Ойрын хугацаанд Монгол Улсын хэмжээнд хэрэгжих хамгийн том мега төсөл болох “Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замын төслийн нээлт өнөөдөр Замын-Үүд суманд боллоо. Төслийн нээлтэд Замын –Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, Замын –Үүд дэх гаалийн газрын дарга Б.Хишигбат, Эрээн хотод суугаа Консулын газрын төлөөлөгчид, Замын –Үүд Чөлөөт бүсийн төлөөлөгчид, Эрээн хотын замын газрын орлогч дарга Луо Вэй, урд хойд хөршийн компаниудын төлөөлөл , Замын –Үүд дэх Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын дарга Г.Эрдэнэцогт, Дорноговь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Ч.Эрдэнэбат зэрэг төлөөлөгчид оролцсон байна. Бүтээн байгуулалтын төслийн нээлтэд оролцогчид энэ төсөл дээр хамтран ажиллаж, тус дэм болохоо илэрхийлж, Ази Европыг холбосон энэ зам нь Монгол Улсын хөгжлийн түүчээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулж улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр зөвхөн хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал зам барилгын ажлыг гурван жилийн хугацаанд барьж, 30 жил ашиглан төрд шилжүүлнэ. Хурдны авто зам нь Монгол Улсын зургаан аймгийн 24 сум, Нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрөх бөгөөд нийтдээ 990 орчим км үргэлжлэх юм байна.
С.ОТГОН