"Ирэх жилээс буцаан олголтыг улирал тутам өгнө"

Хуучирсан мэдээ: 2019.05.21-нд нийтлэгдсэн

"Ирэх жилээс буцаан олголтыг улирал тутам өгнө"

"Ирэх жилээс буцаан олголтыг улирал тутам өгнө"

Ebarimt системийн шинэ хувилбарын талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захиргааны албаны менежер С.Чулуунхүүтэй ярилцлаа. 


ГАРААР БАРИМТАА БҮРТГҮҮЛЭХЭЭС ИЛҮҮ ГАР УТАСНЫ QR КОДОО УНШУУЛАХ НЬ БАТАЛГААТАЙ

Ebarimt системийн шинэ хувилбар 2.0 хэрэглээнд энэ сарын эхээр нэвтэрсэн.  Хэрэглэгчдэд ямар ямар шинэ боломжууд нээгдсэн бэ?

Шинэчлэгдсэн И баримт 2.0 хувилбар нь 24 цагийн  онлайн туслахтай болсон. Түүнээс гадна өмнө нь татварын буцаан олголттой холбоотой мэдээлэл мессежээр ирдэг бол notification буюу мэдэгдлээр очдог болсон. Энэ сараас эхлээд гар утасны QR кодоо уншуулаад баримтыг хэвлэгдэхээс нь өмнө уншуулах боломжтой болсон. Аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авалт хийсэн тохиолдолд өөрийн бүртгэлтийн бар /QR/ кодыг  ашиглан баримтаа бүртгүүлэх боломжтой болсон гэсэн үг.

Өмнөх хувилбарт нийт авах татварын буцаан олголтын үнийн дүнг харуулдаг байсан бол  шинэ хувилбар 2.0 нь  тухайн баримт бүрийн ард хэдэн төгрөг буцаан олгохыг харуулдаг болсон.  Ингэснээр НӨАТ-ын буцаан олголттой холбоотой мэдээллийг илүү ойлгомжтой хэлбэрээр харуулдаг болж байгаа юм.

“Миний буцаан олголт бага байна”, “Зарим баримтыг баталгаажихгүй байна” гэх мэт гомдол иргэдээс их   ирдэг. Тиймээс гар утасны аппликешнээр дамжуулан баримтын мэдээллээ дэлгэрэнгүй харах боломжийг нэмэгдүүлсэн. Тэгэхээр таны бүртгүүлсэн баримтаас тэдэн төгрөг буцаан олгогдож байна, энэ баримт буцаан олголтгүй байна гэх мэтийн статистик мэдээллийг өгч эхэлсэн гэсэн үг.

-Систем хөгжүүлэлтийн ажлууд амжилттай хэрэгжиж байгаа юм байна. Ер нь хэрэглэгчийн тоо хэр их өсч байгаа вэ?

“И-баримт” системийн анхны техник эдийн засгийн үндэслэлийг  2014 оны дөрөвдүгээр сард боловсруулж, аравдугаар сараас нь хөгжүүлж эхэлсэн байдаг. Ингээд системийг 2016 онд зах зээлд нэвтрүүлсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уг систем 807 мянган хэрэглэгчтэй болтлоо өргөжсөн байна. Хэрэглэгчийн тоо болон хэвлэж буй баримтын тоо жилд 40 хувиар өсөж байгаа үзүүлэлттэй. Тухайлбал, хэрэглэгчдийн тоо 2017 онд  таван хувиар, 2018 онд 19 хувиар  өссөн.  Мөн  хэвлэгдсэн баримтын тоо 2017 онд өмнөх  жилийнхээс  29.3  хувь,  2018  онд 32.2 хувь, баталгаажсан баримтын тоо 2017 онд өмнөх жилээс  84 хувиар, 2018 онд 59.5  хувиар  тус  тус өссөн байна.

-Татварын албанд өнгөрсөн  гурван  жилийн хугацаанд иргэдээс  “Аж ахуйн нэгж /ААН/илгээгээгүй" гэсэн гомдол хамгийн  ихээр ирсэн  гэж сонссон юм байна. Үүнийг хэрхэн зассан бэ?

-Өнгөрсөн хугацаанд иргэдээс системтэй холбоотой санал, хүсэлт олон ирсэн. Тухайн саналыг нягталж, бид тухай бүрт нь системээ сайжруулж байсан. Харин энэ удаагийн шинэчлэлт гурван жилийн турш гомдол дагуулж байсан хүндрэлүүдийг нэг дор шийдэж байгаагаараа онцлогтой. Иргэдийн хувьд бүртгэлийн мэдээллээ алдаагүй болгож засварлах, мөн үнийн дүн зөрүүтэй болон ААН илгээгээгүй төлөвт байгаа баримтуудаа засварлаж, дахиж бүртгүүлэх шаардлагатай.

ААН илгээгээгүй төлөв нэлээд олон шалтгаантай. Нэгдүгээрт, үнэхээр тухайн аж ахуйн нэгж нь баримтаа нэгдсэн системд илгээгээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа буюу 72 цагийн дотор илгээх ёстой. Аж ахуйн нэгж хугацаандаа илгээгээгүй үед тухайн иргэн түрүүлээд бүртгүүлсэн үед  ААН илгээгээгүй  гэсэн төлөв рүү   шилждэг.

Тухайлбал, хэрэглэгч QR кодоор уншуулахад бүртгэгдлээ гэж гарч ирдэг. Тухайн бараа бүтээгдэхүүний баримтыг 72 цагийн дотор бүртгүүлсэн мөртлөө ААН илгээгээгүй төлөвтэй байвал тухайн бай­гуул­лага мэдээллээ ирүү­лээгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт, QR код уншигдах боломжгүй баримтыг гараар шивж оруулдаг. Гараар шивж оруулахад сугалааны эхний хоёр үсгийг буруу оруулах, арын найман орныг буруу бичсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөвт орчихдог. “Үнийн дүн зөрүүтэй” гэсэн алдаа ч хувь хүн гараар баримтаа бүртгүүлэхдээ алдсанаас үүсдэг.  Тиймээс гар утасны QR кодоо уншуулах нь баталгаатай гэсэн үг.

ИРГЭД НӨАТ ТӨЛӨГЧ, НӨАТ ТӨЛДӨГГҮЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДҮНГ ХОЛИОД БОДЧИХДОГ. ТЭГЭХЭЭР ЗӨВ ДҮН ГАРАХГҮЙ

-Үүнээс гадна алдаатай мэдээлэл нийлүүлдэг байгууллагуудыг хийрхэх вэ?

-Монгол Улсад кассын систем нийлүүлдэг 70 орчим байгууллага бий. Тэд нэгдсэн системд холбогдох кассын программ хангамжийг боловсруулдаг юм. Ингэхдээ зарим кассын программуудаас алдаатай мэдээлэл ирэх тохиолдол байдаг. Жишээ нь, НӨАТ төлөгч бус аж ахуйн нэгжээс НӨАТ-тай баримт илгээх, дүнгийн тооцоолол алдах гэх мэт алдаа гаргадаг нь үүнтэй холбоотой. Бид ч бас энэ талд онцгой анхаарч, сайжруулж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард бид кассын программ нийлүүлэгч байгууллагуудтай уулзаж, хамтран ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус алдаа 90 гаруй хувьтай засагдсан байна.

-Ямар байгууллагууд НӨАТ төлдөггүй  юм бэ? Үүнийг НӨАТ төлөгч байгууллагаас хэрхэн ялгах юм бэ?

50 сая төгрөг хүртэлх борлуулалттай ААН-үүд НӨАТ төлөгч байгууллага болдог бол сарын арван сая хүртэлх төгрөгөөс дээш орлоготой ААН-үүд татварын албанд хүсэлт гаргасны дараа НӨАТ төлөгч байгууллага руу шилждэг. НӨАТ төлдөггүй байгууллагуудын баримт зөвхөн сугалаанд оролцох эрхтэй. Хүмүүс баримтуудынхаа үнийн дүнг бодохдоо НӨАТ төлөгч, НӨАТ төлдөггүй байгууллагуудын дүнг холиод бодчихдог. Тэгэхээр зөв дүн гарахгүй.

Шинэчлэгдсэн И баримт 2.0 хувилбарт тухайн баримт бүрийн ард хэдэн төгрөг буцаан олгохыг харуулдаг болсон талаар  ярианы эхэнд дурдсан. Хэрэв үнийн дүнгийн ард цэнхэр хүрээ буюу  бичиггүй байгаа бол НӨАТ төлдөггүй байгууллага гэсэн үг.

-Жилийн эцсээр олгодог буцаан олголтыг сар бүр олгохоор яригдаж байсан шүү дээ. Энэ асуудал юу болсон бэ? Иргэд их хүлээлттэй байх шиг байна?

-НӨАТ-ын урамшууллыг улирал бүр олгодог болох нь богино хугацаанд санхүүгийнх нь орлогыг шилжүүлж байгаа хэлбэр.  Энэ талаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэх татварын багц хуульд тусгасан. Ирэх жилээс буцаан олголтыг улирал тутам олгож эхэлнэ. Мөн бусад төрлийн татварууд дээр ч буцаан олгодог болгохоор байгаа.

 Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж