Хил хамгаалах байгуулагын “Хилчин” спорт хорооноос “Бөхчүүд улсын хилд” арга хэмжээг тал хээрийн бүсэд зохион байгуулж байна. Тавдугаар сарын 15-25-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороо, Хилийн ангиудад зохион байгуулагдах энэхүү арга хэмжээнд “Хилчин” спорт хорооны дарга, МУ-ын заан, дэд хурандаа М.Мягмарсүрэн, МУ-ын аварга, дэд хурандаа С.Мөнхбат, МУ-ын гарьд, ахмад Ж.Бат-Эрдэнэ, дэд хурандаа Д.Баасандорж, М.Өсөхбаяр, ахмад Т.Санчир, Б.Соронзонболд, МУ-ын харцага, ахмад Ц.Содномдорж, МУ-ын начин, дэд хурандаа Н.Бүрэнбаатар, ахмад П.Ганхүү, ахлах дэслэгч С.Багахүү нарын 11 бөх оролцож байгаа юм. Үйл ажиллагаа Хэнтий аймаг дахь Хилийн 0287 дугаар ангиас гараагаа эхэлж улсын цолтой бөхчүүд тус ангийн удирдлагууд болон цэрэг дайчидтай чөлөөт ярилцлага өрнүүлж, урам хайрлав. Үүний зэрэгцээ Хэнтий аймгийн спорт хороонд орон нутгийн ард иргэдэд ХХБ-ын үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилготой хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгууллаа.
Барилдааны шөвгийн дөрөвт МУ-ын заан Б.Соронзонболд, Т.Санчир, харцага Оюунболд, П.Ганхүү нар тунаж үлдсэн юм. Харин үзүүр түрүүнд улсын харцага Оюунболд харцага П.Ганхүүг өвдөг шороодуулснаар Хэнтий аймагт зохион байгуулагдсан хүчит бөхийн барилдаанд түрүүллээ. Улсын цолтой бөхчүүд өмнө нь ийнхүү нэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр хилийн анги, отрядуудад ажиллаж байгаагүй билээ. “Бөхчүүд улсын хилд” арга хэмжээ үргэлжилж байна.
Эх сурвалж: http://bpo.gov.mn