МАН-ын Хяналтын хороо хуралдаж, намаас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор МАН-ын бүлэг Баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, МАН-ын Хяналтын хорооны шийдвэрийг хэлэлцсэн юм. МАН-ын зарим гишүүдийн хувьд УИХ-ын гишүүний эрхэд халдсан, төрийн ажилд нам оролцлоо хэмээн шүүмжилж, Төрийн ордонд хэсэг бүлгээрээ уулзалт хийсний дараа бүлэг хуралдав.
МАН-ын бүлгийн хуралдаанд МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар оролцож, хорооныхоо шийдвэрийг танилцуулсан байна. Гишүүд асуулт, тодруулга авч, энэхүү шийдвэрээ Хяналтын хороо цуцлах ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлж. Харин Хяналтын хорооны дарга Батбаатар “Хяналтын хорооны шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй, энэхүү шийдвэрийг намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх ёстой” хэмээн тас гүрийж. Энэ нь МАН-ын зарим гишүүдийн дургүйг хүргэж, багагүй маргаан ч дэгдээсэн гэнэ. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд “Намын энэ шийдвэрийг Хяналтын хорооны дарга Д.Батбаатар дангаараа гаргана гэж байхгүй” гэдгээ илэрхийлжээ.
Харин намын даргын хувьд Хяналтын хорооны энэхүү шийдвэрийг огт мэдээгүй байсан, гэхдээ Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын гишүүдийг зөвтгөөгүй гэнэ.
Ийнхүү бүлгийн хурлын дараа МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдсан. Удирдах зөвлөлийн хуралдаан оролцсон гишүүдийн олонх хүлээж авах боломжгүй, Хяналтын хороо шийдвэрээ эргэн харах шаадлагатай хэмээн үзсэн юм.
Ийнхүү Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намын даргадаа намаасаа гарах өргөдлөө өгсөн юм. Гэвч намын дарга У.Хүрэлсүх “Энэ өргөдлийг чинь би хүлээж авахгүй, гэхдээ хадгалж байя. Ш.Раднаасэдээ намаас гарна гэсэн зүйл байхгүй, байж бай” гэсэн хариу өгчээ.
Сануулахад, МАН-ын Хяналтын хороо УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзэн тэдэнд намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг шийдвэрийг тус намын Хяналтын ерөнхий хороо гаргаад байсан юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ