Байнгын хороо Үндсэн хууль хэлэлцэх дэгт өөрчлөлт оруулахыг дэмжлээ | News.MN

Байнгын хороо Үндсэн хууль хэлэлцэх дэгт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Байнгын хороо Үндсэн хууль хэлэлцэх дэгт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Байнгын хороо Үндсэн хууль хэлэлцэх дэгт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2019.05.21/ хуралдаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

2020 оны Үндсэн чиглэлд нийтдээ 118 төсөл, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний зардалд 10,2 их наяд төгрөгийг төсөвлөснөөс төсвөөс 1,3 их наяд, олон улсын зээл тусламжаар 1,2 их наяд, хувийн хэвшлийн санхүүжилтээр 6,1 их наяд, бусад эх үүсвэрээс 604 орчим тэрбум төгрөгийг гаргахаар тусгажээ. Ингээд байнгын хорооны хуралдаанаар 2020 оны Үндсэн чиглэлийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.  Үүний дараа “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Ингээд байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх байнгын хороо, чуулганы дэгт өөрчлөлт оруулах юм. Хуулийн төсөл нь зургаан зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх журам болон ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам бүхий бүлэг шинээр нэмж байгаа юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд нэг сар өөр хуулийн төсөл хэлэлцэхгүй байх нь зөв. Нэг сарын хугацаанд Үндсэн хуулиа өөрчилж амжих уу, учир нь чуулганы хуралдаан завсарлах гэж байгаа шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлыг гишүүд бүгд дэмжиж байгаа. Гэхдээ сүүлийн 10 жил яригдаж байгаа өөрчлөлтөө бид хийж чадах уу, хугацаа бий юу.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхдээ нийт гишүүний олонхын саналаар явах уу, энэ заалт өөрчлөгдөх үү. Үндсэн хуультай холбоотой асуудал бүхэн тусгай дэгтэй, тусгай журамтай байх ёстой гэж би хувьдаа үзээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Дэгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ердийн дэгээр явна. Одоогийн өргөн барьсан хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 4/3-аар нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн санааг тусгасан.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон талаас нь авч үздэг учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг маш олон талаас ойлгож ярих хэрэгтэй. Энэ удаагийн өөрчлөлт нь илүү нарийвчилж тусгасан. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд 19 гишүүнээс 14 нь заавал оролцох, дөрвөн хэлэлцүүлэгтэй болгосон гэх мэт тусгай шаардлага, дэгийн өөрчлөлтийг оруулж өгсөн. УИХ-ын гишүүдийн оролцоо, хариуцлагыг илүү их нэмэгдүүлж, заалт бүрийг илүү нарийвчилж оруулж ирсэн.

Ийнхүү гишүүд асуулт, тодруулга авсны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Төслүүдийг судлах Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэдгийг байнгын хорооны дарга онцолсон юм.

Үүний дараа  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын таван гишүүн өргөн барьсан Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Бид хуулийн төсөл боловсруулахаас илүү хууль тогтоогчид гаргаж байгаа хууль бүрийн зүйл, заалт бүрийг уншиж, хэлэлцэж байхаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төслийн өөрчлөлтөөр Дотоод асуудлын байнгын хороо, Хүний эрх иргэний боловсролын байнгын хороо байгуулагдах юм байна.

УИХ өнгөрсөн хугацаанд 140 гаруй удаа Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.

Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Чуулганы дэгийн тухай хуульд маш олон удаа өөрчлөлт оруулж байсан. Энэ олон удаа өөрчлөлт оруулж байсан учраас шинэчлэн найруулах цаг болсон. УИХ-ын гишүүн бүр сэтгэлийн хөөрлөөр хууль санаачилж, амьдралд хэрэгждэггүй байдал бий болсон. УИХ-ын гишүүн чөлөөтэй үгээ хэлэх, санал өгөхгүй байх нээлттэй орчныг бид бий болгох ёстой.  УИХ-ын гишүүн байнгын хороонд байсныхаа төлөө санал өгч, болно болохгүй, саналын эрх гаргахгүй гэх мэт санаанд нийцэхгүй өөрчлөлтүүд их байна. Хууль боловсруулах чадвар, чанар, хууль хэлэлцэх асуудал учир дутагдалтай байгаа учраас энэ зүйл рүүгээ л анхаарах ёстой юм. Бодлогогүй, тооцоогүй, популист чиглэл рүү явахгүйн тулд яах вэ гэдгээ өөрчлөх ёстой болохоос гишүүний эрхэд халдаж болохгүй.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Парламентад засаглалтай орнуудад маш их хариуцлагатай, хууль хэлэлцэх асуудалд хүн бүрийг хариуцлагажуулсан шаардлага байдаг юм билээ. Бид маш олон туршлагыг судалж байж боловсруулсан.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Сууж байгаа үг хэлэх, босч байгаад үг хэлсэн нь ямар үр дүнтэй байх вэ. Заавал үүнийг хуульд тусгах шаардлага байна уу. Энэ дэгээр орон нутгаас сонсгогдсон гишүүд саналаа хэлэхэд маш хүндрэлтэй, бараг үг хэлэх боломжгүй юм байна гэж ойлгогдож байна. Орон нутагт томилолттой явж байхад долоо хоногийн өмнө үг хэлэх саналаа бичгээр өгнө гэж байгаа нь амьдралд хэр нийцэх заалтууд вэ. Сүүлийн үед камер харахаараа шоуддаг 76-тай боллоо гэж ард түмэн яриад байгааг цэгцлэх нь зөв байх. Гэхдээ бид үнэмлэхүй цөөнх буюу 79 гишүүнтэй байхад ийм дэгийн өөрчлөлт зөв үү:

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Хамгийн цөөхөн гишүүдтэй парламентад тооцогддог. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, парламентын засаглалтай орнуудад ажиллаж ирсэн. Тиймээс олон орны туршлага дээр үндэслэн өөрчлөлт оруулж ирсэн. Босч, сууж үг хэлэх ямар шаардлага байна вэ гэхээр бид 1990 оноос хойш ардын их хурлын хэв шинж рүү орсон, АНУ, Английн парламентын холимог дэгтэй явсаар ирсэн. Босч зогсох нь мэтгэлцээний зарчим руу илүү их явуулах шаардлагатай гэсэн зарчмаар төсөлд оруулсан.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэж дууссаны дараа санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд чуулганы хуралдаанаар дэмжих эсэхийг хэлэлцүүлэхээр болсноор байнгын хороо хуралдаж дууслаа.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж