Хөндөх сэдэв: Арчаагүйн өвчин

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Арчаагүйн өвчин

Хөндөх сэдэв: Арчаагүйн өвчин

Монголд шүдээ зөв угааж, арчилж чадахгүйгээс болж, эрүүл мэндээрээ хохирч бүр амь насаа алдах тохиолдол их байгаа талаар фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн нэгэн залуу эмчийн бичсэн пост 1 өдрийн дотор 5,300 like 8,500 share цуглуулж анхаарал татав.

Тэрбээр “Гаднаа гяланцаг дотроо паланцаг хүмүүс их байна. Анзаараад байхад харваас шүдээ угаадаггүй, дутуу угаадаг, шүдний эмчид үзүүлдэггүй хүмүүст зонхилон тохиолддог эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлын нэг бол эрүү нүүр орчмын шүдний гаралтай буглаа нэвчээс юм. Энгийнээр тайлбарлавал шүд хорхойтож, цаг даруйд нь анхааран эмчлүүлээгүйгээс болж, үрэвсэж, ясаа идэж, цоолж, зөөлөн эд рүү халин тэр  хавийн булчингуудын хооронд идээ үүсгэж буглахыг хэлнэ. Энэ бол шулуухан хэлэхэд арчаагүйгийн өвчин” гэжээ.

Түүнийг Б.Дөлгөөн гэдэг. Улсын төв нэгдүгээр эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн дагалдан эмч. Тэрбээр 2007 онд Куба улсад шүдний эмч мэргэжлээр суралцаж, 2013 онд АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, нарийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж, 2018 онд Японы Засгийн газрын тэтгэлэгээр эрүү нүүрний мэс заслын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан залуу эмч юм.

Судлаачдын судалгаагаар эрүүл хүний амны хөндийд 5-6 тэрбум амьд нян бактер байдаг аж. Амны хөндийн эрүүл ахуй муу бол эдгээр нян бактер маш хурдан үржиж, шүдний чулуу, буйлны үрэвсэл, шүдний цоорол гэх мэт эмгэг өвчин үүсгэдэг талаар эмч тайлбарлалаа.

Монгол Улсын хувьд 5-6 насны хүүхдийн 95 хувь нь шүдний өвчлөлтэй. Барагцаалбал, нэг ангийн 10 сурагч тутмын 9-8 сурагчийн шүд нь цоорсон гэсэн үг. Ялангуя өсвөр насны хүүхдүүд амны хөндийн бактерииг бие биендээ халдаах магадлал өндөр байдаг. Залуучуудад сануулж хэлэхэд хүн 10 сек үнсэлцэх болгондоо тэр хүний аман доторхи байгаа 70-80 сая бактерийг халдааж байдаг. Тиймээс үнсэх гэж байгаа хүнийхээ амыг нь нэг харчихад илүүдэхгүй байх гэж зөвлөж байна. Гаднаа гяланцаг дотроо паланцаг хүмүүс байна шүү цаагуур чинь. Амны хөндийд байгаа нян бактерууд цусаар дамжин, бусад дотор эрхтэн рүү тархах магадлал маш өндөр байдаг. Улмаар хүүхдийн амархан хоолой өвддөг болох, ханиад нь эдгэхгүй хатгаа болдог бол том хүмүүст архаг хууч өвчнийг сэдрээж, бөөр, зүрхний өвчний суурь болдог аж. Тиймээс амны хөндийн ариун цэврийг сайтар сахих нь  эрүүл явахын гол үндэс аж.

ЖИЛД 3-4 МЯНГА ГАРУЙ ХҮН ШҮДНИЙ ГАРАЛТАЙ БУГЛАА ӨВЧНӨӨР ХАНДДАГ

Улсын төв нэгдүгээр эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт 24  ор, хоёр амбулаторитай. Улсын хэмжээнд өвчтөн хүлээн авч, үйлчилдэг уг эмнэлэгт жилд дунджаар 3-4 мянган гаруй хүн ханддаг байна. Эдгээр хүмүүсийн 10 хувийг нь унтуулж, 90 хувьд нь хэсгийн мэдээ алдуулалт хийж, мэс засал хийдэг гэнэ. Нэг жилд гэхэд идээ нь бугласан 4000 хүнд хэсгийн мэдээ алдуулалттай мэс засал хийдэгээс, ерөнхий мэдээ алдуулалттай мэс засал 300, идээ бүх биеэр тархаж, амь насаа алдах 2-3 тохиолдол гардаг бол 4-5 хүн эрүүний ясаа тайруулдаг юм байна.

Мэс залын аргаар зүсэлт хийсэн ч идээ бүрэн гадагшилдаггүй гэнэ. Учир нь амьд нян бактерууд агаартай, агааргүй орчинд ч амьдрах чадвартай ажээ. Зарим хүнд өвчтөнүүд 2-3 удаа дахин мэс засалд ордог юм байна. Мэс заслын дараа дор хаяж 7-14 хоног байнгын хараа хяналтан дор хүчтэй эмчилгээ болон боолт хийлгэж эдгэрдэг байна.

Манай улсын иргэдийн дунд эрүү нүүр орчмын шүдний гаралтай буглаа яагаад үүсээд байгаа шалтгааны талаар Улсын төв нэгдүгээр эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн дагалдан эмч, Анагаах Ухааны Доктор Б.Дөлгөөн тайлбарлахдаа "Хүмүүс завгүй гэсэн шалтгаанаар шүдний эмчид ханддаггүй. Өвдөхөөрөө дураараа өвчин намдаах эм, антибиотик болон янз бүрийн эм ууж даамжруулдаг. Гэтэл өвчин нь түр зуур л намдаад гол голомт нь улам хүндэрдэг. Хоёрдугаарт гэр ахуйн аргаар халуун, хүйтэн жин тавих нь маш буруу. Жин тавьснаар үрэвслийг улам хурдасгаж, хүндрүүлдэг. Мөн шээс болон янз бүрийн юмаар амаа зайлдаг хүмүүс их байна. Ингэлээ гээд өвчин эдгэхгүй. Нэг өвчтөн тэмээний шээсээр амаа зайлснаар шүднүүд нь бутарч унасан тохиолдол гарч байсан. Мөн янз бүрийн өмхий тос, шүдний оо түрхэж байна. Энэ бүх аргууд өвчнийг нь эдгээх бус улам хүндрүүлэх шалтгаан болж байна. Тиймээс иргэд амны хөндийн эрүүл ахуйдаа анхаарч, өдөр бүр 2-оос доошгүй удаа шүдээ угааж хэвших хэрэгтэй. Мөн эмчдээ үзүүлж шүдээ цаг тухайд нь эмчлүүлэхийг анхаарууллаа."

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж