Хөрөнгө оруулагчаа хүлээсэн чөлөөт бүс

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчаа хүлээсэн чөлөөт бүс

-Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс энэ сарын 25-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, чөлөөт бүс байгуулах хүрээнд баригдсан дэд бүтцийн ажилтай биечлэн танилцлаа-

 

 

Арав гаруй жилийн турш хоосон хашаанаас өөр өмчлөх өмчгүй байсан Замын-Үүдийн чөлөөт бүс амилах цаг ойртжээ. Авто зам ашиг­лалтад орсноос гадна Дулааны станц, цахилгаан дамжуулах сүл­жээ, ус цэвэршүүлэх үйлдвэр, бохирын цэвэрлэх байгууламж баригдаж, ирэх долдугаар сарын сүүлээр ашиглалтад орохоор бэлт­гэл хангагдаж байна. Эдгээр ажлыг гүйцэтгэхэд улсын төсвөөс 6.4 тэрбум, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 58.8 сая ам.доллар тус бүр зарцуулжээ. Хүчин чадлын хувьд 60 мянган хүн амыг хангах бололцоотой дэд бүтэц суурилагдаад байна. Энэ нь нэг талдаа хөрөнгө оруулагчдын хувьд Замын-Үүд чөлөөт бүсэд бизнес эрхлэхэд халаалт дулаан, цахилгаанаа ямар эх үүсвэрээс татах вэ, цэвэр, бохир усны шугамаа яаж шийдэх вэ гэдэгт толгой өвтгөхөөргүй болсон гэсэн үг юм. Хэрвээ та чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол Монгол Улсын Засгийн газар чөлөөт бүсэд ямар бодлого барих, чөлөөт бүсийн газрын үнэ хэд байх гэдгийг энэхүү сурвалжлагаас сонир­хоно уу. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 25-нд буюу өнгөр­сөн бямба гаригт “Замын-Үүд хөрөнгө оруулагчдын чуулган-2015” арга хэмжээ болж, дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

ХӨРӨНГӨӨ БОСГОЧИХСОН, ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨДӨХ

 

Чуулга уулзалтад оролцсон урд хөршийн хөрөнгө оруулагчид “Замын-Үүд чөлөөт бүсэд газ­рын үнэлгээ ямар байх вэ, бидэнд мэдээлэл хэрэгтэй байна” гэсэн бол Монголын хөрөнгө оруулаг­чид “Хөрөнгөө босго­чихсон, шийд­вэрээ гаргаад өг л дөө, төс­лөө хэрэгжүүлмээр байна” гэж яарц­гааж байлаа. Үндэсний хөрөнгө оруулагч­дын хувьд ажил хийх гэж яарах нь зөв, дэмжмээр санаа ч төрөөс барьж байгаа бодлоготой нийцэж чадав уу гэдэг асуултыг тави­бал бүдэрхээр байна. Нэр бүхий ком­пани Замын-Үүд чөлөөт бүсэд гурил, тэжээл, био дизель, түлшний үйлд­вэр байгуулахаар Германы хөрөн­гө оруулагчтай хамтраад хөрөнгө босгожээ. Үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүнээ экспортод гаргана. Монгол Улсад үйлдвэрлэсэн малын тэжээл өмнөд хөрш рүү их хэмжээгээр экспортлогдох болсон тул энэ орон зайг олж харсан нь зөв боловч улаан буудай ОХУ-аас импортоор авах болж байгаа нь дотоодын түүхий эддээ түшиглэх гэсэн шалгуурыг хангахгүй унаж байх жишээтэй. Төслийн нийт өртөг 12 сая ам.дол­лараар яригдаж байна. Үүнд мөн төмөр зам барих төсөл багтаж байна.

 

 

Тэгвэл өнгөрсөн хугацаанд барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэх чиглэлээр нэлээд ажил хийсэн Барилга хот байгуулалтын яам Замын-Үүд чөлөөт бүсэд “Барилгын материалын импортын нэгдсэн хангамж төсөл” хэрэгжүүлэхээр болж байгаагаа танилцуулсан нь гайхал төрүүллээ. Импортын барааны 90 хувь, барилгын материалын 60-70 хувь Замын-Үүдээр тээвэрлэгддэг тул дээрх төслийг хэрэгжүүлэх нь үнийн өсөлтөөс сэргийлж, валютын урсгалыг сааруулна гэж үзэж байна. Уг нь үүнийхээ оронд барилгын материал үйлдвэрлэх үйлдвэрлэлийг Замын-Үүд чөлөөт бүсэд байгуу­лахаар ажиллавал  жинхэнэ утгаараа үнийн өсөлт, валютын урсгалыг сааруулмаар…

 

Гурав дахь үндэсний үйлдвэр­лэгчийн төсөл нь Дэлхийн брэнд хувцасны худалдааны төв, зочид буудал байгуулах төсөл байлаа. Дэл­хийд борлуулагдаж байгаа чамин тансаг хэрэглээний 40 орчим хувийг зөвхөн азичууд тэр дундаа хятад иргэд хэрэглэх болсон тул энэ орон зайг ашиглаж,Замын-Үүд чөлөөт бүсэд “Outlet” брэндийн худалдааны төв нээх нь ашиг олох боломж гэж үзжээ.

 

Гэвч Монгол Улсын төрийн бодлого ганзагын наймаанаас тат­галзаж дотоодын түүхий эддээ түшиг­лэж, экспортыг нэмэгдүүлсэн, импортыг орлох үйлдвэрлэл эрхлэл­тийг дэмжихэд чиглэх болж байгаа нь үндэсний хөрөнгө оруулагчид хуулиа, бодлогоо сайн судлахгүй бол нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хэн үйлдвэрлэж, экспортыг хийх вэ гэдэг асуулт тавигдах болж байна.

 

ГАЗАР ЭЗЭМШСЭНИЙ ТӨЛБӨР ХЭД ВЭ?

 

Чуулга уулзалтад урд хөршөөс 20 гаруй бизнес эрхлэгч ирсэн байлаа. Тэдний хамгийн их сонирхож байгаа зүйл нь Замын-Үүд чөлөөт бүсэд газрын үнэлгээ хэдээр тогтох вэ гэх асуулт юм. Засгийн газраас тун удахгүй чөлөөт бүсийн газар ашиглах, эзэмших үнийг батлах юм байна. Замын-Үүд чөлөөт бүсэд нийт 900 га талбай хамаардаг, түүнийг үйлдвэрлэлийн, худалдааны, амралт зугаалгын, агуулахын, нөөцийн хэмээн тус бүр ангилжээ. Үүнээс үйлдвэрлэлийн бүс зонхилох хувийг эзлэх юм байна. Харин газрын үнэлгээний тухайд Аж үйлдвэрийн яамны төвшинд дөрвөн хувилбартай үнэ тогтоожээ. Тухайлбал, нэгдүгээр хувилбараар Замын-Үүд чөлөөт бүсэд 1 га газрын суурь үнэ 80 сая төгрөг, 1м2 газрын үнэ 7000 төгрөг, итгэлцүүрээр бодоход худалдаа эрхлэхэд 14 сая, үйлдвэрлэл эрхлэхэд 9 сая, үйлчилгээ эрхэлхэд 14 сая төгрөг болно гэж тооцож байна.

 

 

Хоёрдугаар хувилбар 1м2 газрын үнэ 15000 төгрөг бол 1 га газар 150.000.000 төгрөг, итгэлцүүрээр тоо­цоход худалдаа эрхлэхэд 37.500.000, үйлдвэр эрхлэхэд 30.000.000 гэх мэтчлэнгээр үнэ тог­­тоогоод байгаа юм. Үүн дээр хөр­өнгө оруулагчдын саналыг сонсч, хамгийн боломжтой гэсэн хувил­барыг сонгох аж. Тодорхой нэг шаард­лага тавигдах болж байгаа нь хөрөнгө оруулагч эзэмшсэн болон ашигласан газартаа тодорхой төсөлд заасан хугацаандаа багтааж хөрөнгө оруулалт хийгээгүй нөхцөлд шууд хураан авах юм байна. Ийм хатуу зарчим барих болж байгаа нь авсан газраа хав дараад юм хийдэггүй, хэн нэгэнд үнэ хүргэж зарах гэдэг панзыг хаах арга аж.

 

“ХЯТАД, МОНГОЛ ХАМТРААД ЭКСПОРТ ХИЙХ ЁСТОЙ”

 

Өвөр Монголын өөртөө засах орны Худалдааны танхимын орлогч дарга Гуо Ган "Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудал нь дан ганц Монголын асуудал биш, Өвөр монголын өөртөө засах орон болон Хятадын тодорхой хэмжээний хот, бүсийн хөгжилтэй шууд холбоотой. Миний бодлоор Хятад, Монголын компаниуд хамт­раад юм бүтээх, хамтраад экспорт хийх ёстой. Түүнээс биш би бараагаа танд зарна, таны барааг би авна гэж харьцдаг цаг биш болсон. Одоогийн шинэ үеийн манай бизнес эрхлэгчдийн хамгийн их сонирхож байгаа төсөл бол үйлдвэр бариад Европын холбооны улс руу, АНУ руу бүтээгдэхүүнээ гаргах. Тэрнээс биш Замын-Үүдийг хангах юм уу, Улаанбаатарыг хангах гэдэг юм уу тийм чиглэлээр хөрөнгө оруулах сонирхол манай бизнес эрхлэгчдийн хувьд бага" гэлээ.

 

“ГУРАВ ХҮРТЭЛ САЯ ТӨГРӨГИЙН БАРААНД ТАТВАР ТӨЛӨХГҮЙ”

 

“Техник, импорт” компанийн захирал Б.Цэнгэл: -Замын-Үүд нь Монголын ачаа эргэлтийн хамгийн том бүс учраас тээвэр ложистикийг хөгжүүлэх нь илүү ач холбогдолтой. Энэ төсөлд бид эхний ээлжинд 2.5 сая ам.доллар зарцуулна. “Алтанбулаг” чөлөөт бүсэд мөн 1.5 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо бий.

 

Бид олон улсын тээвэрлэлт хий­дэг, ОХУ-ын Улаан-Үд болон Красноярскоос Монгол руу тээвэрлэлт хийдэг. Төсөл хэрэгж­сэнээр олон давуу талууд бий болно. Жишээ нь, Эрээнээс Наушик руу тээвэрлэлт хийхэд их олон хоног зарцуулдаг. Зөвхөн Эрээнээс Улаан­баатар хот руу ачаа хүргэхэд 7-15 хонодог. Хэрвээ бид энэ төслийг хэрэгжүүлэх юм бол тав хоногт ачаа хүрдэг болно. Хоёрдугаарт далд эдийн засаг байхгүй болно, бараа бүртгэлийн нэгдсэн систем бий болно, барааны үнийн өсөлтөөс сэргийлж чадна. Олон талын ач холбогдолтой. Бараа бүтээгдэхүүн гаалиар нэвтрэх болоход тоог нь дардаг. Тэр нь далд эдийн засаг болдог. Өөрөөр хэлбэл, чөлөөт бүсэд бараа ирчихсэн байхад та татвар төлөхгүй учраас бараа дарах шаардлагагүй. Тоог нь үнэнээр нь хэлнэ. Жижиглэнгээр буюу гурав сая хүртэл төгрөг дотор бараа авахад ямар ч төрлийн татвар төлөхгүй.

 

 

“СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ АСУУДЛЫГ ШИЙДНЭ”

 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: -Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулахад үндсэндээ дэд бүтэц нь бэлэн болсон байна. Тийм учраас дэд бүтэц нь буй болсон газар дээрээ төслийн сонгон шалга­­­­руулалтаар газар эзэм­ших, ашиг­лах асуудлыг шийдэх болно гэдгийг хөрөнгө оруулагч нар­таа танилцууллаа. Замын-Үүд чөлөөт бүсийн бас нэг давуу тал нь Өвөр­мон­голын өөртөө засах орны­хон Хятадын талынхан хөрөнгө оруулах сонирхол их байна, ялангуяа хил дамнасан чөлөөт бүсийг хамтарч байгуулах сонирхол асар их байна. Өөрөөр хэлбэл, бидний түншлэгч хамтрагч нар энэ чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхол байхад түү­нийг нь ашиглах ёстой. Мэдээж харилцан ашигтай байх зарчим барина. Хөрөнгө оруулагчид мөн Засгийн газар газрынхаа үнэлгээг хэзээ шийдэх вэ гэдгийг их асууж байна. Зургадугаар сардаа багтаагаад Аж үйлдвэрийн яам төслийнхөө сонгон шалгаруулалтыг хийж дуус­гах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэр үед газрын үнэлгээ тогтчихно. Дол­дугаар сараас хөрөнгө оруулах сонир­­холтой хүмүүст ажлаа эхлэх болом­­жийг нээж өгье гэсэн бодолтой байна.

 

Гол барих бодлого экспортыг дэмжсэн, импортыг орлох үйлдвэрлэл буй болгоход чиглэнэ. Тэгж байж импортын хараат байдлаас гарна, валютын савлагаанаас ангижирна. Дотоодын хөрөнгө оруулагч нарын дунд бэлэн төсөлтэй хүмүүс байна, зарим нь ажлаа эхлэе гэж байна. Бид төлөвлөсөн газраа үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа гээд гурван хэсэгт хуваарилна. Хэмжээтэй газар дээр хөрөнгө оруулагчийг нээлт­тэй зах зээлийн өрсөлдөөнөөр шалга­руулна гэлээ.

 

ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

 

Монгол Улсын хэмжээнд 22 боомт үйл ажиллагаа явуулдаг байна. УИХ-аас Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн баталснаар чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлсэн нөхцөлд тодорхой татварын хөнгөлөлт эдлэх болж буй юм. Энэ тухай танилцуулгыг дээрх чуулга уулзалтын үеэр бизнес эрхлэгчдэд танилцуулсан нь чухал мэдээлэл болов.

 

Тухайлбал, худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхний таван жилд чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувь чөлөөлнө.

 

  • Чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхний 10 жилд чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө.
  • Чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх Орлогын албан татварын хөнгөлөлтийг үзүүлнэ.
  • Чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын үйлдвэрлэл байгуулахад 300 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх юм.

 

Чөлөөт бүсэд хөрөнгө оруулахад та бэлэн үү?.

 

Г.ДАРЬ

 

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж