Т.Батзул: Анхны цахим даатгалын компани бий болгохоор ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Т.Батзул: Анхны цахим даатгалын компани бий болгохоор ажиллаж байна

Т.Батзул: Анхны цахим даатгалын компани бий болгохоор ажиллаж байна

Саяхны нэгэн өдөр эртний танилтайгаа ойр зуурыг хуучилж байтал тэр даатгал хийлгэхдээ даатгалын компани дээр очих шаардлагагүй, осол гарсан тохиолдолд ч заавал даатгалын компанийн ажилтнууд ирэхийг хүлээж замын түгжрэл үүсгэн суудаг үе удахгүй дуусах тухай ярьж гарав. Бусад олон салбарын адил даатгалын салбарт ч мөн шинэ, ухаалаг шийдэл нэвтэрч дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэх болсонд олзуурхаж, ийм дэвшлийг бүтээж буй хүмүүстэй холбож өгөхийг танилаасаа гуйлаа. Гэтэл холбогдохыг хүссэн тэр хүн маань “Амар даатгал” ХХК-ийн захирал Т.Батзул байжээ. Тэр мөн багийнхантайгаа хамт Монголын даатгалын хамгийн том кейсүүд дээр ажиллаж байсан гэнэ. Харин би түүнийг мэргэжилтний хувьд хэвлэл мэдээллийнхэнд олон ч удаа тодруулга, мэдээлэл өгч байснаар нь л мэдэх юм. “Амар даатгал” компанийн гүйцэтгэх захирал Т.Батзултай ярилцсанаа уншигчдадаа хүргэе.


 ОНГОЦНЫ ОСЛЫН ХОХИРОЛ 4 САЯ ДОЛЛАРЫГ ГАДНЫН КОМПАНИАС ГАРГУУЛСАН

 -Юун түрүүнд “Монгол даатгал”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад тань болсон хоёр кейсийг сонирхмоор байна. Үндэсний томоохон үйлдвэрийн дээ­вэр шатахад Германы давхар даатгалын компаниас богино хугацаанд нөхөн төлбөр гаргуулж өгсөн, Ховдод онгоц осолдоход хэдэн сая долларыг мөн л гаднын компаниас авч асуудлыг шийдэж байсан гэж сонссон юм. Эргээд бодоход тухайн үед хэрэг явдлыг сурвалжилж, мэдээлж байсан сэтгүүлчдэд даатгалын тухай бодол огт орж ирээгүй л юм шиг байна. Тэр үед чухамдаа юу болсон бэ?

-Аль аль нь маш том эрсдэл учирсан, харамсалтай үйл явдал болсон. Ялангуяа онгоцны осол. Монголд онгоцны даатгалыг заавал давхар даатгуулдаг. Таны асуусан үйлдвэрийн хувьд маш их мөнгөөр хэмжигдэх үнэлгээтэй үйлдвэр учраас бид гаднын компанид давхар даатгуулдаг байсан. Ер нь барилгын том төслүүдийг үргэлж давхар даатгуулдаг. Сая таны сонирхсон хоёр кейс дээр бид одоогийн “Амар даатгал”-ын багаараа ажиллаж байлаа. Ховдод болсон онгоцны ослын үеэр ойролцоогоор дөрөв орчим сая ам.долларын хохирол гарсан. Онгоц замаасаа гарч мотор нь эвдэрснээс болж ийм хэмжээний хохирол үүссэн юм. Лондонгийн “Ллойдс”-ийн синдикатууд дээр хувааж байршигдсан байсан давхар даатгалаа ажиллуулж, эрс­дэлийн нөхөн төлбөрийг гаргуулж авсан.

-“Ллойдс”-ийн син­дика­тууд дээр хувааж байршигдсан даатгалын хамгааллын программ гэдгээ тодруулж тайлбарлаач?

-“Ллойдс” бол Лондонд төвтэй, даатгалын бирж гэж хэлж болох зах зээл. Тэнд даатгалын компаниуд эрсдлээ хувааж байршуулаад байдаг. Манай улсын зээлжих зэрэглэлийг “Стандарт энд пүүрс” B,  B+ гэх мэтээр үнэлдэг дээ, яг түүнтэй адил давхар даатгалын компаниудыг  А+ В- гэх мэтээр үнэлдэг. Хамгийн муу үнэлгээтэй нь даатгалын нөхөн төлбөр бараг өгөхгүй байх эрсдэлтэй гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас манай компаниуд аль болох А буюу түүнээс дээш үнэлгээтэй компаниудад даатгуулахыг боддог. Товчхондоо бид харилцагчийнхаа эрсдэлийг даатгаж өөрсөд дээрээ аваад, түүнийгээ мөн олон улсын том компаниудад даатгаж, харилцагчаа ч, компаниа ч эрсдэлээс давхар хамгаалж буй шийдэл гэж ойлгож болно.

-Даатгалын компаниуд давхар даатгалд их хэм­жээний мөнгө гадагш нь гаргаж байна гэсэн шүүмжлэл цаанаа ийм учиртай байх нь. Ингэхэд жилдээ хэчнээн төгрөгийг давхар даатгалын шугамаар шилжүүлдэг вэ?

-Жилдээ 40 орчим тэрбум төгрөг гадагшаа шилжүүлдэг.

Энэ мөнгийг дотооддоо авч үлдэх ёстой, бид өөрсдөө эрсдлээ даах хэрэгтэй гэж ярьдаг л даа. Гэтэл том осол болоход хохирлыг нь барагдуулахаар хэмжээний их мөнгийг гаргах амар биш. Жишээ нь сая онцолсон онгоцны нөхөн төлбөр болох дөрвөн сая ам.долларыг дотоодын даатгалын компани дангаараа гаргахад хэцүү.

Гэтэл даатгалын компанийн өөрийнх нь үйл ажиллагаа үргэлж хамгийн найдвартай, эрсдэлгүй, төлбөр гүйцэтгэх чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Тийм шалтгаан байдаг учраас даатгалын компаниуд харилцагчийнхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж давхар даатгалд хамрагддаг.

-Давхар даатгасан гадны компаниуд болон дотоодын компани, даатгуулагч гурвын хоорондын харилцаа ийм үед хэрхэн явагддаг вэ? Та нарын гаргасан хохирлын хэмжээг шууд хүлээн зөвшөөрдөг үү, эсвэл өөрийн хүнээ явуулж үнэлгээ тогтоолгодог уу?

-Бид эхлээд хохирлын тооцоог гаргаж, харин давхар даатгагчид ийм тохиолдолд гаднаас хохирол үнэлээчид явуулдаг. Явуулсан үнэлээчид нь ирж дүгнэлт өгдөг юм. Хохирол үнэлээчдийн хувьд тухайн салбартаа 20, 30 жилийн туршлагатай инженерүүд байдаг. Тэр хүмүүсийг хохирол тогтоосны дараа давхар даатгагчид хоёр сарын хугацаанд бүх асуудлыг шийдсэн. Энэ кейс дээр манай баг маш шуурхай ажилласан. Үнэлгээчинтэй ажиллах, давхар даатгагчтай хамтран ажиллах, харилцагчтайгаа ойлголцох гээд тал бүрийн харилцаа үүсч, багийнханд маань том туршлага болсон. Яагаад гэвэл даатгалын салбарт, тэр тусмаа Монголын нөхцөлд тэр бүр үүсээд байдаггүй кейс л дээ. Даатгалын компани болгонд ийм туршлага байдаггүй. Тухайн үед бидний давуу талуудын нэг нь яах аргагүй туршлага байсан.  Салбартаа хал үзэж хашир суусан хүмүүс нэг баг болж ажилласан учраас асуудлыг богино хугацаанд амжилттай шийдсэн гэж боддог. Онгоцны хохирол дээр фронтин гэрээ буюу зөвхөн тэр харилцагчийг дангаар нь 100 хувь давхар даатгасан байсан юм. Таны асуусан үндэсний томоохон үйлдвэрийн тухайд манай багцын даатгалд хамрагдсан байсан.

-Давхар даатгал дотроо ялгаатай гэсэн үг үү?

-Тийм. Нэг мөсөн бүх багцаа даатгадаг арга гэж бий. Тэр нь манайд даатгуулсан бүх харилцагчид олон ул­сын давхар даатгалын компанид ч мөн даатгагдаж байна гэсэн үг. Гэвч тэр нь тодорхой хэмжээ хязгаартай учир тэр хэмжээнээс давсан том харилцагчийг дангаар нь давхар даатгагчид даатгадаг. Өөрөөр хэлбэл даатгалын компани өөрөө даатгуулагч болчихож байна гэсэн үг. Та бид хоёрын яриад байгаа том  үйлдвэрийн дээвэр шатсан үед багцын давхар даатгалаа ажиллуулж үзсэн юм. Германы хамгийн том даатгалын компани болох “Ханновер”-т даатгуулсан байсан. Манайд даатгалд хамрагдсан бүх хүн автоматаар даатгагддаг, багцын даатгалын үйлчилгээ л дээ. Анх удаа багцын давхар даатгалаа ажиллуулж 1.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авч,  бидний ярианд жишээ болж дурдагдаж байгаа том үйлдвэр ид сезоныхоо үеэр маш шуурхай сэргээн босголт хийж ажилдаа орсон.   Тэр үед даатгалын салбараараа бахархаж байлаа.

-Гаднаас доллар олж ирдэг гол салбарын том үйлдвэрт цаг алдалгүй ажлаа үргэлжлүүлэх боломж олгоно гэдэг яалт ч үгүй бахдахаар ажил. Тухайн үед яг юу болсныг танаас л сонслоо, уг нь иймэрхүү зүйлсээ мэдээлж байвал даатгалыг ойлгох, мэдрэх иргэдийн тоо өсөх юм биш үү?

-Даатгалын салбар  ер нь ийм том үйл явдлын  цаана нь ажилладаг, хийсэн амжуулснаа ил гаргах сонирхолгүй онцлогтой салбар. Нэр нь дурсагддаггүй баатрууд гэж нэрлэмээр хүмүүс  энэ салбарт ажилладаг. Бусдын төлөө сайн сайхныг үйлдэж яваа учраас бүгд л ажлаа дурлаж хийдэг. Зөвхөн том харилцагч гэлтгүй  жирийн хүмүүст ч сая дурдсан хоёр кейс шиг үйл явдал өчнөөнөөрөө тохиолддог. Нэг жишээ санаанаас гардаггүй юм. Хувиараа бизнес хийдэг гэр бүлийн хоёр Дарханы зам дээр явж байгаад осолд орж нас барж, гурван хүүхэд нь өнчирч үлдсэн харамсалтай явдал болж байлаа. Банкинд орон сууцны зээлтэй байсан л даа. Тэд байраа амь нас, гэнэтийн ослоос хамгаалж даатгуулсан байсан. Тухайн үед “Монгол даатгал”-аас байрны нийт зээл болох 260 орчим сая төгрөгийг төлж, золгүй явдалд өртсөн хүүхдүүд гэр оронгүй хоцрох, үгүй бол удаан хугацаанд өрийн дарамттай амьдрахаас аврагдсан юм . Ингээд бодохоор яах аргагүй буянтай салбар. Энэ үед мөн л салбараараа бахархах мэдрэмж төрж байлаа.

-Анх яаж даатгалын салбарын сайн сайхныг мэдэрч, энэ салбарт ажиллах шийдвэр гаргасан бэ?

-Олон жилийн өмнө ажиллаж байсан банк маань даатгалын зах зээлд нэвтрэхээр судалгааны ажил эхлүүлснээс эхлээд энэ салбарыг сонирхож эхэлсэн. Харин дараа нь тухайн үеийн Монгол Шуудан Банкнаас санал авч, даатгалын салбарт ажиллаж эхэлсэн. Ажлаа эхэлсэн үеэсээ л даатгалын салбар санхүү, эдийн засгийн салбаруудаас хамгийн буянтай, бусдад хэрэгтэй салбар нь юм байна гэдгийг өөрийн биеэр харж, мэдэрч энэ ажилдаа дурласан даа.

“АМАР ДААТГАЛ”-ЫН  СТРАТЕГИ  ИРЭЭДҮЙН МИЛЛЕНИАЛ ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ЧИГЛЭЖ БАЙГАА

-Таныг Монголын хам­гийн том даатгалын компанийг удирдаж байсан гэдгийг зарим хүмүүс мэдэх байх. Яагаад шинээр компани байгуулах болсон бэ?

-Юуны өмнө даатгалын салбарын туршлагатай мэргэжилтнүүд нэгдэн, хүчтэй багаар ажиллахыг хүссэн. Мөн шинэ, нүсэр том биш компани болж ажиллах нь хурдан шийдвэр гаргаж, салбарын хөгжил дэвшил, шинэ, ухаалаг техник технологийг цаг алдалгүй нэвтрүүлэн ажиллаж болдгоороо давуу талтай. Ер нь сайн анзаарвал дэлхий даяар корпорацийн нүсэр бүтцийг задлан, старт-ап маягийн зохион байгуулалтыг илүүд үзэх хандлага ажилагдаж байгаа. Бүр маш том хэмжээний компаниуд ч энэ хандлагыг хэрэгжүүлж эхэлж байгаа.

-Даатгалын салбарт шинэ компани байгуулж, бусдаасаа өрсөлдөн цойлж гарч ирэх хэцүү, бүтээгдэхүүнүүдийн хоорондын ялгарал багатай салбар гэдэг. Харин та юу гэж боддог вэ?

-Санал нийлнэ. Гэхдээ даатгалын салбар сүүлийн 15 жилийн хугацаанд нэлээд эрчимтэй хөгжиж байгаа. Албан журмын даатгалын хууль гарснаас хойш хүмүүс даатгалыг илүү сайн мэддэг болсон. Өмнө нь зөвхөн хариуц­лагаа даатгадаг байсан бол өнөөдөр сайн дураараа тээврийн хэрэгслээ даатгуулах сонирхолтой болж байна. Эрүүл мэндийн даатгал эрэлттэй бүтээгдэхүүн болоод эхэлчихсэн. Хүмүүс эд хөрөнгө, материаллаг үнэт зүйлээ даатгахаас илүү эрүүл мэндээ анхаардаг болж. Гэх мэтээр иргэдийн дунд даатгалын салбарын тухай мэдлэг харьцангуй нэмэгдэж байна.

-“Амар даатгал”-ын хувьд брэнд бүтээх давуу, онцгой талуудаа нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?

Манай багт Монголын томоохон даатгалын компанийн удирдлагыг 9-10 жилийн хугацаанд гүйцэтгэсэн хүмүүс багтсан.  Багийн зарим гишүүдийн хувьд  даатгалын өөр компаниудад багагүй хугацаанд ажилласан туршлагатай. Ингээд ч зогсохгүй Монгол банк, арилжааны банкны салбарт арваад жил ажилласан санхүүгийн салбарынхан ч бий. Тал талын туршлагатай хүмүүс цугларсан гэж хэлж болно. Бүгд л алдаж оносон түүхтэй. Гэхдээ оносон нь илүү байх. Тэр хэмжээгээрээ зах зээлд танигдсан, туршлагатай, харилцагчдын  мэддэг, итгэдэг хүмүүсээс бүрдсэн  баг байгаа. Санхүүгийн бизнесийг хүн буюу түүний туршлага хийдэг. Үүнийг хийх туршлагатай хүмүүс хувьцаа эзэмшигч болоод компанидаа хөрөнгө оруулаад ажиллаж эхлээд байна.

-Өмнө нь ажиллаж байсан “Гэр даатгал”-ыг авч ребрендинг хийж байгаа гэсэн үү?

-Тэгсэн. “Гэр даатгал”-ыг “Амар даатгал” болгож өөрчилж шинээр ребрэндинг хийж байгаа. Гол нь энэ компани анхнаасаа санхүүгийн хувьд сахилга баттай, татвар, болон бусад тооцоогоо маш зөв хөтөлсөн.   Бас нэг онцлог гэвэл анхны цахим даатгалын компани бий болгохоор ажиллаж байна.

 ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР АВАХ ПРОЦЕССИЙГ АВТОМАТЖУУЛНА

 -Цахим даатгал гэхээр интернэтээр бүх үйлчилгээ нь явах даатгалын компани байгуулагдах нь ээ?

-Тэгж ойлгож болно. Манай компанийн урт хугацааны стратеги бол ирээдүйн миллениал зах зээл рүү чиглэж байгаа. Мэдээж даатгалын зах зээлд биетээр  үйлчилгээ авах сонирхолтой хүмүүс бий. Тэдэнд зориулаад суурин төлөөлөгчийн газар бий болгохоор төлөвлөсөн. Тэр газраа бид хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ба “Амар санхүүгийн төв” гэж нэрлэнэ. Манай төвд хандсан хүмүүс хувийн тэтгэврийн болон ердийн даатгалаа авч, нөхөн төлбөрөө шийдүүлэхээс гадна хүсвэл манайтай стратегийн алянс үүсгэх санхүүгийн байгуул­лагуудаас жижиг хэмжээний зээл ч авч болно. Энэ бүгдийг нэгтгэсэн цахим шийдэл  ч бас бий болгоно. “Амар санхүүгийн төв”-ийг ойрын хугацаанд Улаанбаатар хот болон 2-3 аймгийн төвд нээнэ. Ирэх гурван жилийн хугацаанд бүх аймагт байгуу­лахаар зорилго тавьсан. Аль болох бага зардлаар их нөхөн төлбөр өгдөг, shared economy буюу зардлаа хуваах зарчимд суурилсан салбар, төлөөлөгчтэй, цахим компани болгохоор зорьж ажиллаж байна.

-Даатгалын компаниудын хувьд үйл ажиллагааны зардал том тоотой гардаг байх. Нийт зардлын хэчнээн хувийг эзэлдэг бол?

-Даатгалын компанийн үйл ажиллагааны зардал өндөр гардаг.

Нийт  орлогын 55 хувийг эзэлдэг. Зардлын хувийг буулгах зайлшгүй шаардлага бий. Учир нь нөхөн төлбөрийн хувь хэмжээ өсч байгаа. Үйл ажиллагааны зардлаа бууруулснаар даатгалын үнэ хямдарч, харилцагчдад давуу тал үүснэ.

Даатгалын нөхөн төлбөр авах процессийг  автоматжуулна. Цахим болгоно гэсэн үг.  Ийм орчин бүрдчихвэл иргэд дугаарлаж цагаа алдахгүй. Зам дээр түгжрэл үүсгэж бухимдахгүй. Товчхондоо хүнийг амар хялбар байлгах цахим шийдлүүдийг санал болгох нь манай компанийн онцлог, давуу тал.  Ингэснээр хүмүүст даатгуулах амар болжээ гэсэн ойлголт төрж эхэлнэ. Бусад даатгалын компани ч энэ чиг рүү хөгжөөд эхэлчихсэн. Бидний хувьд анхдагч нь болж, илүү өөр технологийн орчин бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Одоохондоо яг юу хийж байгаагаа сюрприз байдлаар үлдээе.

-“Амар даатгал”-ын цахим үйлчилгээ яг хэзээнээс хэрэглэгчдэд хүрч эхлэх вэ?

-Тун удахгүй. Сарын дараа зах зээлд гарч,  харилцагчийн гар дээр очно.

-Ер нь даатгуулагчдын хувьд ямар бүтээгдэхүүн үйлчилгээ илүү эрэлттэй байдаг вэ, судалгаа хийж үзсэн үү?

-Харилцагчийн судалгаа хийж үзсэн.  “Илүү мөнгө байвал даатгалын ямар бүтээгдэхүүн авах вэ” гэж асуухад судалгаанд оролцогчдын  85 хувь нь эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн гэсэн хариу өгсөн.  Одоо үйлчилж буй, цалингаасаа төлдөг эрүүл мэндийн  даатгалын хувьд  тэр бүр ашигладаггүй, олон улсад үйлчилдэггүй гэх мэт сул тал олонтой. Тэр утгаараа эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаа юм. Даатгалын компаниуд энэ чигийн даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх тал дээр эрчимтэй ажиллаад эхэлчихсэн. Мэдээж эрүүл мэндийн даатгалыг бид дангаараа хийхгүй. Эрүүл мэндийн даатгалын тухайд нөхөн төлбөр нь өндөр гардаг онцлогтой. Ялангуяа манайх шиг хатуу хүнд нөхцөлтэй, хүнсний аюулгүй байдлын асуудал анхаарал татсан, хорт хавдрын өвчлөл өндөр, иргэд нь урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвшээгүй орны хувьд эрсдэл нь өндөр байдаг. Бид урьдчилсан үзлэг, оношлогооны зардал нь хүртэл багтсан даатгалын бүтээгдэхүүнийг гадны давхар даатгагчидтай хамт  санал болгож байгаа. Давхар даатгагчтай хамтарч үзүүлэх энэ үйлчилгээний гол онцлог нь олон улсад ажиллаж, аялж явахдаа ашиглаж болно. Америкийг оруулахгүйгээр бүх оронд, эсвэл зөвхөн Азид гэх мэт өргөн сонголтуудтай.

-Даатгуулагчдадаа дэлхийн хэчнээн эмнэлэгт оношлуулж, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх вэ?

– 20-50 мянга орчим эмнэлгийн жагсаалт бий. Бүх өвчин багтсан. Гэхдээ шүд болон жирэмслэлт эхний жилдээ хамгаалалтанд ороогүй.

-Хорт хавдрын даатгал гэж сонсогдох болсон. Танай компани ийм бүтээгдэхүүн гаргах уу?

Зөвхөн хавдарт зориулсан бүтээгдэхүүн гаргана. Монголчууд хорт хавдрын даатгал гэхээр муу ёрын гээд цэрвэж ханддаг. Уг нь тийм биш л дээ. Хавдар тусахаараа байраа зарж, хандив гуйж, тоглолт зохион байгуулах гэж сандарч, цаг алдаж гүйснээс  шууд эмчлүүлээд явбал иргэндээ хэрэгтэй шийдэл. Уул уурхайн хувийн компаниуд ажилчдынхаа өмнөөс даатгалыг нь хийж эхэлж байна. Ажилчдадаа хөрөнгө оруулалт хийж байгаа ийм компаниудыг төрөөс татварын бодлогоор дэмжээд өгвөл дагаад даатгалын салбар томрох боломжтой. Даатгалын салбар томорвол нөөц санд нь цуглах мөнгөний хэмжээ өснө. Тэр хэрээр банкны хүү бууна. Банкны хүүг буулгах бас нэг боломж нь даатгалын компаниудын  нөөц сан.

-Нөөц сан гэдгээ тодруулж тайлбарлаач, даатгалын компанийн нөөц сан эдийн засагт яг ямар өгөөж өгдөг талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Даатгалын компаниуд нөөц сангаасаа хөрөнгө оруулалт хийдэг.

Монголын нөхцөлд хувьцаа авч болно. Хадгаламжинд байршуулдаг. Засгийн газар, төв банкны үнэт цаас авч байна. Зээл өгдөг байсныг нь шинэ журмаар хориглосон. Ер нь даатгалын компаниуд нөөц сангийнхаа мөнгийг эрсдэлтэй зүйлд байршуулдаггүй. Тэгэхээр нөөц сангаасаа идэж уугаад эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийгээд алга болчихно гэсэн айдас байхгүй гэсэн үг.

Энэ сангийн тухайд СЗХ-ны хяналтанд байдаг. Даатгалын компаниудын гол нэг үзүүлэлт нь нөөц сан л даа. Төлбөрийн чадварын үзүүлэлт гэж бас бий. Банкаар бол төлбөр түргэн гүйцэтгэх чадвар гэж ойлгож болно. Даатгалын компаниудын хувьд  нөхөн төлбөр хурдан гаргаж өгөх, төлбөр гаргах чадварыг нь үнэлж байдаг юм. Тэр чадвар нь 100 хувиас дээш байх ёстой. Манайд үүнийгээ хангадаггүй компани байхгүй.

-Даатгалын нөөцийн санг бие биедээ туслах сайн дурын сан гэсэн тайлбар дуулддаг. Ярилцлагын эхэнд та даатгалыг салбарыг буянтай салбар гэж тодотгосон. Үүнтэй утга нэг ойлголт уу?

-Даатгалын компани хүн болгоноос бага багаар цуглуулсан мөнгөөрөө нөөц сан бүрдүүлдэг. Тэр утгаараа хариуцлагатай хандах ёстой. Ирсэн хүн бүрд хүссэнээр нь гаргаж өгөөд байвал нөөц сангийн мөнгө хаанаа ч хүрэхгүй. Нэг жишээ хэлье. Албан журмын даатгал гэж жолооч бүр дунджаар 33000 төгрөг төлдөг. Нэг хүн гурван саяын осол гаргаж төлбөр авлаа гэхэд хэчнээн хүний даатгалын мөнгө явах билээ. Тухайн хүн өөрийн буруугаас болж осол гаргасан тохиолдол олон хүний даатгалын мөнгийг  нэг дор авч таарахгүй. Даатгалыг компаниуд өөрийн буруугаас уу, эсвэл гадны зайлшгүй шалтгаан байна уу гэдгийг нарийн судалж, шалгаж, тогтоосны эцэст сангаас мөнгө гаргаж өгөх эсэхээ шийддэг. Энэ өнцгөөс харахад даатгалын компани нөөц санг хамгаалж байгаа менежер. Анх үүсэхдээ ч ийм зарчмаар үүссэн. Ослыг нь баталгаажуулах гэж бөөн бичиг цаас болдог нь ийм учиртай. Товчхондоо дундын бие биедээ туслахаар бий болгосон санг удирдаж тэр сангаас шударгаар мөнгө гаргаж өгөх ажлыг л даатгалын компани хийдэг. Олон улсад ч ийм зарчим үйлчилдэг. Даатгалыг нийгэмд бие биедээ туслах сайн дурын сан гэж ярьдгийн гол утга нь энэ л дээ.

 Д.ЦЭРЭНДОЛГОР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж