Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөн (АНШХ) -өөс намын дарга З.Энхболдод намын ээлжит бус их хурлыг зургадугаар сард хуралдуулж, намын Үндсэн дүрмийг шинэчлэх 12 санал бүхий шаардлага хүргүүлээд байсан.
Тэгвэл өнөөдөр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр АНШХ-ний зохицуулагч нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Л.Эрхэмбаяр ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийн хувьд ойрын хугацаанд намаас баримтлах бодлого болон өөрийн байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ АНШХ-ий тавьсан АН-ын Их хурлыг хуралдуулж, үүсээд байгаа нөхцөл байдлыг Үндсэн дүрмийн шинэчлэлийн хүрээнд шийдэх саналыг хүлээн авах бололцоогүй, Үндэсний зөвлөлдөх хороо болон намын Их хурлыг хуралдуулахгүй гэсэн хатуу байр суурь барьж буйгаа мэдэгдсэн байна.
АНШХ-ий зүгээс олон зүйл дээр зарчмын зөрүүтэй байр суурьтай байгаа учраас тавьсан шаардлагынхаа хүрээнд намын даргатайгаа уулзах санал тавьжээ. Тэдний зүгээс намын даргыг намын нийт гишүүдийн саналаар, өрсөлдөөний зарчмаар, сонгуулиар шийдвэрлэдэг болъё, анхан шатны намын дарга нарыг автоматаар дунд шатны намын хорооны гишүүн болгоё, намын дүрмээ ягштал мөрддөг хариуцлагын системтэй болъё гэх мэт намын дотоод ардчиллыг бэхжүүлж, жирийн гишүүний үүрэг, оролцоог намын бодлогод суулгах эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлт хийх шаардлагыг намын даргадаа хүргүүлээд байгаа юм.
АНШХ нь цаашид анхан болон дунд шатны намын байгууллагуудтай уулзаж, санал солилцох замаар намын бүх гишүүдийн оролцоог хангаж намын Үндсэн дүрмийг шинэчлэх ажлаа тууштай үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.
Г.НАРАН