“Өсвөр насны охид, хөвгүүд- ирээдүйн баялаг бүтээгч” хүүхдийн анхдугаар чуулган Монголын хүүхдийн ордонд болж байна. Чуулганд Сүхбаатар дүүргийн засаг дарга Д.Бадарсан, тус дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил асуудал хариуцсан орлогч Л.Нармандах тэргүүтэй албаныхан болон Ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид оролцож байна.
“Өнөөдрийн арга хэмжээний гол хүмүүс нь хүүхдүүд. Ирээдүйн баялаг бүтээгчдийн төлөөлөл болсон 700 хүүхэд өнөөдөр чуулж байна. Өсвөрийн охид хөвгүүд бүгд ирээдүйн баялаг бүтээгчид юм шүү дээ. Баялаг гэж юу вэ, баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ, ирээдүйн баялаг бүтээгч ямар мэргэжил боловсрол, мэдлэгтэй байвал зохих гээд сэдвээр хэлэлцэж, сурагчид илтгэл тавьж байна” гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил асуудал хариуцсан орлогч Л.Нармандах ярьсан юм.
Нийслэлийн лабораторийн I дунд сургуулийн 10Г ангийн сурагч Г.Оюунтуул “Өнөөдрийн чуулганд “Үгийн үнэ цэнэ” сэдвээр илтгэл тавьж байна. Сүүлийн үед үе тэнгийн найзууд маань эцэг эх, багш нар, найзуудтайгаа элдэв асуудлаар сөргөөцөлдөх нь ихэсч байгаа юм шиг санагдаж байна. Үгээр хүнийг үхүүлж болно аварч ч болно гэдэг дээ. Тиймээс биендээ хүндэтгэлтэй хандаж “Уучлаарай, баярлалаа” гэдэг үгийг байнга хэрэглэж заншихыг найзуудаасаа хүсч байна” гэж уриалсан юм.
Мөн чуулганаас гадна Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид технологийн хичээл дээр бүтээсэн өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн дэлгэжээ.
Д.ЖАРГАЛ