид дотооддоо “энхийг сахиулах” ажиллагаанд оролцох болсонд ЗХЖШ-ын удирдлагууд төдийгүй нийт барилгын цэргийн бүрэлдэхүүн талархалтай хандаж байгааг А.Ганбат генерал уламжилсан юм.

ЗГМ: ТОДРУУЛГА

А.ГАНБАТ: ЦЭРГҮҮД ЦАЛИНГИЙНХАА ТОДОРХОЙ ХУВИЙГ САР БҮР АВЧ БОЛНО

ЗХЖШ-ын дарга А.Ганбатаас хугацаат цэргийн алба хаагчдыг хэрхэн цалинжуулах, ямар хугацаагаар ажиллуулах талаар тодрууллаа.

-Төмөр замын ажилд сая татагдсан цэргүүдийг албадан дайчилж байгаа гэсэн ойлголттой байна. Та үүнд тодорхой тайлбар өгнө үү?

-Цэргүүдийг энэ ажилд оруулахдаа цэргийн анхан шатны болон мэргэжлийн бэлтгэлээ дуусгасан цэргүүдээс сонгож байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн цэргийн албанд татагдаж ирээд зургаан сар болсны дараа өөрөө хүсэлт гаргавал бүтээн байгуулалтын ажилд оролцох нь нээлттэй. Тэгэхээр сая татагдсан цэргүүд 11 дүгээр сараас бүтээн байгуулалтын ажилд оролцох боломжтой. Харин манай үндсэн бүрэлдэхүүний цэргийн алба хаагчид, офицер, ахлагч, гэрээт цэргийнхэн хүсэлтээ гаргаж, оролцох нь нээлттэй.

-Хугацаат цэргийн алба хаагчдад ямар хэмжээний цалинг яаж олгох юм бэ?

-Гэрээ байгуулахдаа тухайн цэрэгтэй цалингийнхаа хэдэн хувийг сар бүр гар дээрээ авах, хэдэн хувийг дансандаа хийх талаар нь тохиролцоно. Дансанд хийсэн цалинг халагдахад нь өгөх юм. Бүх хугацаат цэргийн алба хаагч сард 60 мянган төгрөгийн цалин авдаг. Тэгвэл бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүд цалингаасаа гадна орлого олно гэсэн үг.

-Нэг цагийн ажлын хөлсийг яаж тогтоож байгаа вэ?

-Норм буюу хийсэн ажлынхаа хэмжээгээр цалинжина. Тухайлбал, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцад манай цэргийн алба хаагчид нэг метрийн диаметртэй, зургаан метрийн урттай 461 ус зайлуулах бетон хоолойн цутгалт хийнэ. Өнөөдрийн ханшаар нэг метр ус зайлуулах бетон суваг 430 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна.

– Цэргийн ар гэрийнхэн ажил хийлгэхийг зөвшөөрөхгүй байвал яах вэ?

-Цэргүүд ар гэрийнхэнтэйгээ зөвшилцөж, шийдвэрээ гаргах эрх нь нээлттэй.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж