2013 оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн хувцасны шинэ загварыг баталсан билээ. Үүний дагуу цагдаагийн албан хаагчид шинэ загварын хувцас өмсч үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Тухайн үед нийт 7000 гаруй албан хаагчийн дүрэмт хувцсыг Турк улсад хийлгэсэн нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй хэмээн ард иргэд шүүмжилж байсан. Тэгвэл батлан хамгаалах салбарын бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангах чиглэлээр хамтран ажиллах зорилго бүхий санамж бичгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар үзэглэлээ.
Энэхүү санамж бичгийг үзэглэснээр Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалтыг нэмэгдүүлэхэд талууд бүх талаар хамтран ажиллах, худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээний нийлүүлэлтийг тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангах, батлан хамгаалахын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх төрийн өмчит үйлдвэрийн газруудын техник, технологийн шинэчлэл, үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлуудыг хамтарч гүйцэтгэх юм байна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу Аж үйлдвэрийн яам, Батлах хамгаалах яамны дотоод үйл ажиллагааны зорилтод нийцүүлж, энэхүү санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсад үндэсний үйлдвэрлэл хөгжиж, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Үүнээс батлан хамгаалахын салбар үндэсний үйлдвэрийн 60 гаруй үйлдвэрийн 600 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж байна.
Тиймээс 55 гаруй үйлдвэрийн 500 гаруй нэр нэрлийн барааг Батлан хамгаалах яаманд нийлүүлэх бололцоотой гэж үзэж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бараа бүтээгдэхүүн нийлүүлэх саналыг хүлээн авч хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан Ц.Цолмон сайддаа баярлалаа. Цаашдаа Монгол орон импортын бүтээгдэхүүнээ хумиж, эх орны үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, нөгөө талаас үндэсний үйлдвэрлэгчид маань чанар стандартыг хангах, стандартын дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж бүрдэж байна” гэсэн юм. Харин Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Аливаа улс орны батлан хамгаалахын салбарыг хөгжүүлэхэд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн чухал байдаг.
Бүх улс оронд батлан хамгаалахын аж үйлдвэр гэсэн ойлголт байдаг. Хувийн хэвшил болон бусад салбарыг оролцуулах ёстой. Аж үйлдвэрийн сайд аж үйлдвэр хөгжүүлэх ажлаа Батлан хамгаалах яам болон хувийн хэвшлийнхээ хоёр талаасаа ажиллаад албажуулж гарын үсэг зурж байна. Гадны зах зээл худалдан авалтыг хийж хэвшсэн байгаа энэ үед дотоодын үйлдвэрээ хөгжүүлэхэд хамтран ажиллах ажил их байна. Одоогийн үйлдвэрүүдээ өргөтгөх, манай хэрэгцээг судалж шинээр ямар үйлдвэр барьж болохоор байна гэдгийг судлах хэрэгтэй байна.
Манай яамдын хамтын ажиллагаа улс орон болоод үндэсний үйлдвэрүүдийн хөгжил дэвшилд ахиц авчирна гэж найдаж байна” хэмээлээ. Түүнчлэн, энэхүү арга хэмжээнд мэргэжлийн холбоодлын төлөөллүүд ч оролцсон бөгөөд тэдний зүгээс бүтээгдэхүүний үнийн хувьд бодолцох асуудлууд байгааг онцолж байлаа. Энэ үеэр зарим холбоодын төлөөллийн байр суурийг сонирхлоо.
Б.Батжаргал: Материалаа дотооддоо үйлдвэрлэж байгааг нь дэмжих хэрэгтэй
/“Би энд би эс” компанийн захирал/
-Арьс ширний салбарт бид дотооддоо түүхий эдээ бэлтгэх бүрэн боломжтой. Сүлжмэл эдлэлийг 100 хувь Хятадаас нийлүүлдэг. Цэрэг, цагдаа, арми хүчний байгууллагын албан хаагчдын хувцас оёх материалыг дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай байна. Ихэнх аж ахуйн нэгжүүд хувцасны материал, түүхий эдээ гаднаас авдаг учраас дотооддоо үйлдвэрлэдэг газрыг дэмжих тал дээр анхаараасай гэж хүсч байна.
М.Жаргалмаа: Манай оёдлын салбарынханд давуу эрх гараад ирлээ
/Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал/
-Санамж бичигт гарын үсэг зурсанаар дотоодын 55 нэрийн бараа бүтээгдэхүүнийг авч оёж үйлдвэрлэх давуу эрх манай оёдлын салбарынханд гараад ирлээ. Батлан хамгаалах салбарын хувцасыг улирлын чанартай ханган нийлүүлдэг. Дээрээс нь чанарын асуудал байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдсан болохоор цэрэг цагдаагийнхний бүх хувцасыг дотооддоо оёх бүрэн бололцоотой.
Хүн хүч ч мөн сүүлийн гурван жилийн дотор эрс нэмэгдсэн. 4000-5000 мянган ажилчид ажлын байраар хангагдчихсан байгаа. Материалын хувьд Батлан хамгаалах яам, цэрэг цагдаагийнхан өөрсдөө өгдөг. Бидний хувьд түүнийг нь исгээд оёх л үүрэгтэй байдаг. Яг үнэнийг хэлэхэд үнийн тал дээр бодолцох асуудал байгаа.
Н.Зоригт: Санамж бичгийн үр дүнг өөрсдийн үйлдвэрлэл дээрээ амжилттай хэрэгжүүлж чадна
/Гутал, цүнх үйлдвэрлэгч “Хос аз” компанийн захирал/
-Эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч манай үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манайх 60-80 ажилтантай. Улсад татвараа 100 хувь төлдөг, дотоодын зуун хувийн хөрөнгө оруулалттай компани. Манайх хагас автомат үйлдвэрийг шинээр барьж байна. Үүний давуу тал нь сайн технологийг ашиглан өндөр бүтээмжтэй, олон тоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах.
Манайх шиг цөөхөн хүн амтай улс үйлдвэрлэл явуулахад энэ бол хамгийн чухал зүйл. Тиймээс бид өнөөдрийн санамж бичгийн үр дүнг өөрсдийн үйлдвэрлэл дээрээ амжилттай хэрэгжүүлж чадна гэж үзэж байна.
Мөн төр засгийн зүгээс дотоодын үйлдвэрлэгчдээ улсдаа үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүний гаалийн татвараас нь чөлөөлөх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Утас, цавуу гээд улсдаа үйлдвэрлэх боломжгүй зүйлсийг дотоодын үйлдвэрүүдээ хөл дээрээ зогстол нь таван жилдээ татвараас чөлөөлдөг болчихвол хэрэглэгчийн гар дээр өнөөгийн үнэнээс даруй 20 хувь хямд гутал очих боломжтой болж байгаа юм.
Б.ДАВААХҮҮ
Эх сурвалж: www.mminfo.mn