Бэлгэнд хугацаа дууссан бүтээгдэхүүн байгаа эсэхийг шалгаарай

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

Бэлгэнд хугацаа дууссан бүтээгдэхүүн байгаа эсэхийг шалгаарай

НМХГ-аас Нарантуул зах дээр худалдаалагдаж буй хүүхдийн тоглоом болон бэлгийн тасагт ээлжит шалгалтаа хийлээ. Энэ үеэр НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхдийн ууттай бэлэгт хий­сэн шалгалтаар ямар зөрчил эл­рэв. Бэлэг авахдаа эцэг, эхчүүд юунд анхаарах шаардлагатай вэ?

-Ууттай бэлгэнд энэ удаад ноцтой зөрчил илэрсэнгүй. Гэхдээ эх үрсийн баяр болох гэж бай­гаатай холбогдуулан хүүхэддээ бэлэг худалдан авахдаа дотор нь орсон бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь дууссан эсэхийг шалгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүхэд багачуудаа баярлуулахдаа хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй ууттай хүнсний бүтээгдэхүүнээр бэлдэж боосон болон хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хуванцар тоглоом зэрэг бэлэгнээс татгалзахыг уриалж байна.

-Баярын үеэр хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авахдаа иргэд анхаарах зүйл?

-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа доорхи зүйлд анхаарч байхыг иргэдэд зөвлөж байна.

Тухайлбал, худалдаа, үйл­чил­гээний газраас хүнсний түү­хий эд, бүтээгдэхүүн сонгон авах­даа шошгонд хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх, түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээг­дэ­хүүнийг зориулалтын хөр­гөх төхөөрөмжгүй болон чин­гэ­лэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх, лаазалсан бүтээг­дэ­хүү­ний сав нь зэвэрсэн, хон­хойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал муудсан гэдгийг анхаарах хэрэтэй.

-Баярын үеэр шилтэй компот, жүүс, өндөг зэргийг ихээр худалдан авдаг. Эдгээр бүтээг­дэхүүнийг муудсан эсэхийг яаж мэдэх үү?

-Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булин­гар­тай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байдаг.

Харин өндөгний хувь хальс нь нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон эсэхийг шалгах нь чухал.

-Баярын салат хийхээр хиам ихээр авдаг. Түүнчлэн хөлдөө­сөн буюу хөргөсөн хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэдэг. Тэгвэл иргэд худалдан авахдаа анхаарах зүйлс байгаа байх?

-Иргэд хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт, үнэр­тэй байх ёстойг анхаарах хэрэгтэй.

Харин хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах, мах, махан бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй,  эрх бүхий лабораторид аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзээрэй.

-Гадаа буюу ил задгай худалдаа үйлчилгээ их дэлгэрдэг. Ариун цэврийн шаардлага хангаж чадсан эсэхийг яаж мэдэх вэ?

-Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь иргэдийн өөрсдийн ухамсарын асуудал.

Ер нь хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, урагдаж, гэмтсэн бол худалдаж  авахгүй шаардлагатай. Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсч үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.

Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол, хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чухал алхам юм.

Ж.ОТГОНМЯГМАР

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж