Талийгаач Г.Батхүү гадны нөлөөтэй нас барсан уу?

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Талийгаач Г.Батхүү гадны нөлөөтэй нас барсан уу?

Талийгаач Г.Батхүү гадны нөлөөтэй нас барсан уу?

Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Баасан гаригт Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарав. Тухайн өдрийн  19.10 цагийн үед Төрийн ордны баруун жигүүрийн нэг давхарт нас барсан байдалтай олдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас таван цаг гаруй хугацаанд хэргийн газарт үзлэг шинжилгээ хийсэн юм. Хэргийн газар цагдаагийн байгууллагын ажилтнууд таван цаг гаруй үзлэг хийж, өндрөөс унасан учраас амиа алдсан гэсэн анхны мэдээллийг өгсөн. Төрийн ордны баруун жигүүрийн гонх /Төрийн ордны 1-4 давхар хүртэл онгорхой талбай/-ний харалдаа унасан байж болзошгүй гэж үзсэн. Хамгийн сүүлд 18.48 цагт Төрийн ордны ажилтантай Төрийн ордны баруун жигүүрт таарсан гэдгийг гэрчүүд нотолж байгаа гэв. Ингээд түүнээс хойш 20 минутын дараа нас барсан байдалтай олдсон гэсэн юм.

Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм.

Ардчилсан намын зүгээс энэхүү хэргийг гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж, тавдугаар сарын 18-ны өдөр гурван ажлын хэсэг гарган, мэдэгдэл гаргасан.

Мэдэгдэлдээ, Ардчилсан Намын Дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо. Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна. Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны 4 дүгээр сард бүх төрлийн шинжилгээ оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм. Ардчилсан Намын Дэд дарга ажил үүргээ гүйцэтгэж явахдаа төрийн ордонд сэжигтэй байдлаар амь насаа алдсан шалтгааныг үнэн зөвөөр, нэн яаралтай тогтоож, учир шалтгааныг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардаж байна.Мөн тус намаас гурван ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.

Мөн  талийгаачийн ар гэрийнхний зүгээс энэ хэрэгтэй холбоотойгоор ямар нэг тайлбар хэлээгүй байгаа бөгөөд Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээлгээ хийлгэхдээ  итгэмжлэгдсэн хувийн шинжээч оруулах хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл байгаа юм.

Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр /2019.05.19/ мэдэгдэл, тайлбар гаргасан. Үүнд, 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:57 цагт цагдаагийн байгууллагад "Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу Нийслэлийн Цагдаагийн газраас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байна. Олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч байгааг анхаарна уу.

Г.Батхүү асан гадны нөлөөтэй нас барсан уу эсвэл санамсаргүй үйлдэл байсан уу гэдэг асуултад  хуулийн байгууллага шалгаж, хариулт өгөх учиртай.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж