Хотын дарга С.Амарсайхан худлаа ярьсан гэв

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Хотын дарга С.Амарсайхан худлаа ярьсан гэв

Хотын дарга С.Амарсайхан худлаа ярьсан гэв

Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид БНХАУ-ын компани Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх талаар өнөөдөр /2019.05.20/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, БНХАУ-ын “Тяньжин Фүүдс” ХХК-т Улаанбаатар хотын 50 га газар нутагт хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх асуудал “НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хурлаар орсон боловч дэмжигдэлгүй буцаагдсан. Энэ талаар НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун олон нийтэд мэдээлсэн. Гэвч хотын дарга С.Амарсайхан үгүйсгэж хэвлэлийн хурал хийх үеэр “БНХАУ-ын “Тяньжин Фүүдс” ХХК-нд 50 га газар олгох асуудал огт яригдаагүй. Намайг харлуулах гэж ийм ажлыг санаатай зохион байгуулж байна. Нийслэлд хятад компани хүлэмжийн зориулалтаар газар олгохгүй” гэж ярьсан юм.

Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн төлөөллүүд мэдээллийн эхэнд 50 га газрын асуудал хоёр сарын өмнөөс яригдаж эхэлсэн. Нийслэл болон салбар яамны ажлын хэсэгт хоёр газрын алийг нь сонгох вэ гэдэг асуудал яригдаж байгаа.  Хэрэв 50 га  газраа сонгочих юм бол нийслэлээс дэд бүтцийг нь хүртэл байгуулах юм байна. Бидний сонссон мэдээллээр “Тяньжин Фүүдс” ХХК-ийн хүлэмж барих хүмүүс өнгөрсөн долоо хоногт ирээд газрыг нь үзсэн.  Энэ долоо хоногоос барилгын ажлаа эхлээд  зургадугаар сарын 5-аас сууриа тавина.  С.Амарсайхан дарга худлаа ярьж, иргэдийг төөрөгдүүлж байгаа гэдгийг  онцолж байв.

ӨНӨӨДӨР МОНГОЛЫН НОГООЧДОД ГАНЦ ГА ГАЗАР  Ч ОЛДОХГҮЙ БАЙНА

Асрал Агро парк” ХХК-ийн төлөөлөл Х.Алтанцацралт “Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээ төр засгаас дэмжихийн оронд монголын Засгийн газар БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд гэсэн нэрийн  дор засгийн газрын хэрэг эрхлэх газраас санал оруулж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд нь дэмжжээ.  2019 оны тавдугаар сарын 10-ны өдөр тус компанид 50 га газрыг нийслэлийн засаг даргаас олгож хүлэмжийн үйлдвэрлэл эрхлэх гэж байна. Уг газарт Хятад тариаланчид ямар  ногоо тарих болон хэрэглэх технологи, бордоо зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд  цаашид 300 га хүртэл газарт хүлэмжийн үйлдвэрлэл төдийгүй  гадаа задгай талбайд тариалалт хийж дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж төсөлд нь тусгагдсан байгаа. Энэхүү хүлэмж ашиглалтад орсноор монголын ямар нэгэн дэмжлэггүй өрхийн  тариаланчид болон аж ахуй нэгжүүд нэгдсэн зохион байгуулалт  хоёр орны төрийн дэмжлэг мөнгө санхүү сайтай нэгдсэн борлуулалт өртөгтэй  гадаадын өрсөлдөгчтэй өрсөлдөх боломжгүй гэсэн үг. Цаашид монголын ногоочид дампуурах, хүнсний аюулгүй байдал дотоодын болон импортын нийлүүлэлт нэг улсын харьяанд орно гэж  үзэж байна.  Өнөөдөр монголын ногоочдод ганц га газар  ч олдохгүй байна. Гэтэл гадны компанид 50 га газар өгнө гэж  зүтгээд байх юм. Монголын  хүлэмжийн аж ахуй эрхлэгчид төрөөс ямар нэгэн дэмжлэггүй жилийн зургаан сараас арван сар хүртэл  зах зээлд  импортын ногоог  оруулж ирэхгүйгээр үйлдвэрлэл явуулж  хямд чанартай  гарал үүсэлтэй  ногоог нийлүүлж чадаж байна. Жилийн бусад үед халаалт дулааны зардал өндөр тариалалт хийх газар болон хөрөнгө оруулалт эргэлтийн хөрөнгө дутмаг  зээлийн хүү өндөр зэргээс шалтгаалан хангалттай хэмжээнд үйлдвэрлэл явуулж чадахгүй байдаг. Бидэнд  хөрөнгө оруулалт дэмжлэг л дутагдаж байна” гэв.

Тэд дараах шаардлагыг  холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Тухайн шаардлагад дурдсанаар

  • “Тяньжин Фүүдс” ХХК-ийн хүлэмжийн төслийг хэрэгжүүлэх эсэхийг монголын нийт ард иргэдийн санал хураалтаар шийдэх.
  • Нийслэлээс олгож байгаа 50 га газрыг монголын тариаланчдад олгох.
  • Хэрэв уг төсөл хэрэгжсэн тохиолдолд монголын тариаланчдад БНХАУ-ын нарийн ногоо тариалах 50 газар олж өгөхийг  шаардаж байна” гэжээ.

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж