Ой тайгын бүсийн нэгдсэн зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

Ой тайгын бүсийн нэгдсэн зөвлөгөөн боллоо

-Харгал нуурын эрэг дээр ХХТХ-ний Ой тайгын бүсийн нэгдсэн зөвлөгөөн болж байна

“Бүсчилсэн хил хамгаалалт” хөтөлбөрийн хүрээнд анх удаагаа зохион байгуулагдаж буй Хил хамгаалах туслах хүчний Ой тайгын бүсийн нэгдсэн зөвлөгөөн Булган аймгийн Тэшиг сумын Харгал нуурын хөвөөн дээр боллоо.

Хил хамгаалах ерөнхий газар, Хууль зүйн яам хамтран зохион байгуулж буй энэ зөвлөгөөн тал хээр, говь цөл, уулын бүсүүдэд амжилттай зохион байгуулагдсан бол хамгийн сүүлд ой тайгын бүсэд ийнхүү зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт оролцож үйл ажиллагааг нээсэн бол үндсэн илтгэлийг ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав тавьсан юм. Тус зөвлөгөөн улсын хил хамгаалалтад ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ХХТХ-ний зөвлөлөөс дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд зөвлөгөөнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудын засаг дарга нар, албаны төлөөлөл, мөн Хилийн зургаан ангийн захирагч болон Хил хамгаалах туслах хүчний 200 орчим гишүүд оролцлоо.

Ийнхүү Монгол Улсын хилийн 28 хувийг эзэлдэг ой тайгын бүсийн хилчид болон Хил хамгаалах туслах хүчний гишүүд нэгэн дор цугларч улсын хил хамгаалалтыг хамтын хүчээр зохион байгуулах, ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэх нэгдсэн зорилгын дор зөвлөлдөн, улмаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Зөвлөгөөний эцэст нэгдсэн зөвлөмж гарган, Хууль зүйн сайдын өгсөн үүрэг, албан даалгаварыг хүргэж, хэрэгжилтийг хангах талаар санал солилцов. Тус зөвлөгөөнд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээсээ толилуулснаар Ой тайгын бүсийн нэгдсэн зөвлөгөөн өндөрлөв.

Эх сурвалж: http://bpo.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж