НЭМЭЛТ: 13:02
Н.НОМТОЙБАЯР: ТУХАЙН ӨДРИЙН ОРОЙ БИ ТАЛИЙГААЧТАЙ УУЛЗСАН
АН-аас Г.Батхүү агсны гэнэтийн нас барсан шалтгааны талаар мэдээлэл хийхдээ "Хамгийн сүүлд МАН-ын нэр бүхий гишүүнтэй уулзсан" гэж тодотгосон юм. МАН-ын гэх тэр гишүүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явсан. Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаяр гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Би ѳнгѳрсѳн баасан гаригт Г.Батхүү агсантай 15 минут орчим манай өрөөнд уулзсан нь үнэн. Манай зөвлөх тухайн үед хамт байсан. Тэр ѳдѳр бид авто спортын талаар ярилцаад ѳнгѳрсѳн. Намайг талийгаачтай уулзчихаад бүлгийн хурал руу 19:18 минутын үед ороход сэтгүүлчид үүдэнд байсан. Тухайн үед Г.Батхүү агсан жин нэлээд хассан, нүүрний судас нь тодорсон байдалтай байсан. 2016 оны сонгуулиас хойш бид хоёр таараагүй байсан. Талийгаач ах нь эмчилгээ хийж байгаа гэж хэлсэн. Талийгаач яарсан байдалтай гадаа хүн хүлээж байгаа гэж гэж хэлсэн. Би өчигдөр гэрчийн мэдүүлэг ѳгсѳн. Одоо шалгаж байгаа юм билээ. Шалгаж байгаа асуудалд сургаар хандаж болохгүй. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй.
Мѳн энэ үеэр "Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр ѳдѳр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг. Сүүлийн үед Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, 1072 хувьцааны ногдол, махны үнэ нэмэгдсэн асуудлаар би шүүмжлэлтэй хандаж байгаа. Түүний биш бидний маргаанд хувийн асуудал байхгүй. Талийгаачийн ар гэрийнхнээс ийм байдлаар мэдээлэл хийж байгаадаа уучлалт хүсэж байна" гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Тухайн үед таныг халамцуу байсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?
-Хятад руу айлчлалаар явсан гишүүдтэй өдрийн хоол хамт идсэн. Тэр үеэр иймэрхүү байдлаар Си Жиньпин даргатай уулзлаа, ийм ийм бэлэг дурсгалын зүйл авлаа гээд авчирсан юмнаасаа задалсан зүйл байгаа. Түүнээс халамцуу байгаагүй.
-Талийгаач тантай уулзах үеэрээ сэтгэл санааны болон ямар нэгэн онцгой зүйл ажиглагдсан уу?
-Зүгээр байсан. Жин нэлээн хассан харагдсан. Бид 2016 оны сонгуулиас хойш огт тааралдаагүй байсан юм. Харин нүүрнийх нь судас нэлээн улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа л гэсэн зүйл хэлсэн.
-Талийгаач үргэлж бие хамгаалагчтай явдаг байсан гэсэн. Тантай уулзахдаа ганцаараа явж байсан уу?
-Тийм, ганцаараа явж байсан. Яг талийгаач бурхан болсон тэр газар л камергүй болохоос ордон чинь тэр чигтээ камертай шүү дээ. Мөн намайг бүлгийн хуралдаанд орохоор явж байхад үүдэнд нь сэтгүүлчид байсан. Камертайгаа зураглаач, сэтгүүлч гээд 7,8 залуу зогсч байсан. Төрийн тусгай хамгаалалтынхан ч байсан.
-Тухайн үед хүн маргалдаж, чанга ярьж байсныг сонссон гэх сэтгүүлчид байгаа. Таны хувьд үүнтэй холбоотой юу?
-Тийм зүйл байхгүй.
-Таныг бүлгийн хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй маргалдсан гэх яриа байгаа. Энэ талаар яриач?
-Маргалдаан байнга болж байдаг. Тэр өдөр бол МАН-ын хоёр гишүүнийг намаас хөөнө гэсэн асуудлаас болж үл ойлголцол үүссэн. Ер нь сүүлийн үед таалагдахгүй бол намаас хөөдөг нэг ийм зүйл шинээр бий болчхоод байна шүү дээ. Миний хувьд ч өнгөрсөн жил үүний хохирогч болоод явж байсан. Угаасаа сүүлийн үед удирдлага, хувьцаа тараах болон мах, өргөн хэрэглээний үнийн өсөлттэй холбоотой маргаан их гарч байгаа.
-Хамгийн сүүлд талийгаачтай уулзсан хүний хувьд та яагаад ийм зүйл болов гэж бодож байна?
-Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Учир нь би хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь биш ээ. Тиймээс хэргийн тухай мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтан нь өгөөд явах биз ээ. Түүнээс би сургаар мэдээлэл өгч болохгүй ээ.
-Тантай уулзаж байхдаа өөр хүнтэй уулзана гэж ярьж байсан уу?
-Миний өрөөг орхихдоо гадаа хүн хүлээж байгаа ах нь яарч байна гээд гарсан. Их л яаруу гарсан. Миний хувьд цагдаа биш болохоор өөр зүйлд хариулах боломжгүй. Мөн талийгаачийн ар гэртэй ойр дотно байдгийг сайн мэдэх байх. Тиймээс эмгэнэл илэрхийлж ажил явдалд оролцохоор гэрт нь очоогүй байж хэвлэлийн хурал хийж ийм мэдээлэл өгсөндөө хүлцэл өчиж байна.
НЭМЭЛТ:12:43
Б.БААТАРХҮҮ: ТАЛИЙГААЧИЙН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ 21 ХОНОГИЙН ДАРАА ГАРНА
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулга авлаа.
-Дээрх хэрэг гарсан талаарх дуудлага мэдээлэл тухай өдрийн 19.30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Одоогоор хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн хэлтэст шалгаж байгаа юу?
-Төрийн ордонд гарсан хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар өгсөн. Хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байхад худал ташаа, батлагдаагүй мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг албан ёсоор цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлтийн эцсийн хариу гараагүй байгаа. ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хэрэг харьяаллын дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс дээр ажлын хэсэг гараад шалгалтын ажиллагаа явагдаж байна. Иргэд олон нийтэд анхааруулж хэлэхэд уг хэргийг цагдаагийн байгууллагаас эцэслэн тогтоогоогүй, талийгаачийн шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байхад олон нийтэд худал ташаа мэдээллийг түгээхгүй байхыг анхааруулж байна. Цагдаагийн байгууллагаас прокурорын шаардлагатай гэж үзвэл мэдээлэл өгөх болно.
-Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийх үеэр талийгаачийн шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтийн талаар ярьсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт хэзээ гарах вэ?
-Шүүх шинжилгээний дүгнэлт эцэслэж нэг л удаа гарах ёстой. Тэгэхээр урьдчилсан дүгнэлт гэж байхгүй. Задлан шинжилгээ хийгдсэн. Гэхдээ эцсийн дүгнэлт 21 хоногийн дараа гарах болно. Эцсийн дүгнэлтийг шүүх эмнэлгээс цагдаагийн байгууллагад ирүүлнэ.
-Албан бус мэдээллээр талийгаач МАН-ын нэг гишүүнтэй хамгийн сүүлд уулзсан гэж байсан. Одоо тэр хүнийг байцааж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хэрэгт авагдсан баримтыг бид мэдээлэх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт онцгой анхаарал хандуулж ажлын хэсэг байгуулагдан мэргэжлийн мөрдөгч нарыг энэ хэрэгт ажиллуулж байна. Хэргийн шалгалтын ажиллагаа, дуусч задлан шинжилгээний хариу гарсны дараа прокурорын зөвшөөрлөөр бид мэдээлэл өгөх учиртай.
-Хэргийг ямар зүйлчлэлээр шалгаж байгаа юм бол?
-Прокуророос дугаар авахаар мэдэгдэх болно.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон намын удирдлагууд өнөөдөр /2019.05.20/ Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Баасан гаригт Төрийн ордонд зуурдаар нас барсантай холбоотой мэдээлэл хийлээ.
АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ТУВААН:
– Сүүлийн үед талийгаачтай холбоотой буруу ташаа мэдээлэл сошиалаар тараах, гүтгэх зэрэг монгол хүнд баймааргүй зүйлсийг тарааж байгаад харамсч байгаагаа илэрхийллээ. Цагдаагийн байгууллага энэ асуудалд онцгой анхаарч, учир явдлыг нэн яаралтай шалгаж, үнэн бодит мэдээллийг ар гэрийнхэн болон Ардчилсан нам, ард түмэнд мэдээлэх байх гэдэгт найдаж байна.
АН-ЫН ДЭД ДАРГА Х.ТЭМҮҮЖИН:
-Төрийн ордонд цөөн хэсэгт камер байрладаг. Чуулганы үүдэнд, ордны гадна хаалганд камер байдаг. Үйл явдал ямар нэг байдлаар камерт бичигдээгүй. Цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад зүрх нь хаагдсан, бие нь муу байсан гэх мэдээлэл маш хурдан сошиал орчинд тархсанд Ардчилсан намын зүгээс харамсч байна. Цагдаагийн газраас энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа. Унасан шалтгаан юу байгааг хэлж мэдэхгүй ч өндрөөс унасан, маш их хэмжээний гэмтэл авснаас амь насаа алдсан гэсэн мэдээлэл гараад байна. Шүүхийн шинжилгээний хариун бүрэн гараагүй бөгөөд химийн шинжилгээний хариу гэхэд 14-21 хоногийн дараа гарна. Харин задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр маш их хэмжээний гэмтэл авснаас амиа алдсан гэдэг дүгнэлтүүд гарч эхэлж байна.
ХЭРЭГ ГАРАХ ӨДӨР:
- 18.30 цагийн үед уулзалт, хурал дууссан.
- 18.33-18.36-цагийн үед Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаатай утсаар ярьсан байна.
- 18.35 орчимд Төрийн ордны 3-н давхраар баруун зүг рүү явж байсан нь бичлэгт үлджээ.
- 19.09 цагт амиа алдсан
- 19.57 минутанд цагдаагийн байгууллагад анхны дуудлага ирсэн.
Төрийн ордны гурван давхрын бичлэгт бичигдсэнээс хойш 20 минутын хугацаанд хаана, хэнтэй уулзсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч эхний байдлаар МАН-ын нэг гишүүний өрөөнд уулзаад гарсан гэсэн мэдээлэл байна гэдгийг АН-ын дэд дарга Х.Тэмүүжин хэлэв.
"ТАЛИЙГААЧИЙН 12 ХАВИРГА ХУГАРЧ, ТАРХИ ЯСНЫ ЦУУРСАН"
Цагдаагийн ерөнхий газраас хэргийг прокурорын хяналт дор явуулж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд тухайн өдөр талийгаач Г.Батхүүтэй уулзсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Тодруулбал, хамгийн сүүлд уулзсан болон Төрийн ордны баруун жигүүрт талийгаачийн унасан газартай ойр өрөөтэй УИХ-ын гишүүд, ажилчдаас мэдүүлэг авч эхэлсэн байна.
Мөн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийн 12 хавирга хугарч, тархины яс нь цуурсан нь амь алдахад хүргэсэн гэмтэл гэх эхний дүгнэлт гарчээ. Мөн талийгаачийг Төрийн ордны баруун жигүүрийн 3 давхрын шатнаас буух явцдаа унаж, хөл алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ албан ёсны мэдээллийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Мөн хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл гэрчийн мэдүүлэг яг одоо Сүхбаатар дүүрэгт өгч байгаа аж. Мөн түүнтэй хамгийн сүүлд уулзсан хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэсэн мэдээлэл байгаа юм.
С.ЭРДЭНЭ: ЭНЭ ХЭРГИЙН ТАЛААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШУРХАЙ АЖИЛЛАЖ, НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭХ ЁСТОЙ
УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү агсны унаж амиа алдсан газар болох Төрийн ордны баруун жигүүрийн нэг давхарт 11.00 цагийн үед цэцэг өргөн, талийгаачид хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын дэд дарга, бидний журмын нөхөр, үзэл бодол, итгэл үнэмшил нэгт Г.Батхүүгийнхээ өндрөөс унаж амь насаа алдсан энэ газар бид цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь зөвлөлийн нийт гишүүдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Энэ болсон хэрэг явдалтай холбогдуулан нийгэмд элдэв ташаа мэдээлэл гарч буйд харамсч байна. Цагдаагийн газар болон холбогдох хуулийн байгууллагууд энэ хэрэг явдлын үнэн мөнийг маш шуурхай олж олон нийтэд нээлттэй мэдээллийг хүргэж ажиллаасай гэж хүсч байна" гэсэн юм.
Мөн энэ үеэр тус намын дарга С.Эрдэнэ " Талийгаач тухайн өдөр манай өрөөгөөр ороогүй. Би Баасан гаригийн үдээс хойш өрөөндөө байгаагүй. Үдээс хойш манай зөвлөлийн хуралдаан болж, үдээс өмнө АН-ын Үзэл баримтлалыг танилцуулах аяны нээлтийн арга хэмжээ болсон. Талийгаач манай өрөөнд ороогүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна" гэлээ.
Холбоотой мэдээ