2005 оны дөрөвдүгээр сарын 21, тавдугаар сарын 30 бол Монголын уулчдын хувьд тэмдэглэлт өдрүүд билээ.
2005 оны 4 сарын 21 ны өдөр Монгол улсын анхны бие даасан экспедиц Эверест уулын Балба талын үндсэн отгоос авиралтаа эхлүүлсэн юм.
Багийн ахлагч, ОУХМ Дашдэлэгийн Баярням, Гавьяат тамирчин, ОУХМ Готовдоржийн Өсөхбаяр, ОУХМ Раднаагийн Тулга нарын бүрэлдэхүүнтэй анхдагчдын баг Эверест ууланд хамтын хүчийг дайчлан авирч, тавдугаар 5 сарын 30-нд Г.Өсөхбаяр оргилд хүрснээр, дэлхийн зулай дээр анх Монгол хүн гишгэсэн билээ.
Энэхүү түүхэн авиралтын ерөнхий ивээн тэтгэгчээр "Чингис хаан" банк ажиллаж байсан бол бусад компани, хувь хүмүүс ч багагүй тусалж дэмжиж байжээ. Багийн хөтөч, шервагаар Иман Гурун, Жанбу, Пасан нар ажилласан байна.
Монголчуудын түүхэнд хамгийн анх Эверестийн салхийг хагалсан хүн бол Баянөлгий аймгийн харьяат, ахмад уулчин Жуков гуай юм. Тэрээр 1996 онд хойд Түвдийн талаас авиралт хийсэн ч оргилд тун дөхөж очоод буцсан билээ. Мөн Монгол улсын Гавьяат тамирчин, ОУХМ Болдбаатар дэлхийн 6 дахь өндөр уул болох Чо оюу /8201м/-д 2001 онд авирч гарснаар монголчууд 8000 метрээс өндөр ууланд анхны амжилттай авиралтаа хийж байжээ.
Эдгээр ахмадуудын хагалсан салхиар ийнхүү Монголын анхны бие даасан экспедиц авиралтаа хийж, түүхэнд тэмдэглэгдэнэ үлдсэн юм. 2015 он бол Альпинизмыг шимтэн сонирхогчдын хувьд тэмдэглэлт жил билээ.
Уулчдадаа 10 жилийн ойн мэнд хүргэе.