Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 18 дахь жилдээ ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулан, өнөөдөр /2019.05.17/ өргөмжлөл гардууллаа.
ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан статистик мэдээлэлд үндэслэн, аж ахуйн нэгжийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, төлсөн шимтгэл, ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг үндэслэн эрэмбэлдэг.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ТОП 100 аж ахуйн нэгжийг 17 дахь жилдээ магнайлан, эхэнд бичигдсэн байсан юм. Өргөмжлөлөө гардан авсан торгон агшинд “Эрдэнэт үйлдвэр” -ийн захирал Х.Бадамсүрэнгээс дараах асуултад хариулт авлаа.
-ТОП 100 аж ахуйн нэгжийн хамгийн эхэнд бичигддэг амжилтаа дахин бататгасанд баяр хүргэе. Өнгөрсөн оны амжилтаасаа дурдвал?
-Өнгөрсөн 2018 он бол “Эрдэнэт” үйлдвэр, манай хамт олны хувьд онцгой жил байсан. Өнгөрсөн онд үйлдвэрийн маань 40 жилийн ой тохиосон. Үйлдвэрийн техник технологи, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд 40 жилийнхээ түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Тэр ч утгаараа өнөөдөр ТОП 100 ААН шалгаруулах арга хэмжээнд 17 дахь удаагаа шалгарч байна.
Үйлдвэрийн хамт олныхоо амжилтаас дурдахад “Эрдэнэт” үйлдвэр 2016 онд улс, орон нутгийн төсөвт 184 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2017 онд 580 тэрбум төгрөг, 2018 онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн нэг ажилтан 100 сая орчим төгрөгийн баялаг бүтээж байна гэсэн үг юм.
Хамт олон маань 2018 оныхоо энэ амжилтад суурилаад 2019 оныхоо үйл ажиллагааг сайхан эхлээд явж байна. Өнөөдрийн байдлаар техник технологийн бүх үзүүлэлт түүнийг дагасан эдийн засгийн үзүүлэлт ч гэсэн 100-110 хувийн биелэлттэй, эрчтэй, хүчтэй ажиллаж байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн хэтийн төлөв ч гэрэл гэгээтэй сайхан байна.
-“Эрдэнэт” үйлдвэрийн статус өөрчлөгдөн төрийн өмчийн үйлдвэрийн газар болсноор улсад төвлөрүүлдэг татварын хэмжээ өөрчлөгдөх болов уу, яах бол?
-Хамт олон маань үйлдвэрлэл, санхүүгийн хувьд хүрсэн түвшингээ бууруулахгүйн төлөө ажиллаж байгаа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ