Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч долоо хоногт нэгэн баривчилгаа хийсэн. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нарыг хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр тус газраас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Тэднийг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутгажээ.
Энэ талаар АТГ-аас тодруулахад хоёр мэргэжилтнийг хорьж байгаа нь үнэн. Одоогоор хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр 19 аж ахуй нэгж, иргэнээс авлига авсан байх магадлалтай гэнэ.
Түүнчлэн саатуулагдсан Б.Болорчимэг нь Д.Сарангэрэл сайдын туслахаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн яамны эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн болсон нэгэн аж. Түүнийг Д.Сарангэрэл сайдын "хүн” гэдэг нь үнэний ортой. Тэрбээр Хөдөлмөрийн дээд сургууль төгссөн бөгөөд Д.Сарангэрэл сайдын туслахаар дөрвөн жил ажилласан юм байна.
Тодруулбал, 2018 онд АТГ-аас иргэдийн гомдол мэдээллийн дагуу Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Өнөболд, Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг нарыг тухайн албан тушаалд томилохдоо ашиг сонирхлын зөрчил гаргасан, хууль бусаар бусдад давуу байдал олгосон эсэхийг шалгажээ.
Шалгалтаар Эрүүл мэндийн яам нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгосон нь тогтоогдсон юм байна. Д.Сарангэрэлийн төрсөн хүү Х.Улам-Өрнөх нь Д.Өнөболдод Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд ажиллахыг санал болгосноор томилогдсон, Б.Болорчимэг нь Д.Сарангэрэл сайдыг УИХ-ын гишүүн байхад дөрвөн жил туслахаар нь ажиллаж байсан зэрэг нь холбогдох баримтуудаар тогтоогдсон юм байна.
Үүний дагуу АТГ-аас өнгөрөгч оны наймдугаар сард мэдээлэл хийх үеэр ЭМЯ-нд авлигын эрсдэлийн үнэлгээ өндөр байгааг анхааруулж зөрчлийг арилгах зөвлөмж хүргүүлж байжээ. Энэхүү мэдэгдлийн дараа Д.Сарангэрэл сайд хариу тайлбар хийж байжээ. Тэрбээр “Монгол хоёр залуу мэргэжилтэн, хэлтсийн дарга хийх нь Авлигатай тэмцэх газарт ингэтлээ таалагдахгүй гэж зүүдэлж ч явсангүй” хэмээн мэдээлж байсан билээ.
Одоогоор ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нарыг хэчнээн төгрөг авч байгаад баригдсан талаар АТГ-аас тодруулсан боловч ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ дуулгасан юм. Ямартай ч тэднийг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгах гэнэ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ