Турк зэвсэглэлээр хөөцөлдөх болов

Хуучирсан мэдээ: 2019.05.20-нд нийтлэгдсэн

Турк зэвсэглэлээр хөөцөлдөх болов

Турк зэвсэглэлээр хөөцөлдөх болов

Турк улс нь ОХУ-тай хамтран “S-500” пуужингийн довтолгооноос хамгаалах системийг үйлдвэрлэх тухай ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бямба гаригт мэдэгдэв.

Түүнчлэн АНУ-ын хүчтэй эсэргүүцлийг үл харгалзан ОХУ-аас “S-400” пуужингийн системийг худалдан авахаа зогсоохгүй гэв. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэлэхдээ “Пуужингийн систем худалдан авах гэрээг үзэглэж хэдийн бэх нь хатсан. Энэ талаар цаашид ярих зүйл байхгүй. ОХУ нь ирэх долдугаар сараас пуужингийн системээ нийлүүлж эхэлнэ” хэмээжээ.

Оросын "S-400" загварын холын тусгалтай пуужингийн систем нь 2007 онд нэвтэрсэн. Байлдааны онгоцнууд, дунд тусгалын далавчит болон баллистик пуужингуудыг устгах зориулалттай энэ систем нь газар дээрх байг ч устгах боломжтой. Мөн 400 км-ийн алс, 30 км-ийн өндөрт байгаа байрлалд хүрэх боломжтой ажээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд ОХУ нь  “S-500” пуужингийн системийн анхны туршилтыг амжилттай хийсэн юм. Туршилтаар шинэ пуужингийн систем нь 481,2 км зайнд байрлах байг амжилттай устгажээ. ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээллээр S-500” пуужингийн системийг 2020 оноос зэвсэглэлд нийлүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Умард Атлантын цэргийн эвслийн (NATO) холбоотон Турк, АНУ-ын харилцаа нь пуужингийн систем худалдан авах гэрээнээс гадна Сири дэх курдын дайчдыг дэмжсэн, 2016 оны Туркийн цэргийн эргэлтийг зохион байгуулсанд буруутгагдаж буй исламын номлогчийг Анкарад шилжүүлэн өгөөгүй зэрэг олон асуудлаас шалтгаалан зөрчилдөх болсон юм. ОХУ-тай пуужингийн систем худалдан авах гэрээ байгуулсныг нь эсэргүүцэн АНУ-аас Турк улсад зарсан  “F-35” байлдааны онгоцнуудаа өнгөрсөн дөрөвдүгээр сард нийлүүлэх ёстой байсан ч хойшлуулсан байна. “F-35” байлдааны онгоц худалдан авах гэрээний дагуу Туркийн цэргийн нисгэгчид АНУ-ын баазад байршин сургуулилт, сургалтад хамрагдаж буй. Турк улс нь АНУ-аас нийтдээ 100 ширхэг байлдааны нисэх онгоц худалдан авахаар ярилцжээ. Харин Туркийн ерөнхийлөгчийн мэдээлснээр АНУ-аас эрт оройгүй “F-35” байлдааны онгоцоо бидэнд нийлүүлэх л болно хэмээн мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ АНУ-аас Турк улсад хадгалуулж буй цөмийн бөмбөгөө эргүүлэн авах хэрэгтэй гэдгийг ажиглагчид зөвлөх болжээ. АНУ-аас “NATO”-гийн гишүүн таван оронд (Бельги, Нидерланд, Герман, Итали, Турк) цөмийн хөтөлбөр хуваалцах гэрээний дагуу цөмийн зэвсгээ байршуулсан аж. Сирийн хилээс холгүй орших Туркийн Инкирлик агаарын баазад АНУ-ын “B61” цөмийн зэвсгийг хадгалдаг байна. Тус баазад 20-80 тооны цөмийн зэвсгийг АНУ-ын цэргийнхний хатуу хяналт дор тусгай кодоор идэвхжүүлэх боломжтойгоор  хадгалагдаж буй аж.  Турк улс нь цэрэг, армийн хүчиндээ жилд 18 тэрбум ам.доллар төсөвлөж, 410,500 цэрэг, 3778 танк, 1020 нисдэг тэрэг болон 13 шумбагч онгоцтой хүчирхэг улс юм. Тус улс нь агаарын хүч болон танк зэргээрээ дэлхийд дээгүүр байр эзэлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж