Сайн чанарын ган хэзээ үйлдвэрлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.03.16-нд нийтлэгдсэн

Сайн чанарын ган хэзээ үйлдвэрлэх вэ?

-Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гуравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ажиллалаа-

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Улаанбаатар төмөр замын харьяа Ачааны вагон депогийн засварын газрын хашаанд галт тэрэгний 1700 орчим хос дугуй хураалттай байна. Бүгд засварт орох шаардлагатай. Монголд энэхүү дугуйг засварлах боломжгүй тул ОХУ-руу ачуулж, дахин засварт оруулахаас аргагүй аж. Гэвч жил ирэх тусам хос дугуйн засварын өртөг өсч буй юм байна. Вагоны шинэ хос дугуй худалдан авахад үнэ нь 5800 ам.доллар бол засвар хийлгэхэд 5000 орчим ам.доллар. Тодруулж хэлбэл, шинэ дугуй худалдан авах хэмжээний мөнгөөр хуучин дугуйг засварлуулна гэсэн үг. Хэрвээ Монгол Улс дотооддоо төмөр замын хос дугуйны мөөрийг хийдэг болчихвол ОХУ-д нийлүүлэх валютын их урсгал саарах боломж байна.

 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тус засварын газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Ган үйлдвэрлэдэг болчихвол танайх хос дугуйг засварлаж чадах уу” гэдэг асуултыг тавив. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын хэлж буйгаар дотооддоо сайн чанарын ган хийдэг болчихвол боломж байна. Галт тэрэгний дугуйн гол төмөр элэгддэггүй, гаднах тойруулга болох мөөр нь элэгддэг, түүнийг гангаар хийдэг. Мөн Хос дугуй угсрах, их засвар хийх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах шаардлагатай. Үүнд 21 тэрбум төгрөг шаардаж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсон нөхцөлд ОХУ-д хийдэг дөрвөн төрлийн хос дугуйн засварын үйлчилгээг Ачааны вагон депогийн засварын газрынхан хийх боломж бүрдэнэ. Одоогоор тус засварын газрынхан 170 гаруй нэр төрлийн засвар үйлчилгээг хийдэг. Өдөрт найм, жилдээ 2400 гаруй ачааны галт тэрэг засварладаг байна.

 

Ирээдүйд төмөр замаар тээвэрлэх ачаа эргэлт өсөн нэмэгдэх дүр зураг гарч буй. Учир нь уул уурхайн ордуудыг дагуулж төмөр зам шинээр барихаар болж байгаа нь ачааны галт тэрэгний хос дугуйг дотооддоо засварладаг болоход анхаарлаа хандуулах цаг болсон нь эндээс харагдлаа. Харин Монголд ган үйлдвэрлэх боломж байна уу.

 

Ширэм үйлдвэрлэж байна

 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Орхон аймагт ажиллах үеэрээ “Бэрэн металлс” компанийн ширэм, гангийн үйлдвэртэй танилцав. Өнгөрсөн онд тус компани домен зуухыг ашиглалтад оруулснаар ширэм үйлдвэрлэдэг болжээ. Хашаанд нь 3000 гаруй тонн ширэм хураалттай байлаа. Түүнийг дахин боловсруулж барилгын арматур төмөр, ган бөмбөлөг үйлдвэрлэх аж. Домен зуухныхаа дэргэд боловсруулах үйлдвэр барихаар ажлаа эхлүүлжээ. Ирэх наймдугаар сард багтаан үйлдвэрийн эхний хэсгийг ашиглалтад оруулна. Шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөө татсан бөгөөд боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 200 мянган тонн барилгын арматур төмөр үйлдвэрлэж Монголын зах зээлд нийлүүлэх юм байна. Төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор хэмээн нэрлэж болох энэхүү үйлдвэрийг барьж байгуулахад Чингис бондоос 22.7 сая ам.долларын санхүүжилт авчээ. Харин цогцолборын нийт өртөг 70 сая ам.доллараар яригдаж байна.

 

Аж үйлдвэрийн сайд дээрх ажилтай танилцах үеэрээ “Хоёр жилийн дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган үйлдвэрлэж эхэлнэ.  Асар том үйлдвэр ашиглалтад орохоор ажил нь эхэлсэн. Японоос техник технологи татна. Түүнтэй өрсөлдөхүйц үйлдвэр барьж байгуулах шаардлагатай. Чингис бондоос 22.7 сая ам.долларын санхүүжилт авсан гэж ярилаа. Ийм их хөрөнгө оруулалтыг үйлдвэр байгуулахад зарцуулчихаад өрсөлдөх чадвараа алдвал эрсдэл өндөр тусна. Зуух байгаль орчинд халтай тусаж мэдэхээр байна. Үүндээ анхаарч технологийн шинэчлэл эрэл­хий­лэх шаардлагатай” гэж зөвлөсөн юм. Тус үйлд­вэ­рийн удирдлагуудын хэлж буйгаар Японоос мэргэ­жилтэн урьж, зөвлөгөө авч ажиллаж байгаа ажээ.

 

Монгол Улс өнгөрсөн жилүүдэд барилгын салбарын гол түүхий эд болсон арматур төмрийг Хятад улсаас импортолж хэрэгцээгээ хангасан бол “Бэрэн металлс” компанийн ширэм гангийн үйлдвэр ашиглалтад орсноор 100 сая хүртэлх ам.доллараар энэ төрлийн бүтээгдэхүүний импортын хэрэглээг буу­руул­на гэж үзэж байна. Мөн тус үйлдвэр ган бөм­бө­лөгөөс гадна машины тоног төхөөрөм­жид шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж.

 

 

Төмрийн баяжмалын үнэ унажээ

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 2017 онд багтаж Монгол Улсын гангийн дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай “Уул уурхай-металлургын цог¬цол¬бор” болох зорилт тавин ажиллаж байна. Төслийн нийт өртөг 700 сая ам.доллар, үүнээс эхний ээлжинд 200 сая ам.долларын ажил хийгджээ. Тус үйлдвэрийн дэд захирал Ж.Эрдэнэбилэгээс бид галт тэрэгний хос дугуйг засварлахад шаардагдах ган мөөрийг хийх боломжтой эсэхийг лавласан юм. Тэрээр “Маш сайн чанарын гангаар түүнийг хийх ёстой. Мөн мөөрийг хийхийн тулд технологийн тохируулах хийх хэрэгтэй болно. Нөгөө талаасаа захиалга орж ирэх ёстой” гэсэн хариулт өгсөн юм.

 

Дархан төмөрлөгийн үйлдвэр нь уул уурхай, гангийн үйлдвэрлэл гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байна. Тодруулбал, Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхай, Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайд тус бүр олборлолт явуулж, төмрийн хүдрийн баяжмал экспортолдог аж. Гэвч өнөө жил дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн баяжмалын үнэ унасан нь нойтон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоохоос аргагүйд хүрчээ. Нөгөөтэйгүүр, тус үйлдвэрийг зогсоосон хоёр дахь шалтгаан нь хүйтний улиралд энэ төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох боломжгүй юм байна. Учир нь дээрх технологиор үйлдвэрлэсэн баяжмал хөлддөг аж. Үйлдвэрийн удирдлагуудын өгч байгаа тайлбараар төмрийн хүдрийн баяжмал нэг тонн нь 130 ам.долларт хүрдэг байсан бол одоо 55 ам.доллар болж буурчээ.

 

Үйлдвэрийн ашигт ажиллагаанд бэрхшээл учруулж байгаа хоёр дахь шалтгаан нь арматур төмрийнх нь борлуулалт өнгөрсөн жилийнхээс 50-60 хувиар буурчээ. Энэ нь эдийн засгийн хямралаас болж барилгын компаниуд хүнд­хэн байгаатай холбогдож буй аж. Гэхдээ арматурын үйлдвэрлэлээ зогсоогоогүй, үйлдвэр­­лэж байна. Японы технологиор арматур төмрийг үйлдвэрлэдэг учраас Хятад улсаас нийлүү­лэгд­дэг арматураас чанараараа ялгарна. Сайн барилга баръя гэвэл арматурыг Дарханы төмөр­лө­гийн үйлдвэрээс сонгох нь зөв сонголт болно гэж үйлдвэрийн удирдлага хэлж байлаа.

 

 

200 сая ам.доллараар юу хийв?

 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тус үйлдвэрийн ажил байдалтай танилцах үеэрээ “Уул уурхай-металлургын цогцолбор” барих төслийн хүрээнд ямар ажил хийсэн, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулаад байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсэв.

 

Үйлдвэрийн удирдлагуудын танилцуулс­наар дараах ажлуудыг хийжээ. Тухайлбал, Төмөртэй, Төмөртолгойн ордуудад шинээр ил уурхай нээж, уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай хүнд даацын машины засварын төв, шатахуун түгээх станц, ажилчдын байр, кемп зэргийг байгуулсан байна. Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэл 33.4 км, 1520 мм царигтай төмөр замын ажил эхлүүлж, гүйцэтгэл нь 80 хувьд хүрсэн байна. Хандгайт өртөөнд мөн жилд 2 сая тонн баяжмал ачих терминаль, гангийн үйлдвэрийн дэргэд жилд 2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал ачих чадалтай терминалийг ашиглалтад оруулжээ.

 

Гангийн үйлдвэрийн дэргэд жилд 1 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай нойтон баяжуулах үйлдвэр, Төмөртэйн уурхай, Төмөртолгойн уурхайн дэргэд тус бүр хуурай соронзон үйлдвэр байгуулсан байна. Мөн цахилгаан хангамжаа шийдвэрлэх зорилгоор зарим уурхайн дэргэд шинээр дэд станц ашиглалтад оруулсан бол зарим станцаа өргөтгөжээ. Энэ мэтчлэн хийсэн ажил олон ч цаг хугацаандаа багтааж цогцолборыг ашиглалтад оруулахад нэмж 500 сая ам.доллар шаардлагатай. Санхүүжилтэд нь Засгийн газар анхаарч цаг алдалгүй шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа. Цаг алдах тусам шинээр худалдан авч байгаа тоног төхөөрөөмжийн өртөг өсч тэр хэрээр төслийн зардлыг нэмэгдүүлж болзошгүй юм байна. Цогцолбор ашиглалтад орсоноор сайн чанарын ган үйлдвэрлэгдэнэ. Гол нь галт тэрэгний мөөр хийх хэмжээний ган үйлдвэрлэж чадах уу гэдэг асуулт хариулт нэхэж үлдлээ.

 

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж