Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT Expo”-г энэ жил Мобиком Корпораци ивээн тэтгэсэн бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд амжилттай зохион байгуулагдлаа. “ICT EXPO 2015” үзэсгэлэн зохион байгуулагдсан 5 өдрийн турш 30 мянган хүн очиж сонирхсоноороо манай улсад зохион байгуулагдсан хамгийн том үзэсгэлэн болж байгаа юм.
Энэ жилийн ICT EXPO-г мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU) байгуулагдсаны 150 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан нь онцлог байлаа. Уламжлал ёсоор үзэсгэлэнгийн үеэр Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газраас тус салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа байгууллагуудыг “ICT AWARDS” арга хэмжээн дээр шалгаруулдаг билээ. Энэ жил “ICT AWARDS 2015” арга хэмжээний үеэр Мобиком Корпораци “Шилдгийн шилдэг оролцогч”, “Тэргүүний хөрөнгө оруулагч”-аар шалгарлаа. Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй байгууллагынхаа бүх албан хаагчид, инженер техникийн ажилтнууд болон нийт хэрэглэгчдэдээ төлөөлж энэхүү шагналыг авсандаа туйлын баяртай байгаагаа арга хэмжээний үеэр хэлсэн юм.
Шилдэг шинэ санаа, гайхалтай төсөөлөл, гайхамшгийн эх ундарга болсон энэхүү үзэсгэлэнг энэ жил Монгол Улсын харилцаа холбооны салбарын анхдагч бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар болон Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран зохион байгуулсан.
“ICT EXPO 2015” үзэсгэлэн нь Монголын нийгэм, эдийн засгийн нөлөө бүхий манлайлагчдыг хамран, өргөн хүрээнд зохион байгуулагдсанаас гадна, сонирхолтой энтэртейнмент арга хэмжээ, урлагийн тоглолт, мөн бүх насныханд зориулсан сэтгэл хөдөлгөм цахим уралдаан, тэмцээнээр дүүрэн байсан юм. Үзэсгэлэнгийн үеэр янз бүрийн сонирхолтой чуулган уулзалт, хурал, тэмцээн, мөн цаашлаад оддын тоглолт, салбарын мэргэжилтнүүд оролцсон TEDx яриа, цахим спортын тэмцээн, Монгол Улсын мэдээллийн технологийн экосистемийн чиг хандлагыг тодорхойлох гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих Start-Up Weekend зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд болж өнгөрсөн.
Уг үзэсгэлэнд 40 гаруй байгууллага компаниуд оролцож Монгол Улсын өнцөг булан бүрт амьдран суугаа иргэд, айл өрх, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцаа холбооны хэрэглээг илүү хялбар, тааламжтай болгох, мөн бизнесийн холбоо харилцаа, үр дүнг илүү өндөр түвшинд хүргэх мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэн үзүүлсэн юм. Мөн уг үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид Монголд анх удаагаа хамгийн сүүлийн үеийн 4G LTE болон бусад үүрэн холбооны шинэлэг технологийг бодитоор туршиж үзсэн юм.
Мобиком Корпорацийн хувьд “ICT EXPO 2015” арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон нь нэр төрийг хэрэг бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, ОУ-ын Цахилгаан Холбооны Байгууллага болон салбарын бусад хамтран ажиллагч түншүүддээ Монгол улсын түүхэн дэх хамгийн том үзэсгэлэнг зохион байгуулсанд талархлаа илэрхийлмээр байна.
МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК