Бельгийн Эзэн хааны Анагаах ухааны академиас өнгөрсөн долоо хоногт хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл эхчүүдэд ногоон хоолны дэглэм тохиромжгүй болохыг зөвлөсөн байна.
Тус академиас мэдээлснээр, Бельгийн хүүхдүүдийн 3% нь найрлагадаа амьтны гаралтай орц болон хольц, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ороогүй зөвхөн ургамлын гаралтай хүнсээр бэлтгэдэг ногоон хоолны дэглэм барьдаг аж. Энэхүү дэглэм нь өсөж хөгжиж буй бие организмыг хоол тэжээлийн дутагдалд оруулж болзошгүй хэмээн тус академи мэдэгдэлдээ дурджээ.
Фабиола хатан хааны Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн эмч, Бельгийн Эзэн хааны Анагаах ухааны академиас веганизмын асуудлыг судлах комиссын даргаар томилогдсон, доктор Жоржс Касимир хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд ногоон хоолны дэглэм тохирохгүй, ноцтой хохирол учруулж болзошгүй талаар мэдээлсэн байна. Учир нь эрдэмтэд ногоон буюу веган хоолны дэглэм нь хөгжиж буй тархинд чухал өөхний хүчлүүд болон хангалттай хэмжээний уургийг өгч чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Касимирийн мэдээлснээр, ногоон хоолонд D, B12 амин дэм, кальци зэрэг хүний биед чухал элементүүд, тэжээллэг бодисууд ордоггүй байна.
Европын хоол зүйчдийн холбооны ерөнхийлөгч Изабель Тибо "Эцэг эхчүүдэд ногоон хоол нь биеийн жин буурах, сэтгэц өөрчлөгдөх, цус багадах, хоол тэжээлийн дутагдалд оруулах эрсдэлтэйг тайлбарлаж өгөх нь чухал ач холбогдолтой” гэж хэлжээ.
Гэхдээ энэ зөвлөгөөг дагаж мөрдөх шаардлагагүй, веган хоолны дэглэмээ үргэлжлүүлнэ гэвэл хүүхдүүдээ эмчийн үзлэгт хамруулж, цусны шинжилгээ тогтмол өгч байхыг зөвлөсөн байна.
Ногоон хоолтнуудын ашгийн төлөө бус нийгэмлэгээс мэдээлснээр, 2018 оны байдлаар Их Британий хүн амын 1.2 хувь буюу 600 мянга орчим нь ногоон хоолтон аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ