Талийгаач Г.Батхүүгийн талаарх тайлбарууд

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Талийгаач Г.Батхүүгийн талаарх тайлбарууд

Талийгаач Г.Батхүүгийн талаарх тайлбарууд

Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү энэ сарын 17-ны өдөр Төрийн ордонд харамсалтайгаар нас барсан. Энэ явдал олны анхаарлыг татаад зогсохгүй, элдэв янзын эргэлзээ, хардлага ч бий болгоод байгаа. Талийгаачийн амиа алдсан шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж буй бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор 21 хоногийн дараа гарах юм. Түүний нас барсан асуудлаар хамтран зүтгэгчид болон гэрчүүдийн өгсөн тайлбар, мэдээллийг хүргэе.


АН-ЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ:

-АН-ын дэд дарга,бидний журмын нөхөр, үзэл бодол, итгэл үнэмшил нэгт Г.Батхүүгийнхээ өндрөөс унаж амь насаа алдсан энэ газар бид цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна.Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь зөвлөлийн нийт гишүүдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Энэ болсон хэрэг явдалтай холбогдуулан нийгэмд элдэв ташаа мэдээлэл гарч буйд харамсч байна. Цагдаагийн газар болон холбогдох хуулийн байгууллагууд энэ хэрэг явдлын үнэн мөнийг маш шуурхай олж олон нийтэд нээлттэй мэдээллийг хүргэж ажиллаасай гэж хүсч байна.

АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ:

-Талийгаач тухайн өдөр манай өрөөгөөр ороогүй. Би Баасан гаригийн үдээс хойш өрөөндөө байгаагүй. Үдээс өмнө АН-ын Үзэл баримтлалыг танилцуулах аяны нээлтийн арга хэмжээ болсон. Талийгаач манай өрөөнд ороогүй гэдгийг дахин хариуцлагатай мэдэгдэж байна.

АН-ЫН ДЭД ДАРГА Х.ТЭМҮҮЖИН: 

-Төрийн ордонд 2-3 камер л байна. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна. Энэ үйл явдал шатны ойролцоо болоогүй. Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай олсон. Их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Тухайн өдөр буюу Баасан гаригийн орой 18:20 орчим цагт авто раллигийн хуралдаан тарсан. 18:30 цагт хуралдааны танхимаас гарсан гэж байгаа. 18:30 цагийн орчимд Б.Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан байсан. Хамгийн сүүлд УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан бичлэг үлдсэн байсан. 19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон ч 19.57-д цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯР:

-Талийгаач Г.Батхүүд тохиолдсон золгүй явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ бол зөвхөн АН-ын харамсал бус, монголын ард иргэдийн хувьд хүнд золгүй явдал тохиолоо. Энэ сарын 17-ны орой талийгаач Г.Батхүүтэй Төрийн ордон дотор алхаад явж байсан. Өмнөх парламентад бид хамт ажиллаж байсан. Тэгээд талийгаач надаас “Дүүгийн өрөө аль билээ” гэж асуугаад миний өрөөнд 10-15 минут саатаад гараад явсан. Иймд талийгаачтай хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн гээд эрэл сурал болоод байх шаардлагагүй. Цаг хугацааг нь тооцоод үзэхээр хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг бол яах аргагүй би юм. Тэгээд талийгаачийг миний өрөөнөөс гарсны дараа 19 цаг 18 минутад миний бие бүлгийн хурал руу орсон. Бүлгийн хурлын танхимд ороод картаа хийхэд автоматаар бүртгэгдэж байдаг. Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн. Талийгаач миний өрөөнөөс ганцаараа гарсан. Араас нь хэн нэгэн хүн орж ирээгүй. Уулзалт 10-15 минут орчмын хугацаанд л болоод өнгөрсөн. Гарахдаа “Ах нь яараад байна. Гадаа хүн хүлээж байгаа. Зургадугаар сарын 14-ний хурлаас чинь өмнө утсаар ярья" гээд яаруу гарсан.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж