Ноолуурын салбар дахь Монголын боломж

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

Ноолуурын салбар дахь Монголын боломж

Ноолуурын салбар дахь Монголын боломж

Ноолуур нь дээд зэрэглэлийн тансаг материалд тооцогддог. Эрхэмсэг, зөөлөн мэдрэмжийг төрүүлж, эдэлгээ даах чанартай учир олон арван жилийн турш хувцас загварын салбарт эрэлттэй материал байсаар иржээ. Дэлхийн ноолуурын зах зээлийн 90 хувийг Монгол, Хятад улс хангадаг. Монгол Улс нь жилд 19,8 сая ширхэг нэхмэл, ноолууран бүтээгдэхүүн экспортлох нөөц боломжтой ч хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байна. Хэрэв дээрх хэмжээний бараа бүтээгдэхүүнийг жилд үйлдвэрлэж чадвал Монгол Улс экспортоос 1,78 тэрбум ам.долларыг олох боломжтой. Гэвч бид ноолуурынхаа 80 гаруй хувийг экспортлоод үлдсэнээр нь дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монгол Улсын Засгийн газраас ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэн боловсруулалтын түвшнийг 60 хувьд хүргэж, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2017 оны байдлаар нийт ноолуурын экспортын 20 хувийг бэлэн бүтээгдэхүүн эзэлж байсан бол 2021 онд 60 хувьд хүргэхээр зорьж байна. Өдгөө ноолуур нь Монголын эрдэс баялгийн бус экспортын бүтээгдэхүүний 40 орчим хувийг бүрдүүлдэг.

ЭЕРЭГ МЭДЭЭ

Хятадаас экспортлох ноос, ноолууран бүтээгдэхүүнд АНУ импортын тариф тогтоогоод байгаа юм. Улмаар АНУ-ын хууль санаачлагчид Монголын ноолуурыг татваргүй экспортлох “Гуравдагч хөршийг дэмжих тухай хууль”-ийн төслийг  конгресст хоёр ч удаа өргөн барьж, батлах шатандаа явж буй. Энэ нь манай үндэсний брэндүүд АНУ-д өрсөлдөгчгүй үйл ажиллагаа явуулах боломжийг нээхээс гадна тус салбар дахь урд хөршийн хэт нөлөөг буруулах давхар ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ ноолуурын салбарыг хөгжүүлэхийн төлөөх олон улсын байгууллагууд  дэлхийн угаасан болон бохир ноолуурын хоёр дахь том экспортлогч  орон болох Монгол Улсад гол анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, ноолуур нийлүүлэлтийн сүлжээг дагнасан “Тогтвортой утасны холбоо” ашгийн бус байгууллагаас Монголд “Ноолуурын салбарын бага хурал-2019”-ыг зохион байгуулжээ. Монгол Улсын ноолуурын ямааны тоо толгой 30 сая дөхсөн нь 1990-ээд онд тавхан сая байсантай харьцуулбал зургаа дахин өсчээ. Улмаар манай улсын ноолуур үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 9400 тоннд тооцогдож байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олон улсын болон орон нутгийн байгууллагуудтай хамтран малчдад зөвлөгөө, тусламж хүргэх замаар бэлчээр ашиглалтыг зөв зохистой болгох, тооноос илүү чанарыг чухалчлахыг сурталчлах үйл ажиллагаа явуулахыг зорьж байна.

СӨРӨГ МЭДЭЭ

Гэтэл үүнтэй зэрэгцэн АНУ-д төвтэй амьтны эрхийг хамгаалах “PETA” байгууллагаас ямааны ноолуурыг уламжлалт аргаар самнаж боловсруулах технологийг маш бүдүүлэг, тухайн амьтныг хүчирхийлж, өвтгөж зовоон, эрхэнд нь халддаг учир ногоон бизнес биш гэх ташаа мэдээллийг барууны ертөнцөд түгээх болсон юм. Улмаар тус байгууллагын лоббид өртсөн дэлхийд нэр хүнд бүхий “H&M”, “Channel” болон “ASOS” зэрэг брэндүүд 2020 он гэхэд уламжлалт аргаар самнаж боловсруулсан ямааны ноолуурыг ноолууран эдлэлийн үйлдвэрлэлдээ ашиглахаас татгалзах шийдвэр гаргажээ. Тус байгууллагаас ноолууран хувцас, эдлэл худалдан авах юм бол эдгээр орнуудад харгислалд өртсөн амьтадынх байх магадлалтай хэмээн  лоббидох болсон аж. Нэг ямаанаас жилд дунджаар 250 грамм ноолуур самнадаг. Тиймээс нэг цамц үйлдвэрлэхэд зургаан ямаанаас самнасан ноолуур хэрэглэгддэг байна.

Үүний зэрэгцээ ноолуурын ямааны тоо толгой нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн доройтол, цөлжилт нэмэгдэж байгааг байгаль орчны мэргэжилтнүүд анхааруулдаг. Ямаа нь өвсийг үндсээр нь зулгааж иддэг тул ургамлыг төлжин ургах нөхцөлгүй болгож, хөрсний доройтолд хүргэдэг аж. Нэг ямаа өдөрт биеийн жингийнхээ 10 хувьтай тэнцэх хэмжээний өвс иддэг байна. Өдгөө Монголын газар нутгийн 70 орчим хувь нь хөрсний доройтолд орж, нийт нутгийн 90 хувь нь цөлжих аюулд орсон хэмээн судлаагчид бичжээ. Улмаар Монголын шороон шуурга Хойд Америкт хүрч шуурч, их хэмжээний агаарын бохирдол үүсгэдэг гэжээ.

БРЭНДҮҮД

“Говь” компани 2018 оны эхний найман сард нийт 93.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсний 35.8 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. “Говь” компани жил бүр гадаад зах зээлд цар хүрээгээ тэлж, 13 орны 34 хотод нийт таван салбар дэлгүүр, 53 сүлжээ дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. ГОВЬ ХК болон ГОЁО ХХК нь хөгжлийн стратеги төлөвлөгөөнийхөө дагуу ойрын 3 жилдээ тус бүрдээ 2,000 тонн түүхий эд бэлтгэх бөгөөд нийтдээ 2000 тонн утас ээрэн, 7 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттойгоо ажиллаж байна. Энэ нь Монгол улсын ноолуурын түүхий эд бэлтгэлийн 50%, дэлхийн 20%-ийг дангаар бэлдэнэ гэсэн үг. Үүний зэрэгцээ Лондонд хувцас загварын чиглэлээр суралцдаг Жаргалсайханы Мандхай бүсгүй өөрийн нэрийн ноолууран хувцасны брэндийг үүсгэн байгуулсан нь дэлхийн алдартнуудын дунд нэр хүндтэй байна. Түүний брэндийн ноолууран хүрмийг загвар өмсөгч Жижи Хадид таашаан хэрэглэх болсноор олонд танигдах болсон. Мөн АНУ-ын хөрөнгө оруулалттай “Наадам” брэнд Монголын малчдаас ноолуурыг худалдан авч гадаадад 75 ам.долларын үнэтэй цамц үйлдвэрлэн худалдаалж эхэлжээ.

Ноолуураас гадна монгол залуус өнгөрсөн онд “Yakmere” брэндийн сарлагийн хөөврөн хувцсыг “Kickstarter”-т санал болгож, 16 мянган ам.долларын санхүүжилт татахаар болсон. Монгол сарлагийн хөөврийг ноолууртай дүйцэхүйц бүтээгдэхүүн болгож, дэлхийн зах зээлд экспортлох зорилттой ажиллаж байгаа энэхүү старт-ап компани бүтээгдэхүүнээ анх санал болгохдоо 10 мянган ам.долларын санхүүжилт татахаар төлөвлөж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж