Махассан МОНГОЛ, хөөсөрсөн ҮНЭ, хоосон ЛАНГУУ

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Махассан МОНГОЛ, хөөсөрсөн ҮНЭ, хоосон ЛАНГУУ

Махассан МОНГОЛ, хөөсөрсөн ҮНЭ, хоосон ЛАНГУУ

Махаар “цангасан” монголчууд амралтын өдрүүдэд нөөцийн маханд дугаарлан уртаас урт дараалал үүсгэх нь картын барааны үеийг санагдуулам. Зарим хүмүүс социализм эргэн ирсэн тухай нүүр номдоо "тунхаглажээ".

Махны үнэ огцом өссөнд хөдөөнийхөн баяртай, харин төв суурингийнханд томоос том асуудал болсон.  Тиймээс махны үнийг зохицуулах олон арга хэмжээ төрөөс авч эхэлсний нэг нь ТЕГ-ын гүйцэтгэх ажиллагаа. Нөгөө нь нөөцийн махны борлуулалт.   Уг нь, нийслэлд махны үнийн хөөрөгдлөөс сэргийлж, харьцангуй хямд үнээр нөөцийн мах худалдаалах 137 цэг бий. Өнгөрсөн жил мөн ийм хэмжээний цэгүүдээр дамжуулан нөөцийн мах худалдаалсан. Гэхдээ өнгөрсөн жил бол махны үнэ хямд, нийлүүлэлт ч сайн байсан юм. Энэ удаад нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хэр хэмжээний мах худалдсан, одоо нийслэлийн хаврын хүнсэнд хэр хэмжээний мах үлдээд байгаа, тэнгэрт хадаад байгаа шинэ махны үнэ буурсан эсэхийг сурвалжиллаа.

   Нөөцийн мах худалдаалах цэгүүдэд ачаалал ямар байгааг сонирхон нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрийг зорилоо. Циркийн хажууд байрлах тус дэлгүүрт ортол хөлдөөгч нь хоосон байв. Худалдагчаас нөөцийн мах хэзээ ирэхийг асуухад “Нөөцийн мах Даваа, Лхагва, Баасан гаригт ирж байгаа. Ирээд 30 минутын дотор дуусдаг. Анх 500 кг мах ирдэг байсан бол өнөөдөр /2019.5.20/ 100 кг л ирлээ. Бид нөөцийн мах гаргаж байгаа үйлдвэр дээр өөрсдийн унаагаар очиж, мөнгөө төлж мах авчирдаг. Гэтэл үйлдвэр нь хүссэн хэмжээний мах нийлүүлж чадахгүй байна. Өргөтгөсөн худалдаанд оролцоод нөөц багассан тул өнөөдөр 100 кг мах л нийлүүлэх боломжтой гэсэн. Гэтэл манай дэлгүүрийн урд мах авах гэсэн өвөө, эмээ нар мах ирэх өдөр бүр дугаарлаад л зогсчихдог юм. Нөөцийн мах өнөөдөр ирээд  дууссан” гэсэн тайлбар өгөв.

МАХНЫ ҮНЭ ДАХИЖ ӨСӨХГҮЙ

Харин нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн ахлах мэргэжилтэн Ч.Батхүү махны үнэ дахиж хөөрөгдөхгүй гэдгийг онцлов. Түүнээс нийслэлийнхний хүнсэнд хэр хэмжээний мах үлдээд байгааг болон махны үнэ цаашид өсөх эсэхийг тодрууллаа.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон өргөтгөсөн худалдаагаар урт дараалал үүсч, нэг хүнд таван килограмм мах л өгч байсан. Нийслэлийнхний хүнсний хэрэгцээнд хэр хэмжээний нөөцийн мах үлдээд байна вэ. Дахин өргөтгөсөн худалдаа зохион байгуулах уу?

-Урт дараалал үүссэн нь олон шалтгаантай. Өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашингүй өдөр тохиосон. Бас зарим газруудад тог тасарснаас үүдэн, мах бэлтгэх, хөрөөдөх үйл ажиллагаа доголдсон. Өргөтгөсөн худалдаагаар 120 тонныг борлуулсан байна. Ингэснээр нийтдээ 1710 тонн нөөцийн мах борлуулаад байна. Энэ нь бэлтгэсэн нөөцийн махны 42 хувийг эзэлж байгаа юм. Үлдсэн нөөцийн махыг зургаадугаар сарыг дуустал борлуулна. Энэ хугацаанд дахин өргөтгөсөн худалдаа зохион байгуулах эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-Өргөтгөсөн худалдааны үеэр урт дараалал үүссэн нь борлуулах цэгт мах хүрэлцээтэй байдаггүйтэй холбоотой байж ч болох юм?

-Нийслэлийн хэмжээнд 137 цэгээр дамжуулан нөөцийн махыг худалдаалж байгаа. Гуравхан үйлдвэр 137 аж ахуйн нэгжид нөөцийн махаа хүргэхэд хүндрэл үүсээд байгаатай холбоотой. Үйлдвэрүүд 08.00-22.00 цаг хүртэл өдөр алгасахгүй ажиллаж байгаа хэрнээ ийм хүлээлттэй байгаа.

-Энэ жил өнгөрсөн жилийнхээс гурав дахин бага мах нөөцөлсөн. Магадгүй энэ нь махны үнэ өсөх шалтгаан болсон байж ч болох юм. Одоо махны үнэ нэмж өсөх юм биш биз? 

-Махны үнийг тогтвортой байлгахын тулд бид ажилласаар байгаа. Одоо махны үнэ тогтворжсон, дахиж өсөхгүй.

-Ирэх жил махны үнэ өсөхгүй гэх баталгаа байна уу. Үнийг тогтворжуулахын тулд ямар ажил хийж байна вэ?

-Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг тендэрээр сонгон шалгаруулдаг. Энэ жил тендэрт нэлээд хэдэн компани оролцсон ч арилжааны банкны шаардлагыг гуравхан компани л хангасан. Ингээд гурван компани 4000 тонн мах нөөцөлсөн юм. Ирэх жил нөөцийн махыг ямар журмаар бэлтгэх нь одоогоор тодорхойгүй байна. Махны үнийг тогтвортой байлгахын тулд холбогдох байгууллагууд боломжтой бүх арга хэмжээг авч ажилладаг.

МАХНЫ ҮНЭ 400-1000 ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

Махны төрөлжсөн зах болох  "Хүчит шонхор худалдааны төв"-д үнэ хямд, сонголт ч арвин байдаг. Тиймээс тус захаар  орж махны үнэ тогтворжсон эсэх болон махны үнэ өсөх  эсэхийг лавлалаа. Махны худалдагчийн хэлж буйгаар "Нэг хэсэг махны үнэ өсч байсан бол одоо тогтворжиж байна. Шинэ махны нийлүүлэлт ихсэхээр үнэ буурдаг талтай. Одоо шинэ мах гараад эхэлсэн болохоор махны үнэ буурах байх. Тиймээс махны үнэ одоо өсөхгүй" гэж байлаа. Харин махны үнэ өнгөрсөн долоо хоногоос 400-1000 төгрөгөөр буурсан аж. Тухайлбал, үхрийн мах 12 мянга, адууны мах 9000, хонины мах 10500, ямааны мах 8800 төгрөгийн үнэтэй байлаа.

Махны үнэ бага зэрэг буурсныг мэдсэн эсэхийг иргэдээс тодруулсан юм.  

МАХНЫ ҮНИЙГ БОДЛОГООР БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА 

-Махны үнэ бага зэрэг буурсан гэж байна. Гэхдээ гуравхан сая хүнтэй, 66 сая толгой малтай хэрнээ мах нь ийм өндөр үнэтэй байж болохгүй. Иргэд яаж амьдрах юм бэ. Махны үнийг бодлогоор бууруулах хэрэгтэй байна. Нөөцийн махны үнэ шинэ махнаас арай хямд байдаг. Гэхдээ тэр нь дэлгүүрт ирсэн даруйдаа л дуусчихдаг юм билээ. Бас их дараалалтай байгаа харагддаг.

МАНХНЫ ҮНЭ БАГА ЗЭРЭГ БУУРСАН БАЙНА

Махны үнэ бага зэрэг буурсан байна. Гэхдээ л үнэтэй байна. Нөөцийн махны үнэ шинэ махнаасаа харьцангуй хямд ч хүртээмжгүй байдаг. Зурагтаар нөөцийн мах авахаар уртаас урт дараалал үүссэн байгаа харагдсан. Нөөцийн мах дэлгүүр дээр ирээд л дуусчихдаг гэсэн. Тиймээс махны үнийг ямар нэгэн байдлаар буулгахад анхаарах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж