"Засгийн газар “Рио-Тинто” компанитай ширээний ард суух ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

"Засгийн газар “Рио-Тинто” компанитай ширээний ард суух ёстой"

"Засгийн газар “Рио-Тинто” компанитай ширээний ард суух ёстой"

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа үндсэн хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Татварын багц хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх, хоёрдугаарт хэлэлцсэн асуудал нь өнгөрсөн онд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгойн төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, дүгнэлттэй холбоотой мэдээллийг  ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва бүлгийн гишүүдэд танилцуулжээ.  Улмаар дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Ерөнхийлөгчийн Татварын багц хуульд бүхэлд нь  тавьсан  хоригийг хүлээн авах боломжгүй гэж бүлгийн гишүүд 100 хувь  санал нэгджээ.

Түүнчлэн МАН-ын бүлгээс Ш.Раднаасэд гишүүний асуудлаар залруулга мэдэгдэл гаргажээ. Энэ тухай тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг буруугүй гэж үзэн, мэдэгдэл гаргасан. Д.Дамба-Очир гишүүний хувьд Оюутолгойн гэрээг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг Оюутолгой ХХК-ийн талд өгсөн гэдгээр буруутгагдсан. Хуулиар заасан нууцлалын материал биш учраас гэрээг өгөх нь нээлттэй учир Д.Дамба-Очир гишүүн буруугүй. Ш.Раднаасэд гишүүний хувьд хөөн хэлэлцэх хугацааг багасган Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан  гэдэг асуудал яригдаж байгаа.  Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь тодорхой болсон. Тиймээс Ш.Раднаасэд гишүүн залруулах нь зүйтэй гэж үзсэн учир  мэдэгдэл гаргасан хэмээгээд тус мэдэгдлийг уншиж танилцуулав.

Тус  мэдэгдэлд: “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гарч буй санал, шүүмжлэлтэй холбоотой санал шүүмжлэлийн дагуу  УИХ дахь МАН-ын бүлгээс уг асуудлыг нягталж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Энэ асуудал хоёр өөр хуулийн төсөлд орсон саналыг хольж хутган нийтэд мэдээлсний улмаас үүдсэн байна гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 1.10.2-т оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь хуралдааны тэмдэглэлээс тодорхой болсон. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны  2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Мягмар гаригийн өдөр хуралдаанаар  Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төслийн 31.13.1 дахь хэсгийг өөрчлөн найруулахыг саналыг гаргасан байна. Харин 2018 оны тавдугаар сарын 11-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн 1.10.2-т  ажлын хэсгээс гаргасан саналын дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг оргон зайлсан өдрөөс  тоолохыг зогсоож, уг этгээд баригдсан эсвэл хэргээ өөрөө илчилсэн өдрөөс  эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно хэмээн өөрчилсөн байна. Энэ өдөр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байсан бөгөөд хуралдаанд биечлэн оролцоогүй нь чуулганы хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж  байна. Иймд дээрх саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргасан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл тарааж, нэр төрд нь халдаж байгааг МАН-ын бүлгээс залруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

Үүний дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбогдуулан тайлбар хийлээ.

Тэрбээр “УИХ-ын 2019 оны гуравдугаар сарын 22-ны нэгдсэн чуулганы хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Уг хууль нь жижиг, дунд үйлдвэр, иргэдийн амьжиргаа, хөрөнгө оруулалтуудыг дэмжих, татварын хувь хэмжээг бууруулан, татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, үндэстэн дамнасан корпорациуд татвараас зайлсхийж бултах боломжийг хязгаарлаж өгсөн. Мөн татварын маргаан дээр үүсдэг олон асуудлыг судалж үзээд маргааныг таслан зогсоох, хийдэл зөрчлийг арилгах,татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх гэсэн ийм зорилгоор уг хуулийн төслийг баталсан. Улс орон даяар өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж талуудын санал, зөвлөмжийг тусгасан. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналаас зургаан саналыг хуульд тусган баталсан. ААНОАТ-т Оюутолгойн болон уул уурхайн компаниудад хүүгийн төлбөрт ноогдуулах албан татварыг бууруулсан байна гэж Ерөнхийлөгч хоригтоо бичсэн байсан. Хуульд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа, лиценз эзэмшдэг компаниудад уг хуулийн заалт үйлчлэхгүй гэдгийг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл үйлчлэхгүй гэж тодотгон заасан байхад Ерөнхийлөгч энэ асуудлыг оруулж ирсэн нь эндүү, ташаа гэж үзэж байгаа. Дараагийн асуудал нь “Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг дордуулчихлаа гэсэн. Одоо хэрэгжиж байгаа хуулиар Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг нэгхэн заалтаар зохицуулсан байдаг. Үүн дээр нь  нэмж нэг заалт оруулсан. Энэ нь компаниуд хоорондоо мөнгө зээлдэг, толгой компаниасаа охин компани руугаа мөнгө зээлдүүлж үүгээрээ мөнгө хүүлдэг асуудлыг хэмжээг нь нийт зардлын 30 хувиас хэтрэхгүй гэдэг заалтыг нэмж өгсөн. Өөрөөр хэлбэл уг асуудлыг нэг заалтаар зохицуулдаг байсныг нь шинэ хуулиар хоёр заалт болгосон гэсэн үг. Ингэснээр шаардлага нь илүү өндөр болж байгаа.

Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулан, өртөг зардал хассаны дараах дүнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилсан гэсэн. Энэ нь  иргэн хүн рүү шилжүүлбэл 10 хувь болгон өргөн мэдүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр аж ахуйн нэгжүүдээс тавьж байсан гол  санал нь энэ байсан.

Ерөнхийлөгч мөн “Уул уурхайн компаниуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээрээ татварын тайлан гаргаж болохоор зохицуулсан нь төсөвт төвлөрөх татварын орлогыг их хэмжээгээр бууруулахад хүргэхээр байна” гэснийг   хүлээн зөвшөөрөхгүй. Харин эсрэгээрээ дээрхээс хамгаалсан заалт. Одоо бол уул уурхайн компаниуд бөөнд нэг тайлагнадаг. Энэ нь нэг тайлан дээр  ашигтай, нөгөө  тайланд гаргасан алдангаа хольж бичээд татвар төлөхгүй байх эрсдэл үүсэх учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээрээ татварын тайлан гаргана гэж хуульд оруулсан. Үүнийг болиулбал уул уурхайгаас орж ирэх татварууд эрс буурах магадлалтай.

Арилжааны банкууд гаднаас хөрөнгө татахаар 10 хувийн татвар авдаг байсныг таван хувь болгосон байна гэж байна. Гаднаас  орж ирэх  мөнгийг нэмэгдүүлэх зорилгоор  арилжааны банкны зээл болон өрийн хэрэгслүүдээс үүссэн хүүгийн орлогыг хоёр дахин бууруулж таван хувь болгосон. Энэ нь  зээлийн хүүг бууруулах зорилгоор  оруулсан ийм заалт. Зээлийн хүүг бууруулъя гэж ярьдаг атлаа эсрэгээ заалт оруулж болохгүй. Гэтэл Ерөнхийлөгч өсгө гэсэн саналыг оруулж ирснийг нь ойлгохгүй байна.

Хоригт мөн “Борлуулалтын орлого нь 50 саяас доош аж ахуй нэгжүүдэд татварын хялбаршуулсан горимыг өгөөд бусад хөнгөлөлт чөлөөлөлтөд оролцох боломжгүй болгосон” гэж байгаа юм. Аж ахуй нэгжүүд 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол өөрсдөө сонголтоо хийх эрх нь байгаа. Тухайлбал, аж ахуйн нэгж 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд 100 мянган төгрөгийн татвар төлөөд нягтлан бодогч авахгүй, жилдээ нэг удаа тайлан гаргаж өгнө. Эсвэл тайлангаа гаргаж өгөөд хөнгөлөлт, чөлөөлөлтөө авах эрхээ эдлэх нь хуулиараа нээлттэй байгаа. Үүнийг мөн л хольсон байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Татварын багц хуулийг сайн уншилгүйгээр сургаар ч юм уу, буруутгахын тулд хийсэн зүйл гэж үзэж байна” гэв.

Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва бүлгийн хуралдааны үеэр танилцуулав. Тэрбээр мэдээллийн эхэнд ажлын хэсгийн дүгнэлтийг бүлгийн хурлаар сонссонд баяртай байна гэдгийг тодотгоод “Өнгөрөгч оны зургадгаар сарын 25-нд ажлын хэсгийн эхний шалгалтын дүн гарсан. Уг шалгалтыг зунжингаа нягтлаад наймдугаар сард ажлынхаа хэсгийн гишүүдэд дүгнэлтийг тараасан. Ингээд 2018 оны арваннэгдүгээр сарын 19-нд ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараад  тус сарын 30-ны өдөр Эдийн засгийн байнгын хорооны даргад хүсэлт гарган хэлэлцүүлэх асуудлын дараалалд оруулж өгнө үү гэж  хүсэлтээ өгсөн. Гэвч өнгөрсөн өвөл байнгын хороо хуралдах манатай болж, улс төр үймснээр хойшилсон. УИХ-ын даргад захирамжийн дагуу ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаж өгсөн. Мөн ҮАБЗ-ийн гишүүн болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгчдөд дүгнэлтийг хүргүүлсэн. Ингээд ҮАБЗ-өөс чиглэл өгөөч гэдэг саналаа хоёрдугаар сард хүргүүлсэн. Түүнээс хойш энэ асуудлыг хэлэлцэхгүй байгаад харамсаж байна. Ажлын хэсэг 2018 оны арваннэгдүгээр сар гэхэд дүгнэлтээ гаргачихсан байсан. Үүнээс хойш зургаан сар болж байна. Өнөөдөр бүлгээр хэлэлцээд  байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн чиглэл гарч байгаад баяртай байна. Оюутолгой төсөлд  цаг, минут алдахгүй асуудал л даа. Таван Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлыг хэсгийг байгуулж шалгалтыг явуулсан. Оюутолгой төсөл амаргүй учраас ажлын хэсгийн гишүүдэд хандан олон нийтийн хүлээлтэд нийцсэн шийдвэрийг хамтдаа гаргахыг уриалсан  ил захиал хүртэл хүргүүлсэн. Оюутолгойн материалыг хоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тарсан. Товчилсон байдлаар 40 гаруй хуудас материал гарсан. Энэ материал нууцын зэрэглэлтэй биш учраас би хэвлэл мэдээллийн байгууллагуудад өнөөдрөөс эхлэн өгнө.

Аливаа гэрээ харилцан ашигтай байх ёстой. Хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ нь  харилцан ашигтай байх зарчимд тулгуурлах учиртай. Энэ зарим анхнаасаа алдагдсан байна лээ. Хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүгийн төлөвлөгөө зэрэг гэрээнүүдийн талаар гуравхан зүйлийг тодотгон хэлье.  Эдгээр гэрээг боловсруулахад оролцсон Монголын талын төлөөлөл, УИХ-ын  2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолоор өгсөн Засгийн газрын чиглэлийг бүрэн баримталж ажиллагаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим  заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд  давуу байдал олгосон зэрэг нь төслийн үйл ажиллагааны үр дүнгээс Монголын талын хүртэх ашиг, үр өгөөжийг бууруулах нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.  Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хяналт шинжилгээ, үнэлгээг хийх, хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө, менежментийн гэрээ Монгол Улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээний зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж хүчингүй болгох нь зүйтэй гэсэн ийм гурван гол дүгнэлт гарсан. Тус бүрийнх нь шалтгааныг мөн дүгнэлтэд тодруулсан.

Ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцээд Засгийн газар, хөрөнгө оруулагч тал буюу “Рио-Тинто” компани ширээний ард суух ёстой. Оюутолгой төсөл бол ардчилсан зах зээлд шилжсэнээс хойш орж ирсэн хамгийн том хөрөнгө оруулалт мөн Монголыг газрыг баялагтай гэдгийг дэлхийд харуулсан ийм төсөл” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж