Орон нутгийн зам давааг нээж, 500 хүнийг авран хамгаалжээ | News.MN

Орон нутгийн зам давааг нээж, 500 хүнийг авран хамгаалжээ

Орон нутгийн зам давааг нээж, 500 хүнийг авран хамгаалжээ

Орон нутгийн зам давааг нээж, 500 хүнийг авран хамгаалжээ

Орон нутагт  зарим чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээж, хэвийн горимд шилжжээ. Бямба гаригт /2019.05.18/ Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замыг хөдөлгөөн 20.00 цагаас хэвийн үргэлжилсэн бол өчигдрөөс/2019.05.20/ Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээжээ. Мөн өнөөдрөөс зарим чиглэлд  авто замыг хаах  хязгаарлах тушаал хүчингүй болсноор орон нутагт  авто замын хөдөлгөөн хэвийн горимд шилжлээ.

Өнгөрсөн долоо хоногт цаг агаар муудаж, цасан болон шороон шуурганд үзэгдэх орчин хязгаарлагдах, их хэмжээний цасан бүрхүүл тогтох, халтиргаа гулгаа үүссэн тул долоон аймгийн чиглэлд авто замын хөдөлгөөнийг хязгаарласан гэж албаныхан мэдээллээ.

Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос хэлэв. Тэрбээр “Цаг агаарын таагүй нөхцөл байдлын үед Авто тээврийн үндэсний төвөөс  шуурхай бүлэг 24 цагийн турш авто замын хөдөлгөөнд хяналт тавьж ажилласан. Энэ хугацаанд орон нутгийн чиглэлд 500 орчим зорчигчийг буудалд байрлуулж, хоол хүнсээр хангах асуудлыг хариуцан ажиллаж болзошгүй эрсдэлээс амь насыг нь авран хамгааллаа. Цасан шуургатай, зам даваа халтиргаатай, хөдөлгөөнийг хязгаарласан үед орон нутагт авто замын ачаалал хэвийн горимд байсан. Зам тээврийн сайдын долоон аймагт зам даваа хаах тушаалыг өмнө нь мэдээлсэн учраас жолоочид замын хөдөлгөөнд соёлтой оролцсон, элдэв зөрчил гараагүй. Манай төвөөс нийт 120 гаруй ажилтан авто замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаа” гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газраас цаг уурын байгууллагаас гаргасан мэдээлэлд үндэслэн сэрэмжлүүлэг мэдээллийг “Мерси Кор” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын 1820 багийн 20 гаруй мянган малчин иргэнд гар утсаар нь мэдээллийг тухай бүрт нь шуурхай хүргэн ажиллаж буй. Өнгөрсөн амралтын өдөр Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо болон нойтон цас орж, баруун болон говийн аймгуудын нутгаар  шуурсан байна. Харин хүн осгож нас барсан, цасанд боогдсон дуудлага мэдээлэл ирээгүй аж. Хоногийн мэдээллээр өнгөрсөн амралтын өдөр  Сүхбаатар аймагт нэг иргэн хониндоо яваад сураггүй алга болсныг тухайн өдөр нь олж, эсэн мэнд ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Мөн Баянхонгор аймагт энэ сарын 18-нд  Жинст сумын Уулан багийн “Сэнжитийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км-т/ тус сумын харьяат иргэн Е /29 настай, эрэгтэй, сэтгэцийн өвчтэй/ Баянхонгор аймгаас Жинст сум руу явган яваад сураггүй болсон тухай дуудлага мэдээллийг тухайн өдрийн 20.30 цагт олж, маргааш өдөр нь эсэн мэнд олсноор ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Цаг агаарын гамшигт үзэгдлийн үед  тус газар хоногт дунджаар 20 орчим дуудлага мэдээлэл хүлээн авсан бол өнгөрөгч амралтын өдрүүдээр ачаалал бага, иргэд олноороо цасан шуурганд төөрсөн, сураггүй алга болсон, цасанд боогдсон гэх дуудлага мэдээлэл ирээгүй байна. Үүнийг Онцгой байдлын ерөнхий газрынхан  сэрэмжлүүлэг мэдээллийг түгээсэнтэй холбон тайлбарлав.

Хэдийгээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун болж эхэлсэн ч их хэмжээний цасан бүрхүүл, шуурганы улмаас малчид малаа бэлчээх боломжгүйд хүрч, өлдөх аюул нүүрлэсэн. Тодруулбал, Хөвсгөл аймгийн зарим сумдад цас их орсны улмаас малчид малаа бэлчээх боломжгүй хүндрэл үүсч 9000 толгой мал өлдсөн.  Иймд  шаардлагатай байгаа өвс тэжээлийг аймгийн нөөцөөс яаралтай хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд, тус аймгийн Баянзүрх сум руу 2 тэвш, Алаг-Эрдэнэ сум руу 2 тэвш, Чандмань-Өндөр сум руу 1 тэвш, Түнэл, Арбулаг, Мөрөн сумын малчдад өвс хүргэхээр ачсан бол Улаан-Уул сумын сум дундын фондод байгаа 1900 ширхэг боодол өвсийг тухайн орон нутгийн малчдад хүргэх ажлыг хийж байна. Харин нийслэлд өнгөрөгч амралтын өдрүүдээр Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ахуйн гал түймэр гарсан байна.

Өнгөрсөн долоо хоногт дөрвөн аймгийн 28 суманд цаг агаарын гамшигт үзэгдэл тохиож 23-54 насны зургаан хүн амь насаа алдсан бол цасан болон шороон шуурганд Ховд аймгийн Цэцэг, Үенч суманд 12 гэр, дөрвөн модон шон унасан бол Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж, Баян-Өлгий аймгийн Булган суманд 835 толгой мал Их ширэгийн голд унаж хорогдсон юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж