“Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин ба сорилт” хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.05.21/ Гадаад хэргийн яамны хурлын танхимд зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон Олон улсын байгууллагын тэргүүн, эдийн засагч, судлаачид, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт 120 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм.
Б.ЛХАГВАСҮРЭН: ГАДААД ХУДАЛДААНЫ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 80 ГАРУЙ ХУВИЙГ ЗӨВХӨН УУЛ УУРХАЙН САЛБАР ЭЗЭЛДЭГ
-“Монгол Улсын төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд гадаад худалдаа маш чухал үүрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын гадаад худалдааны орчин ямар байгаа талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцана. Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 6.7 орчим хувь өслөө. Эдийн засгийн өсөлт энэ онд ч гэсэн хадгалагдахаар байна. Гэхдээ эдийн засаг сайжирч байгаа ч манай улсын эдийн засагт уул уурхайд түшиглэдэг гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл гадаад худалдааны салбарын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг зөвхөн уул уурхайн салбар эзэлж байдаг. Уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд байнга тогтвортой байдаггүй. Эдийн засгийн мөчлөгөө дагаад өсөж, буурч байдаг. Энэ нь өөрөө Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний эрсдэлийг учруулдаг.
Тиймээс манай улсын хувьд гадаад худалдаагаа зөвхөн нэг салбарын бүтээгдэхүүн давамгайлсан бус солонгоруулах вэ гэдэг асуудал маш чухал. Монголбанкны хувьд бид яаж экспортыг нэмэгдүүлэх вэ, үүгээр дамжин худалдаа болон төлбөрийн тэнцэл сайжруулах вэ, гадаад вальютын нөөцөө хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг үүднээс нэлээд идэвхтэй оролцоод явж байна. Монгол Улс экспортын бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхийн тулд төрийн бодлогын хэмжээнд байнга ярьж байгаа. Өнгөрсөн жилүүдэд монгол брэндийг хэрхэн бий болгох вэ гэж их ярьсан. Миний бодлоор брэнд бий болгоход их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардах учир төвөгтэй юм. Заавал тусгай брэнд гаргалгүйгээр жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад юугаар дэмжих вэ гэдэг нь чухал” талаар Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярилаа.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын гадаад худалдаа сүүлийн гурван жил эрчимтэй нэмэгдэж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. Энд тоогоор дурдвал, өнгөрсөн 2018 онд 12.3 тэрбум ам.долларт хүрсэн бол өмнөх 2017 онд 8 тэрбум ам.доллар, 2016 онд зургаан ам.доллар байжээ. Мөн манай улсын экспорт нь импортоосоо илүү байгааг эдийн засагч хэлж байлаа. Өнгөрсөн онд экспорт 1.1 тэрбум ам.доллараар илүү гарсан байна.
В.ЭНХБОЛД: ГАДААД ХУДАЛДАА 2018 ОНД 13 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРСЭН
-Харин Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны захирал В.Энхболд ярихдаа “Гадаад худалдаанд учирч буй хамгийн том сорилт бол тээврийн зардлын асуудал юм. Монгол Улс далайд гарцгүй орон учраас бараа бүтээгдэхүүнээ гадны зах зээл рүү гаргахад тээвэр, ложистикийн зардал ихтэй учраас худалдааны зардал ихэсдэг. Хоёрдугаарт Монгол Улс дэлхийн цөөн хэдхэн улсад бараа бүтээгдэхүүнээ гаргаж байна. Гуравдугаарт гадаадад гаргаж буй бараа бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээ, чанарыг сайжруулах асуудал өнөөдөр бидэнд тулгамдаад байна. Эдгээр асуудлыг шийдэхэд эдийн засгийн бодлого, экспортыг төрөлжүүлэх Засгийн газрын бодлого гаргаад явж байна. Засгийн газраас өнгөрөгч есдүгээр сард “Монгол экспорт” хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлээд явж байна. Монгол Улсын гадаад худалдаа өнгөрөгч 2018 онд 13 тэрбум орчим ам.долларт хүрсний долоон тэрбум нь экспортын бүтээгдэхүүн эзэлж байна. Өөр хэлбэл гадаад худалдаа 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Нийт экспортын 11 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Уул уурхайн экспортын тоо бага мэт санагдаж болох ч өмнөх онтой харьцуулахад 18 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа.
Монгол Улс 2017 онд 670 сая ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байсан бол 2018 онд энэ тоо 800 сая ам.долларт хүрч байна. Үүний 410 сая ам.доллар нь ноолууран бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг экспортлоод эхэлсэн байгаа. Одоо бид Өмнөд Солонгосын зах зээлд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн гаргахаар ярилцаж байна. Мөн ОХУ-ын зах зээлд бараа бүтээгдхүүнийг гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.
Энэ үеэр “Оюу толгой” компанийн төлөөлөгч ярихдаа “Оюу толгой” компанийн хувьд 2010 оноос хойш нийт есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Мөн өнгөрсөн хугацаанд бараг 50 мянган хүнийг ажиллуулж, 2.4 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Хөрөнгө оруулагчдын хувьд гэрээнийхээ хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа.
Д.ДАВААСАМБУУ: МАЛ АЖ АХУЙД ТҮШИГЛЭСЭН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
-“Монгол улсын хувьд гадаад худалдааны салбараас шууд хамааралтай. Манай улс 10 тонн ноолууртай. Гэвч 1000 тонноор нь цамц үйлдвэрлэхэд хүн бүр өмсөөд ч барахгүй. Тийм учраас ихэнхийг нь гадаад зах зээлд гаргах шаардлагатай байгаа юм. Мал аж ахуйд түшиглэсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байж 1.200 мянган хүнийг ажилтай болгох шаардлагатай байна. Энэ амьдрал дээр байгаа санаачлагыг дэмжсэнээр гадаад худалдаа хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж уул уурхайн салбарыг хаяж болохгүй. Бид томоохон уул уурхайн төсөл хэрэгжиж дууссаны дараагаар шинжлэх ухаан, мэдлэгт түшиглэсэн эдийн засаг ирнэ. Монголын мэдлэгт түшиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг Япон, АНУ, Хятадад зардаг болох хэрэгтэй байна” гэдгийг Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу яриандаа онцоллоо.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ