&#34Хот төлөвлөлтийнхөө дагуу бүтээн байгуулалтаа өрнүүлж байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

&#34Хот төлөвлөлтийнхөө дагуу бүтээн байгуулалтаа өрнүүлж байна&#34

С.Одонтуяа: Ховдчууд хот төлөвлөлтийнхөө дагуу бүтээн байгуулалтаа өрнүүлж байна

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар энэ долоо хоногийн дундуур /2015.05.26-28-ны өдрүүдэд/ Ховд аймагт ажиллалаа. Энэ талаар С.Одонтуяа гишүүнээс тодрууллаа.

-Ховд нутагт хөл тавьсан анхны сэтгэгдлээ хуваалцаач?

-Би анх таван жилийн өмнө энд ирж байсан. Богино хугацаанд маш их өөрчлөгдсөн байна. Улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Өнгөрсөн 3, 4 дүгээр сард би арваад аймагт ажилласан. Ховд аймгийн тухайд хот төлөвлөлтөө маш сайн хийж, түүнийхээ дагуу бүтээн байгуулалтын ажлаа хийгээд эхэлсэн нь таалагдлаа. Хотоо тохижуулчихаад, бүгдийг хариуцах эзэнтэй болгосон байна. Аймгийн төвд  үйлдвэрийн раион байгуулж, орон нутагт хэрэгтэй үйлдвэрлэлд үнэ төлбөргүйгээр газар олгож эхэлсэн байна. Мөн амралт зугаалгын бүс, орон сууцны хороолол гээд маш сайн төлөвлөлттэй, эмх цэгцтэй, сайхан орчин биднийг угтлаа.

-Орон нутаг бүр өөрийн онцлогтой. Таны харснаар, Ховдчуудын хувьд аль салбараа түшиглэвэл хөгжих боломж нь илүү байна вэ?

-Тухайн аймаг аль салбараа тэргүүлэх чиглэл болгох вэ гэдгийг нутгийн иргэд нь өөрсдөө шийддэг. Миний анзаарснаар, Ховдчууд уул уурхайгаа түшиглэн хөгжих боломжтой. Тухайлбал, Хөшөөтийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлвэл олон тооны ажлын байр бий болно. Дээр нь нүүрсний борлуулалтаас орж ирэх орлогоор шаардлагатай бүтээн байгуулалтыг хийх боломжтой гэж харж байгаа. Учир нь ямар төслийг хэрэгжүүлэх, ямрыг нь хэрэгжүүлэхгүй байхаа орон нутаг, иргэд өөрсдөө шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Мөн саяхан батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувь нь шууд орон нутгийн хөгжлийн санд орж эхэлнэ. Ингэснээр тухайн аймаг төслөө хамтарч хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох, эдийн засгаа тэлэх боломж бүрдэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, Ховд аймагт хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломжтой. Баруун бүсийн тулгуур болон хөгжиж байгаагийн хувьд зам харилцаа, дэд бүтэц сайн хөгжсөн байна.  Манайхан аливаа ажлыг ихэнхдээ араас нь хийдэг. Нэгэнт гаргасан алдааг залруулахад маш их хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Харин Ховдчууд бүх зүйлийг эхнээс нь дэс дарааллаар нь бэлдэж гүйцэтгэж байна. Тухайлбал, газар доорхи шугамуудаа бэлдчихсэн, ингэснээр  төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулалтаа өрнүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

-Ховд аймаг баруун бүсийн оношилгооны төв болох тухай яригдаж байгаа. Энэ ажлын явц, бэлтгэл ажил ямар байна вэ?

-Улсын Их хурлын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогтын санаачилга, Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ховд аймгийн төвд баруун бүсийн оношилгооны төв байгуулах шийдвэр гарсан байгаа. Шав тавих ёслолд нь Д.Батцогт гишүүн бид хоёр оролцоод ирлээ. Миний хувьд зургаан тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий энэ төвийг аль болох хурдан байгуулахад нь дэмжлэг үзүүлж ажиллая гэж бодож байгаа. Мөн зургаан  сая еврогийн өртөгтэй Бельгийн төсөл хэрэгжиж байна. Энэ хоёр төсөл хэрэгжсэнээр Ховд аймаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнийхээ  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Баруун бүсийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж хаа хол Улаанбаатар руу, мөн хамаг эд хөрөнгө, орон байраа зараад Солонгос, Хятад, Тайланд руу явж байна. Мөнгө ихтэйдээ биш, гол нь орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүүлж чадахгүй байгаа болохоор ийм сонголт хийдэг.

-Та бол эрүүл мэндээс гадна эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхэд хамгааллын асуудалд анхаарлаа хандуулдаг цөөхөн хэдэн гишүүний нэг. Орон нутагт ажиллахдаа ч бас зорилтот бүлгүүдтэй тусгайлсан уулзалт хийж байгаа тань анзаарагддаг л даа …

-Тийм ээ, миний хувьд орон нутагт ажиллахдаа гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцдог. Ховд аймагт ч ялгаагүй энэ ажлаа амжуулсан. Ер нь надтай уулзаж, зовлон жаргалаа хуваалцдаг хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзаж, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж