Монголын хөлбөмбөгийн холбооны (МХБХ) “Хүрхрээ" үндэсний дээд лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Есөн баг оролцож байгаа лигийн тэмцээн тавдугаар сарын 16-наас есдүгээр сарын 26-ныг хүртэл хоёр тойрог үргэлжилнэ.
Нэгдүгээр тойргийн хэсгийн тоглолтууд амралтын өдрүүдэд болж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 30-нд “UBU FC”-“Соёмбын барсууд”, “Эрчим”-“Сэлэнгэпресс” багуудын тоглолт боллоо. Тус тоглолтод “UBU FC” (10:0) өрсөлдөгчөө хожсон бол “Эрчим”, “Сэлэнгэпресс” (0:0) багууд тэнцжээ.
МХБХ-ны талбай дээр болсон “UBU FC”-“Соёмбын барсууд” багуудын тоглолт гоолоор арвин болжээ. Тоглолт эхлээд гурван минут өнгөрч байхад Х.Цэнд-Аюуш эхний гоолыг оруулсан бөгөөд үүний дараа Г.Анархүү (13’, 53’), Н.Цэдэнбал (23’, 33’), Х.Түмэнжаргал (51’, 63’, 67’, 81’, 90’) гоол хийж, өрсөлдөгчөө илт давуу байдлаар хожсон байна. Тэр дундаа багийн тоглогч Х.Түмэнжаргал таван гоолыг айлын хаалганд хийсэн бөгөөд “UBU FC” багийн хувьд тус тэмцээний анхны хожлоо авчээ.
Өнөөдөр МХБХ-ны талбай дээр “УБ-ын мазаалайнууд” – “Хоромхон”, “FC Ulaanbaatar” – “Дэрэн” багуудын тоглолт болох юм.
“UBU FC” баг.
“Соёмбын барсууд”
Ч.БОЛОР