Монголын жүдоч бүсгүй Галбадрахын Отгонцэцэг ирэх сард Казахстаны иргэн болж, улмаар ирэх есдүгээр сард Астанад болох жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус улсын нэрийн өмнөөс барилдах гэнэ. Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Жакена Саламатовагийн өгүүлсэнээр бол Г.Отгонцэцэгт их найдлага тавьж буй юм байна.
“Зургаадугаар сард багтаан Отгонцэцэг Казахстаны иргэний үнэмлэх авах ёстой. Тэгээд Астанад болох дэлхийн аваргад гарцаагүй барилдах болно. 2014 онд Астанад зохиогдсон Гран-Прид түрүүлсэнийхээ дараагаар Отгонцэцэг дэлхийд чансаагаараа тавд бичигдсэн. Гэхдээ ойрын үед тэмцээнд оролцоогүй болохоор чансаа нь бага зэрэг буурсан тал бий. Одоогоор Шымкентэ-д бэлтгэл хийж байгаа. Энэ хотын нэрийн өмнөөс дотоодын тэмцээнд оролцох юм” гэж дасгалжуулагч Жакена Саламатова өгүүлжээ.