Гаваагийн БАТХҮҮ /1960-2019/
Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурлын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, сайд асан, АН-ын дэд дарга Гаваагийн Батхүү 2019 оны 05 дугаар сарын 17-нд зуурдаар таалал төгслөө.
Гаваагийн Батхүү нь 1960 оны 05 сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Харьков хотын инженер-эдийн засгийн дээд сургууль, докторант, 1999 онд ШУТИС-ийн бизнесийн удирдлагын магистр цол хамгаалжээ.
Г.Батхүү нь төр, нийгмийн зүтгэлтэн байлаа.
Г.Батхүү нь Авто засварын заводын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, тээврийн салбарын бодлого тодорхойлох хэмжээнд хүртэл ажилласан бөгөөд улмаар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдож, Засгийн Газрын гишүүн Дэд бүтцийн хөгжлийн сайд, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, УИХ-ын дэд даргаар томилогдон ажиллаж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хөгжилд тод томруун ул мөрөө үлдээсэн. Түүний санаачилж батлуулсан олон хууль, дүрэм, журам өнөөдөр УИХ, Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Г.Батхүү нь манлайлагчдын нэг байлаа.
Г.Батхүү нь ардчилсан шинэ Үндсэн хуулиар хамгаалагдсан хувийн хэвшлийг бий болгох, хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж үндэсний компанийг үүсгэн байгуулсан нь Монгол Улсын тэргүүлэгч компанийн нэг “Шунхлай” групп болон өргөжөөд байна. Тэрээр эрхэлсэн ажилдаа эзний ёсоор ханддаг байсан бөгөөд олон улсын стандартуудыг нутагшуулах, шинэ техник технологийг нэвтрүүлэх, менежмент, маркетингийн дэвшилтэт хэлбэрүүдийг анхлан нэвтрүүлэгчдийн нэг байлаа.
Г.Батхүү нь олонтойгоо хамт, олныхоо удирдагч нь, олноороо хүрээлүүлсэн хүн байлаа.
Г.Батхүү нь МоАН санаачлага, Ардчилсан залуучуудын холбоо, Монголын баг сумдын үндэсний холбоог үүсгэн байгуулж Монгол-Солонгосын эдийн засгийн форум, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын автомашин мотоциклын спортын холбооны Ерөнхийлөгч, дарга, удирдах байгууллагад удаа дараа сонгогдон ажиллаж иржээ. Тэр найз нөхдийнхөө, хамт олныхоо өмөг түшиг нь, тулгуур багана нь, сайн зөвлөгч, санаа тавигч нь байнга байсан юм.
Г.Батхүү нь Монгол үндэстний өв соёл, Монгол ахуй, уламжлалыг сэргээн дэлгэрүүлэгч, соёлын зүтгэлтэн байлаа.
Г.Батхүү нь нүүдэлчний соёл, ахуйг орчин үеийн хөгжил дэвшилтэй холбох, Монгол малын гарал угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх судалгаа, практикийн олон ажлыг санаачлан эхлүүлж хэрэгжүүлсэн юм. Түүний уясан “Толин хул”-аар өнгөлүүлсэн олон хурдан морьд Монгол түмнээ олон жил баясгаж, наадмын айраг түрүүг олонтаа авч ирсэн билээ. Монгол түмний их баяр цэнгэл наадмыг түүний зохиосон “Толин хул” дуугүйгээр төсөөлшгүй бөгөөд “Сүүтэй зүүдэн”, “Хужирт нутаг” зэрэг олны дуулах дуртай олон дууны үгийг зохиожээ.
Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн бус байгууллагуудын тэргүүн, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэгч Г.Батхүүгийн хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын “Тод манлай” уяач цолоор шагнажээ.
Гэр бүлийнхээ халамжит хань, үр хүүхдийнхээ хайртай аав, ах, анд нөхдийнхөө түшиг тулгуур, халамжлан хүмүүжүүлэгч, амьдралын ноён нуруу болсон хүмүүний бадрангуй гэгээн дүр төрх, үйлс бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэнэ.
Түүний хэлэх дуртай “Эргэж уулзах нүүртэй амьдрах сайхан…” гэдэг үгийг бид сэтгэл зүрхэндээ үүрд тээж явах болно.
“ШУНХЛАЙ ГРУПП”
Холбоотой мэдээ