Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 426 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 282 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгажээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 10 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна.
НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ
- Сүхбаатар дүүргийн нутаг 18 дугаар хороо Бэлхийн замд 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр Тист маркийн автомашин замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч гурван настай, эрэгтэй Г гэмтсэн.
- Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо Баянхошууны замд 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр Приус маркийн автомашин айлын хашаа, гэрийг мөргөж, жолооч 20 настай, эмэгтэй Х, гэртээ байсан 37 настай, эмэгтэй М, 17 настай эрэгтэй М нарын гурван хүн гэмтсэн.
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн нутагт энэ сарын 17-ны өдөр Мөрөн сумын төвд асфальтан замд Тист маркийн автомашин явган зорчигч 58 настай, эрэгтэй Н-ийг мөргөж амь нас хохироосон хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.
Бүртгэгдсэн нийт ослын зургаа нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 13 осол нь мөргөлдөх хэлбэрээр, нэг осол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Мөн бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ сарын 22-ны өдрөөс ирэх сарын 22-ны өдрийн хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Э.АРИУН
Холбоотой мэдээ