Зайсан дахь “Бургер Кинг” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн гэр бүлийн гурван хүн тавдугаар сарын 6-ны шөнө Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт ханджээ. Уг гэр бүлийн хувьд бөөлжиж, гэдэс базалж өвдсөн, усархаг шингэнээр суулгасан гэсэн зовиуртай ХӨСҮТ-д ирж, зөвлөгөө аваад буцсан байна. Үүнээс хойш “Бургер Кинг” түргэн хоолны газраас хордсон хүний тоо 120 гаруй болжээ.
Хоолны хордлогын урьдчилсан шинжилгээний хариу хэрхэн гарсан талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.
Тэрбээр “Зайсан дахь “Анх хандсан гэр бүлийн хувьд бөөлжиж, гэдэс базалж өвдсөн, усархаг шингэнээр суулгасан гэсэн зовиуртай ХӨСҮТ-д ирж, зөвлөгөө аваад буцсан байна. Үүний дагуу ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг гарч, голомтод ажилласан. Мөн хоолны хордлогын сэжигтэй тохиолдлыг дүүргийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар мэдээлсэн юм. Манай эмч мэргэжилтнүүд нийт эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 120 гаруй өвчтөн, 10 гаруй ажилтнаас шинжилгээ авсан. Уг шинжилгээний үеэр хүмүүсээс асуумж судалгаа авах, тархавар зүйн тандалт судалгаа хийх, нян судлалын шинжилгээ авсан. Шинжилгээний урьдчилсан байдлаар И коли буюу гэдэсний савханцар үүсгэгч илэрсэн. Ер нь гэдэсний халдвар үүсгэгч нян олон янз байдаг. Манай улсын хувьд цусан суулга, гэдэсний савханцрын тохиолдол илүүтэй бүртгэгддэг. Энэ үүсгэгч нь бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, нян тээгч өвчтэй хүнээс дамжин халдварладаг. Мөн гэдэсний халдварт өвчнөөр ямар ч насны хүн өвдөж болно. Яагаад хүүхдүүд ихэвчлэн өртдөг вэ гэхээр эцэг, эхийн анхаарал халамж их шаарддаг учраас өртөх нь элбэг байдаг” гэв.
Мөн тэрбээр “Хоолны хордлогын улмаас биеийн байдал нь хүндэрсэн хүн байхгүй. Хордлого авсан иргэдийн биеийн байдал сайжирч байгаа. Хоолны хордлогын сэжигтэй тохиолдол гэж бүртгэгдсэн иргэд эмчийн хяналтанд байж, тодорхой хугацааны дараа нян судлалын шинжилгээгээ дахин өгч гэдэсний халдварын үүсгэгч илрээгүй тохиолдолд эмчийн хяналтаас гардаг. Одоогоор манай төвд нэг ч хүн хэвтэн эмчлүүлээгүй. Хордлого авсан иргэд өрхийн эмнэлгийнхээ эмчийн хяналтад байгаа” гэлээ.
Хордлого авсан хүмүүст дотор муухайрах, суулгах, бөөлжих, гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, хоолонд дургүй болох гэсэн эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн бөгөөд өвчтөнүүдийн 50 гаруй хувийг 5-19 насны хүүхэд байжээ. Эмч мэргэжилтнүүдийн зүгээс гэдэсний халдварын улирал эхэлж байгаа учраас иргэд баталгаатай газраар үйлчлүүлж, гар угаах нөхцөлийг бүрдүүлж, тогтмолоо гараа цэвэр байлгах хэрэгтэй гэж зөвлөж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ