Төрдөө шоовдорлогдсон Их зохиолчийн гэр музейн гунигт түүх

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Төрдөө шоовдорлогдсон Их зохиолчийн гэр музейн гунигт түүх

Төрдөө шоовдорлогдсон Их зохиолчийн гэр музейн гунигт түүх

Их зохиолч Д.Нацагдоржийн гэр музей үүдээ хааж, үзмэрүүд нь тоосонд дарагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ.  Одоогоос  таван жилийн өмнө 2014 оны долдугаар сард Монголын зохиолчдын эвлэлийн байрны гуравдугаар давхарт уг музейг шинээр нээж байсан ч 2017 онд татан буугдсанаар өдгөө эд өлгийн зүйлс, үзмэрүүд нь номын сангийн жижигхэн өрөөнд хав дараатай байна. Харин гурван танхим бүхий музейн байр нь харуул хамгаалалтын албаны байр болжээ.  Их зохиолчийн  амьдрал уран бүтээлийг харуулсан гэр музей хаалгаа барьж, үзмэр нь номын сангийн өрөөнд “түгжигдсэн” шалтгаан нь музейг зорих хүнгүй болж, үр ашиггүй зардал гарах болсон тул албан байгууллагад түрээслүүлэхээр болсон гэж  Монголын зохиолчдын эвлэлээс тайлбарлалаа. Тус газар нь орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Их зохиолч Д.Нацагдоржийн музейг өмчилдөг юм.

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал М.САРУУЛДАЛАЙ:

-Д.Нацагдоржийн музей анх одоогоор ubmart дэлгүүрийн  хойно байсан. Музейн байранд өргөтгөл хийж хоёр давхар болгосон ч одоогоор музей бүүхэл жирийн үйл ажиллагаа явуулахад ч бэрх, шаардлага хангахааргүй болсон юм. Иймд Монголын зохиолчдын эвлэлээс өөрсдийн гурван өрөө байрыг тохижуулж Д.Нацагдоржийн нэрэмжит түр музейг 2014 онд байгуулсан. Уг музейд Их зохиолчийн эдэлж хэрэглэж байсан сандал, ширээ, гэрэл зураг гэх мэт үзмэртэйгээр хоёр жил орчим үйл ажиллагаагаа явуулсан.

Бидний зүгээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейг үнэ төлбөргүй үзүүлэх, том хүн 500 төгрөгийн хураамжтайгаар олон нийтэд танилцуулах гэж хичээсэн ч ирж үзээгүй. Ерөнхий боловсролын сургууль бүрт музейн тухай танилцуулга мэдээллийг хүргэсэн ч хүүхдүүд тоодоггүй юм билээ. Үндсэндээ музей ашиггүй байсан. Монголын зохиолчдын эвлэл нь төрөөс ямар нэгэн санхүүжилтгүй, Зохиолчдын эвлэлийн байраа түрээсэлж ажилладаг тул музейн байраа албан байгууллагад түрээслүүлэхээр болсон.

Бидний тооцооллоор албан байгууллагад түрээслүүлэх нь музейгээсээ илүү ашигтай байсан болохоор Их зохиолч Д.Нацагдоржийн  эд өлгийн зүйлс, үзмэрүүдийг кодолж хадгалсан. Их зохиолчийн амьдрал, уран бүтээлд холбогдох  нийт 100 гаруй төрлийн 400 үзмэр бүртгэлтэй байна. Үүний ихэнх нь фото, гэрэл зураг эзэлж байгаа юм. Өмнө нь намайг Монголын зохиолчдын эвлэлийн хяналтын зөвлөлийн дарга байх үед Д.Нацагдоржийн музей нь бүртгэлгүй, үзмэр нь тооллогогүй байсныг бид ангилж бүртгэлтэй болгосон. Музейн барилга UB mart дэлгүүрийн хойно байрладаг. Нийт 410 мкб бүхий өмчлөлийн гэрчилгээтэй газар байгаа гэсэн үг. Үүнийг орчин цагийн музей болгохоор ажиллаж байна. Бидний зүгээс өөрсдийн санхүүжилтээр музейн барилгыг босгох ямар нэгэн боломжгүй. Хажууд нь байгаа “Нью жуулчин” гэж компаниас Г.Мөнхцэцэг даргын үед гурав дөрвөн удаа санал ирсэн юм билээ.

Монголын зохиолчдын эвлэлийн 2017 оны Их чуулганаар Д.Нацагдоржийн музейг барих асуудлыг хэлэлцэхдээ гишүүдийн ихэнх нь одоогийн барилгын газрыг “Нью жуулчин” компанид ашиглуулж, тус компаниас өөрсдийн санхүүжилтээр орчин үеийн 10 давхар бүхий барилга барьж ашиглалтад оруулахад тодорхой талбайг нь музей болгоё гэдэгт санал нэгдсэн. Учир нь одоогийн музейн барилга гурван талаасаа орц гарц нь хаагдсан, музей бүү хэл цайны газар явуулахад ч хүндрэлтэй байгаа. Тиймээс л хажуугийн “Нью жуулчин” компаниас дулаан гарааш, зогсоол барих шаардлагатай байгаа тул музейн орц гарц нь хаагдсан барилгын газрыг хамт ашиглаж орчин үеийн 10 давхар барилгыг өөрсдийн санхүүжилтээр барих санал тавьсан. Барилга ашиглалтад орвол бидэнд  540 мкб талбай өгөх юм.

Барилга ашиглалтад орсны дараа энэ талбайд Д.Нацагдоржийн музейг байгуулах үгүйг Их чуулганаараа шийднэ. Их зохиолчийн нэрэмжит музейг байгууллаа ч хүн үзэх эсэх нь тодорхойгүй. Д.Нацагдоржийн нэрэмжит музей бол тийм ч үнэт үзмэртэй биш. Ер нь музейг шинээр барих тухай асуудалд төрөөс ямар нэгэн дэмжлэг байхгүй, энэ тухай Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас бидэнд ямар нэгэн санал ирүүлээгүй. Ер нь төрийн ажлыг төрийн бус байгууллагынхан л хийж байна шүү дээ.

Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралынхаа сүүлчийн хоёр жилийг өнгөрүүлсэн байшин нь одоогийн нэгдүгээр сургуулийн хойно байсныг буулгаж, 1966 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор музей болгосон түүхтэй. Хожим 1982 онд шинэчлэн тохижуулж, үзмэрүүдийг нь ховор нандин гэрэл зураг эд өлгийн зүйлсээр баяжуулж байв. Харин 1994 оноос музейн үйл ажиллагаа үндсэндээ зогссон тул музейн байрыг өргөтгөж хоёр давхар болгохоор шийдвэрлэснээс хойш өнөөдрийг хүртэл царцанги байна. Цаашид музейн барилгыг хэн хаанаас хариуцах нь тодорхой бус байгаа юм. Харин Боловсрол Соёл шинжлэх ухаан спортын яамнаас Их зохиолч Д.Нацагдоржийн музейг албан байгууллагынх тул улсад харьяалагдахгүй гэх байр суурийг илэрхийлж байгаа.

ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН МУЗЕЙ НЬ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫНХ 

Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.ДАВААЦЭРЭН:  

-Их зохиолч Д.Нацагдоржийн гэр музей нь  өөрийн гэсэн барилгагүй Монголын зохиолчдын эвлэлийн барилгад байрлаж буй. Яах вэ, үйл ажиллагаа нь доголдож хаалттай, эсвэл үүдээ нээсэн, музейн зүйлсийг авсан, аваагүй гэдэг олон асуудал яригддаг. Энэ бол байгууллагын музей. Тэр дундаа одоогийн хэлбэрээр Төрийн бус байгууллагынх. Бидний зүгээс  тус музейд буй үнэ цэнтэй зүйлсийг бүртгэлжүүлж мэдээллийн санд хадгалахыг зөвлөдөг. Бидний хувьд энэ үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн орчин дутмаг учраас тэр бүр хувийн хэлбэрт байгаа музейнүүдийг хяналтад авах ажил төдийлөн урагшлахгүй байна. Энэ жил музейн хуультай болно. Ингэснээр музейн үйл ажиллагаа эрхэлж л байгаа бол заавал төрд тайлагнах ёстой хууль эрхзүйн орчин бүрдэнэ. Төрөөс дэмжлэг туслалцаа авдаг хуулийн орон зай бий болно.

Манай улс зохиолчдынхоо бичиг захидал, үнэт өвийг хадгалах хамгаалах ажил сүүлийн 25 жилд хөсөр хаягдсаны нэгэн тод жишээ нь Их зохиолч Д.Нацагдоржийн музейгээс харж болохоор байна. Орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг болсон суут хүнийхээ нэгэн цагт эдэлж хэрэглэж байсан үнэт зүйлс нь өдгөө төрдөө "шоовдорлогдож" буйн гуниг  номын сангийн давчуухан өрөөнд хөглөрөх эд зүйлсээс төрж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж