Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд зориулсан “Орос ба Монгол: түүхийн эрин үеүүд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал ОХУ-ын Ярославль хотноо 2019 оны 05 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.
П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургууль, Оросын Үнэн алдартны шашны Ярославлийн Хамба ламын захиргаа, Оросын түүхч, архивчдын нийгэмлэгийн Ярославль хот дахь салбар хамтран зохион байгуулсан энэхүү бага хуралд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, Ж.Баярхүү нар оролцов.
Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургуулийн нэгдүгээр орлогч захирал С.А.Кащенко нээж, Ярославль мужийн Думын дарга А.Д.Константинов, Ярославль, Ростовын Хамба лам Пантелеимон, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Ярославль мужийн Амбан захирагчийн орлогч А.Е.Шабалин нар хурлын үйл ажиллагаанд мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү Монгол, Оросын ард түмнүүдийн олон зуун жилийн харилцааны түүхэнд онцгой чухал байр суурь эзэлдэг Халх-Голын ялалтын 80 жилийн ойд зориулан энэхүү Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулж буйд талархал илэрхийлээд “Халх голын ялалт нь тухайн үеийн олон улсын улс төрийн хүчний харьцааг өөрчилж, Япон улс фашист Германтай нэгдэж ЗХУ-тай дайтахгүй байх шийдвэр гаргахад нөлөөлж, улмаар 1941 оны хүнд цаг үеүүдэд Алс дорнодоос цэргийн их хэмжээний хүчийг Москва руу нүүлгэн шилжүүлэх нөхцөл, боломжийг бий болгосон билээ. Чухамхүү цэргийн энэхүү хүчин ЗХУ-ын нийслэлийг хамгаалахад, улмаар Улаан арми сөрөг довтолгоо хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцлон тэмдэглэв. Тэрбээр цааш нь Халх-голын ялалтын үнэ цэнэ, ач холбогдлын талаар үргэжлүүлэн дурдаад “Манай хоёр орны өнө удаан, баялаг түүхэнд Халх-голын ялалт шиг түүхэн эерэг олон үйл явдлууд бий. Өнөөдрийн энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр манай хоёр орны харилцааны түүхийн талаар эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн олон сонирхолтой илтгэл тавигдана гэдэгт итгэлтэй байна” гэж тэмдэглэн хэлэв.
Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан “Орос ба Монгол: түүхийн эрин үеүүд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургууль, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургууль, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академи, Санкт-Петербургийн Улсын их сургууль, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургууль, Оросын Улс түмний найрамдлын их сургууль зэрэг их, дээд сургуулиудын болон Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлал, Оросын түүхийн зэрэг хүрээлэнгийн 200 шахам эрдэмтэн, профессор, судлаачид оролцож, нэгдсэн болон дөрвөн салбар хуралдаанд нийтдээ 65 илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, Ж.Баярхүү нар Эрдэм шинжилгээний бага хурлын нэгдсэн болон салбар хуралдаанууд, түүнчлэн ёслол, хүндэтгэлийн бусад арга хэмжээнд оролцсоны сацуу П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургуулийн нэгдүгээр орлогч захирал С.А.Кащенко, сургалт хариуцсан орлогч захирал И.А.Кузнецова, инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал А.Н.Кисилёв, ректорын зөвлөх С.А. Запруднов нартай уулзаж, харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Ийнхүү Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд зориулсан “Орос ба Монгол: түүхийн эрин үеүүд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний онол, практикийн бага хуралд оролцоход Монголын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн мэдээлэл, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажилласан байна.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ