Нэрээ цэвэрлэх үү, танхим аа цэвэрлэх үү!

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Нэрээ цэвэрлэх үү, танхим аа цэвэрлэх үү!

Нэрээ цэвэрлэх үү, танхим аа цэвэрлэх үү!

Шилээ дарсан авлигын дуулианаас болж, Засгийн газрын танхимд бүтэн нэртэй, бүлээн зүстэй сайд үлдэхгүй нь бололтой. Учир нь, арваад хоногийн өмнө хоёр сайд нь 10 сая ам.долларын авлига авсан дуулианд нэр холбогдсон бол дахин нэг хахуулийн хэрэгт Ардын засгийн албан тушаалтан холбогдсон мэдээлэл цацагдаж эхлэв.

Энэ тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монголын нэг сайдад 1.2 сая ам.долларын авлига өгсөн асуудлыг Франц улс шалгаж байна. Бид олон улсын өмнө шившиг болох ёсгүй, дотооддоо шалгах шаардлагатай. Энэ хэрэгт одоогийн Засгийн газрын сайд холбогдоно” гэж ярьжээ.

1.2 сая ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 3.2 тэрбум болно. 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хоёр ч цэцэрлэг барих хэмжээний валютыг авлигаар авсан асуудал гадаадын хуулийн байгууллага шалгаж байгаа нь үнэн бол Монголын хуулийн байгууллага гомдол ирэхийг хүлээгээд сууж таарахгүй. Цаг алдах тусам хортой.

Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа байгуулахдаа авлига, хээл хахуулийн хэргийг цэгцлэх амлалт өгсөн. Хуулийн байгууллагын удирдлагуудаа ч өөрчилж, араа шүдээ ажиллуулах боломжтой болсон. Гэтэл танхимынх нь сайд нар авлигын хэрэгт шил дараалан нэр холбогдож, нийгэм донсолж байхад таг чимээгүй суух нь дүр эсгэсэн амлалт өгсөн болж хувираад байна.

Ямбыг нь ч эдэлж, ялыг нь ч үүрнэ гэж танхимыг толгойлсны хувьд сайд болсон хүмүүсээ одоо хуулийн байгууллагаар шалгуулж, үнэн худлаа тогтоолго гэдэг үүрэг өг.

Нэг дуулиан дэгддэг, сайд нар нь “Намайг гүтгэж байна. 10 сая ам.доллар байтугай 1000 ам.доллар ч авах зүрх зориг алга” гэж няцааснаар энэ асуудал эцэслэгдэхгүй. Хуулийн байгууллага шалгаж, авлига авсан эсэхийг тогтоож гэмээнэ цэг тавина.

Хэрвээ ам долларын дуулианд нэр холбогдсон сайд нартай холбоотой асуудал нь ташаа бол залруулж, сайд нарынхаа нэрийг ч цэвэрлэх ёстой. Харин авлига авсан нь батлагдвал танхимаа цэвэрлэх шаардлагатай. Угтаа сайд нь авлига авсан байсан ч гүйцэтгэх засаглал танхимаар ажилладаг зарчимтай тул Ерөнхий сайд хариуцлага хүлээх учиртай юм.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин мөн Засгийн газрын сайд нар авлигад нэр холбогдсон асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Монгол Улсын сайд нар авлига авлаа гэдэг яриа нь гаднын хөрөнгө оруулагчдаас гараад байгаа.  Хэрвээ энэ үнэн бол Монгол Улсын Засгийн газар барьцаалагдана гэсэн үг” хэмээн ярьсан нь хамгийн ноцтой тайлбар юм.

Юун улсын нэр хүнд бусдын эрхшээлд орох аюул бодитоор нүүрлэчихээд байна гэж хардах үндэслэл гарч ирж буй юм. Ийм нөхцөлд орсон Засгийн газарт улсын эрх ашиг бодох боломж байдаггүй. Цаг алдалгүй огцруулах л ганц сонголт бий.

Иймээс Ерөнхий сайд аа, сайд нараа хуулийн байгууллагаар шалгуул. Засгийн газрын нэр хүнд авлигын асуудлаас болж, уначихаад байна.  Ийм Засгийн газарт иргэд итгэлгүй болж, гадаад улс орнууд ч итгэл үзүүлдэггүй. Дагаад хөрөнгө оруулагч нар ч үргэдэг.

Сэргээх эсэх нь зөвхөн Ерөнхий сайд таны болон танай сайд нарын зүрх зоригоос л хамаарах нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж