Ботаникийн цэцэрлэг аврал эрэн сарвайж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Ботаникийн цэцэрлэг аврал эрэн сарвайж байна

Ботаникийн цэцэрлэг аврал эрэн сарвайж байна

Болохгүй байна, бүтэхгүй байна хэмээн үеийн үед залуу үеийнхнээ шүүмжилдэг хандлага бараг уламжлал болжээ. Гэтэл яг үнэндээ залууст чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байдгийн дээр тус газрууд нь улам л хумигдсаар байна. Тухайлбал, залуус, өтгөсгүй салхилдаг байсан “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн “хаалгаа бариад” хоёр жил болж байгаа. Тиймээс ховор ургамлыг тарьж ургуулж, удмын санг нь хадгалахын зэрэгцээ, иргэдэд салхилах боломж олгодог байсан тус хүрээлэнг зорилоо.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн”-г тойруулан хашаа татжээ. Бид цэцэрлэгт хүрээлэн рүү орох хаалгыг хайж хүрээлэнг бүтэн тойрсныг дурдъя. Энэ үед цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг тойрон хог хөглөрч, эвгүй үнэр ханхалж байлаа.

АЖИЛ РУУГАА ОРЖ, ГАРАХ ЭРХГҮЙ БОЛООД ХОЁР ЖИЛ БОЛЖ БАЙНА

“Ботаникийн цэцэрлэг”-ийн ерөнхий дендрологич, цэцэрлэгийн дарга Ж.Жавхлантөгс

Ингээд хашааг бүтэн тойрсны эцэст хүрээлэнгийн баруун хэсэгт барьж байгаа барилга дундуур туучин цэцэрлэг рүү оров. Цэцэрлэгийн хашаан дотор хоггүй, харьцангуй цэвэрхэн байв. Гэвч өнгө, өнгөөр алаглах ургамал бүү хэл, урьд нь хүүхдүүд тоглодог байсан тоглоомоос эхлээд нүдэнд торох зүйл нэг ч харагдсангүй. Хаа нэгтээ ногоорч эхэлж байгаа мод л харагдана. Хашааны голд байрлах жижиг цагаан байшингийн хажууд нэгэн хүн сууж байгаа харагдав. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа. Түүнийг Ж.Жавхлантөгс гэх бөгөөд “Ботаникийн цэцэрлэг”-ийн ерөнхий дендрологич, тус хүрээлэнгийн дарга нь юм байна. Тэрбээр “Цэцэрлэгт одоогоор долоон хүн л ажиллаж байна. Бид нар 08.30 цагаас эхлэн хүрз, савар бариад л үлдсэн хэдэн модоо арчилж, үрслүүлэх ажилдаа гардаг юм даа. Барилгын ажлаас болоод тоосжилт ихэсч, ургамал ургаж эхлэх хугацаа өмнөх жилүүдийнхээс оройтох болсон” гэсээр яриагаа эхлүүлсэн юм.

-Цэцэрлэгт хүрээлэнд ямар асуудал үүсээд байна вэ?

-“Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн газраас авч, барилга барих ажил 2012 оны сүүлээс эхэлсэн юм. Удалгүй хүрээлэнгийн хаалган дээр “Монгол-Япон” сургалтын эмнэлэг барьсан бол урдхан хэсэгт нь ерөнхий боловсролын сургууль барьж байгаа. Ингээд явган хүнийг хүрээлэн рүү оруулахгүй, бүр хүрээлэнгийн ажилчид нь орж, гарах эрхгүй болоод хоёр жил болж байна. Хүрээлэнд ажилдаа дуртай цөөн тооны хүмүүс л ажиллаж байгаа. Бид барилгын харуулыг нь хүлээж байж л орж, гардаг болсон. Хүрээлэнгийн газраасаа өгөхгүй гэж бид хэсэг тэмцсэн ч хүч хүрээгүй. Газраа өгсний дараа бидэнд гарц нээж өгөхийг хүссэн. Гэтэл гарц нээж өгнө гээд хоёр жил болж байна.

Бид дур мэдэн гарц хийх юм бол “хувийн өмчид халдлаа” гээд л хажуугийн хүмүүс нь гараад ирнэ. Тиймээс барилгын харуулыг нь  царайчлан гарч, орсоор хоёр жил болж байна даа.

-Барилгыг барьж дуусахыг хүлээгээд л байх уу. Энэ бүхэн хэзээ хэвийн байдалд шилжиж, цэцэрлэгт хүрээлэнгийн хэмжээнд очих вэ?

-Цэцэрлэгт хүрээлэнгийн хэмжээнд хүртлээ өдий байна. Моджуулаад, сайхан болгосны дараа л боломжтой болох байх. Цэцэрлэгт хүрээлэн болгохын тулд гэрэлтүүлэг, “00”, саравч, сүүдрэвч, сандал гээд олон зүйл хийх хэрэгтэй. Ботаникийн цэцэрлэгийг санхүүжүүлэх хөрөнгө бидэнд гаргаж өгдөггүй юм.

“Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн” нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээс өөр. Хүмүүс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” шиг байх ёстой гэж ойлгодог юм билээ. Тийм биш. “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн” нь ховор, ховордсон ургамлыг тарималжуулж, нутагшуулж, цаашлаад хойч үедээ үлдээх зорилготой газар. Дэлхий дээр өдөрт өчнөөн зүйлийн ургамал устаж үгүй болж байгаа. Манай оронд ч ялгаагүй. Тиймээс ховор, устаж үгүй болох эрсдэлтэй ургамлаа энд хадгалж, “музей” болгох учиртай юм. Орчин нөхцөл ийм байгаа ч энд олон судлаачид судалгаагаа хийж, “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн” үйл ажиллагаагаа явуулж л байна. Энэ байдлыг хэвийн байлгахын тулд Засгийн газар “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн”-г дэмжсэн бодлого гаргах хэрэгтэй байна.

БУСАД ОРНЫ ИЙМ ЦЭЦЭРЛЭГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД БАЙДАГ

“Ботаникийн цэ­цэрлэгт хүрээлэн” нь Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнд харьяалагддаг. Тус цэцэрлэгт уг нь эрдэм шинжилгээ, сургалт, гэгээрэл, танин мэ­дэ­хүй, соёл амралтын үйлчилгээ явуулах үүрэгтэй. Барилга барихаас өмнө хүрээлэнгийн баруун хэсэгт иргэд чөлөөтэй орж, гарч болдог байсан. Харин зүүн хэсэгт нь буюу Эрдэм шинжилгээ туршилт судалгааны талбайдаа ховор, ховордсон ургамлыг тарималжуулж, нутаг­шуулж, хамгаалдаг судалгаа шинжилгээний гол төв байрладаг юм.

Цэцэрлэг нийт 39 га газартай байсан ч 2013 онд 17 га-г нь ногоон байгууламжтай нь булаалгажээ. Ингээд 22.9 га-д үйл ажиллагаагаа дөнгөн данган явуулж байгаа нь энэ аж. Тус цэцэрлэгт Монгол орны байгалийн ургамлыг хамгаалах хуулийн хавсралтад багтдаг 70 зүйлийн ургамал, 20-иод төрлийн мод, сөөг ургаж байгаа аж.

Олон улсад ботаникийн цэцэрлэг нь үндэсний ургамал, байгаль хамгааллын онцгой объект гэж явдаг. Алсыг харж, хөгжилд тэмүүлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэхээр зорьж яваа улс орон бүр ботаникийн цэцэрлэгтэй. Дэлхийн аль ч ботаникийн цэцэрлэг улсынхаа тусгай хамгаалалтад байдаг. Тэнд нэгэн эрх мэдэлтний шийдвэрээр дур зоргоороо барилга барих нь байж боломгүй үзэгдэл.

Харин Монголд хагас зуун жилийн түүхтэй ботаникийн цэцэрлэг нь шоовдорлогдож, ад үзэгдсээр байна. Ховор ургамал нь аврал эрэн сарвалзаж байгаа ботаникийн цэцэрлэгээ хамгаалах шаардлагатай байна, Ё.Баатарбилэг сайд аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж