УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна. Нийт 13 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах аж.
Тухайлбал, энэхүү хуулийн мөрдөгдөж эхлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хэмээн заасныг гишүүдийн олонхи дэмжлээ.
Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн А.Бакей “Хуулийг мөрдөх хугацаа хэтэрхий хойно байгаа юм биш үү. Сайн зохицуулалтууд орчихсон. Ийм байхад хойш тавих шаардлага бий юм уу” гэлээ.
Дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хуулийн төслийн хэрэгжих хугацааг хойш тавьж өгөхгүй бол ирэх жил сонгуультай учраас гишүүд олноороо хуулийн төсөл өргөн мэдүүлэх хэрэг гарна. Хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдээс санал авах зэрэг процессын ажлууд тааруухан байж магадгүй гэдэг саналыг УИХ-ын зүгээс өгсөн. Энэ ч бас үндэслэлтэй. Хууль зүйн яамныхантай ярихад мөн дэмжсэн. Саналыг байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээсэн” гэлээ. Санал хураалт үргэлжилж байна.
Г.ДАРЬ