“NEWS” агентлаг УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн 76:1 буландаа Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг онцолж байна.
МАН-ын гишүүдээс хамгийн баян, хамгийн олон компанитай, нас бага, шинэхэн улстөрч Н.Цэрэнбат өнөөдөр Засгийн газрын гишүүн сацуу хамгийн их гадна, дотоодын мөнгө эргэлдэж байдаг Байгаль, орчин аялал жуулчлалын яамыг толгойлж байна. Тэрбээр 2016 онд Увс аймгаас УИХ-д сонгогдсон, МАН-ын бас л нэг “бор халзан хонь”-уудын нэг. Ингэж хэлэх учир түүнд улс төрийн туршлага огтхон ч байхгүй. Ердөө УИХ-ын гишүүний туслахаар хоёр жил хэртээ ажиллаж байсныг нь эс тооцвол өөрөөр улс төрд ойртсон сэжүүр үнэндээ алга. Санхүүгийн менежмент чиглэлээр сургууль төгссөн тэрбээр 30 гаруйхан насандаа 26 компанитай болж чадсан бизнесийн луухар. Түүнийг харсан, үзсэнээ мөнгө болгож хардаг, чаддаг ийм л хүн гэж тодорхойлохоор байна.
Түүний улс төрд орж ирсэн шалтгаан болон шалтаг нь тодорхой. Аливаа нам мөнгөтэй гишүүнээ дээш нь татаж, бас тоодог. МАН-ын энэ шалгуурыг Н.Цэрэнбат хангасан учир улс төрд орох боломж нь нээгдсэн. МАН-ынхан түүнийг хөрөнгө мөнгөтэйг нь бодоод УИХ-д нэр дэвшүүлсэн нь тодорхой. Мань эр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн итгэлийг ч олж өдгөө танхимын сайдаар нь ажиллаж байна. Хэл амтай салбарыг толгойлж буйн хувьд хамгийн их хэл аманд өртдөг сайд, цаашдаа ч өртөх байх.
Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар очсон даруйдаа тэрбээр яамандаа засвар хийх нэрийдлээр өөрийнхөө хамаарал бүхий компани руу мөнгө шилжүүлсэн байж болзошгүй гэх асуудалд холбогдсон. Ер нь түүнийг элдэв мөнгө төгрөг идэж уусан гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа хэдэнтээ гардаг ч батлагддаг нь бас байхгүй. МАН-ын гишүүдийн холбогдсон алдарт ЖДҮ-гийн хэрэгт мөн түүний нэр холбогдсон. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хувь эзэмшдэг байсан компани нь ЖДҮХС-аас 1,6 тэрбум төгрөгийн зээл авсан баримт ч дэлгэгдсэн. Гэвч Н.Цэрэнбат сайд тухайн үед энэхүү компанийг өөрийн хамаарал бүхий этгээд биш, Ш.Мөнхбаяр гэх хүнд худалдсан гэх тайлбарыг өгч байсан юм. Түүнээс гадна Н.Цэрэнбат сайдын эзэмшдэг “Булган буудайн түрүү” гэх компани ч мөн хэд хэдэн сангаас зээл авсан асуудал сөхөгдөхөд Н.Цэрэнбат бас л энэ компанийг би эзэмшдэггүй, өөр хүнд худалдсан гэдэг тайлбар өгч байв.
Байгаль, орчин аялал жуулчлалын яамыг толгойлж буй 1.5 жил орчмын хугацаанд тэрбээр аялал жуулчлалыг түлхүү ярих болсон. Гэхдээ мэдээж, салбарыг нь толгойлж буйн хувьд агаар хөрсний бохирдол түүний анхаарал хандуулах ёстой ажил юм.
Янданд утаа шүүгч байрлуулна хэмээж агаарын бохирдлыг бууруулахад энэ оны төсөвт 200 орчим тэрбум төгрөгийг суулгасан. Тус хөрөнгөөр сайжруулсан түлшний үйлдвэр барихаас гадна гэр хорооллын 100 мянган айлын янданд утаа шүүгч байрлуулна гэдгийг салбарын сайд нь мэдэгдсэн. Түүний утаатай тэмцэх бодлого нэг ийм.
Өнөөдөр хотод ургаж байгаа ногоон мод алга, хамаг ургамал нь сааралтаж тоосондоо дарагдан Улаанбаатар утаат Шороонбаатар болж хувирсан. Уг нь бид дэлхийн “Ногоон элч” сайдтай улс шүү дээ. Үнэндээ өөрт нь ахадсан энэ шагналыг өнгөрсөн оны төгсгөлд Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас олгосон. Урдах хариуцсан салбарынхаа ажлыг олигтойхон хийчхээгүй атлаа хэнэг ч үгүй дээрх шагналыг авсан нь хэсэгтээ л сошиал орчинд олны дургүйцлийг хүргэж байв.
Тэрбээр аялал жуулчлалын салбарыг 2020 он гэхэд 2.5 их наяд төгрөгийн орлоготой эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно гэж амласан. Зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай хэдий ч сүүлийн 10 жилд Монголд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байгааг мэргэжлийнхэн хэлдэг. Үүний шалтгаан нь жуулчдад таагүй Монгол хандлага. Салбарын сайд нь энэ чиглэлд юу хийх нь өнөө хэр олны анхаарлыг татсан хэвээр.
Н.Цэрэнбат сайдын гэр бүл 2015 онд 18 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд 32 сая төгрөг, 2017 онд 86 сая төгрөг, 2018 онд 61 сая төгрөгийн орлого олж байгаагаа ХОМ-тээ мэдүүлжээ. Н.Цэрэнбатын хувьд гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 934 сая төгрөгийн үнэлгээтэй. Мөн Lexus, RX 400, Toyota, Land Cruiser 200 гэх хоёр машинтай. Машинуудын үнэлгээ 286 сая төгрөг. Ногоон салбарын "ногоон" сайдын тухай өгүүлэхэд нэг иймэрхүү. Ногоон гэдэг нь олон салаа утгатай үг билээ.
Ингээд түүний намтрыг хүргэе.
- 1996 онд Увс аймаг Улаангом 2-р 10 жилийн сургууль
- 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
- 2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2000-2001 онд Мобиком корпораци
- 2003-2004 онд “Таван богд” групп
- 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
- 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
- 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д
- 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
- 2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
ШАГНАЛ:
2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
ГАДААД ХЭЛ:
Англи, Орос
Холбоотой мэдээ