УИХ-ын 42 дугаар тойрогт эрх баригчид Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх замаар нөхөн сонгууль явуулахгүй байхыг оролдож байна гэж Ардчилсан нам үзэж буй юм. Тиймээс Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдсоноосоо болж, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн тул Үндсэн хуулийг зөрчөөгүй, тиймээс улс төрийн захиалгаар хандахгүй байхыг тус нам анхааруулах болсон. Үндсэн хуулийн цэц иргэн Д.Ганхуягийн өргөдөл, гомдлыг энэ сарын 27-нд хэлэлцэхээр товложээ.
Энэ асуудлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр "Судлаач Д.Ганхуяг гэгч хүний өргөдлөөр Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн. Д.Гантулга өөрөө хуулийн дагуу өргөдлөө өгөөд огцорсон. УИХ хууль дүрмийн дагуу тогтоол шийдвэрээ гаргаад явсан. Д.Ганхуяг гэдэг хүний өргөдөл дээр "үндэслэл шалтгаанаа дурдаагүй" гэж байгаа. Гэтэл тэр хувь хүн үндэслэл шалтгаанаа дурдах албагүй. Олон нийтэд дэлгэмээргүй эрүүл мэндийн шалтгаантай байж болно. Жишээлбэл, ДОХ өвчтэй байя гэхэд үүний зарламааргүй байж болдно шүү дээ. Тэгээд ч Д.Гантулга хүчингийн хэрэг хийсний улмаас гэж өргөдөл дээрээ бичвэл ямар байх уу.. Тэр хэрэг нь тогтоогдоогүй байна. 76 гишүүн бэлгэ дэмбэрлээ бодсон ч гэсэн хүчингийн хэрэг хэлэлцээд сууж байх уу" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн "Засгийн газрын сайдууд ам.долларын авлига авсан гэх мэдээлэл байна. Гэтэл шударга ёсны төлөө үхэхээс буцахгүй гээд байсан Ерөнхий сайд таг. Засгийн газар тайлангаа тавих цаг болсон. Сангийн сайд бол Монголын тэргүүн худалч хүн болсон. Эдийн засаг өссөн, амьдрал сайжирсан гээд байгаа. Гэтэл 2016 онтой харьцуулахад нийт бараа бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өссөн байна. Тиймээс МАН-ын эрх баригчид худлаа шоудаж, популизм хийхээ боль. Ардчилсан нам эрх баригчдын шударга бустай тэмцэнэ. Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Өнөөдөр Ардчилсан нам ард түмнийхээ өмнөөс дуугарахгүй бол хэн ч дуугарахгүй юм байна. Авлигад идэгдэж, олон удаа хариуцлагаа алдсан Засгийн газрыг огцруулахын төлөө тэмцэнэ" гэв.
Э.ЖОНОН